Б.Гарамгайбаатарыг батлан даалтад гаргажээ

2017-03-7 Мэдээ, мэдээлэл

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбоотойгоор сар шинийн өмнө баривчилж, цагдан хорих 461-р ангид саатуулаад байсан билээ. Харин өчигдөр орой 18.00 цагийн орчимд нийслэлийн Прокуророос санал гаргаж, сэжигтнээр татагдсан Б.Гарамгайбаатарыг суллах эсэхийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болжээ. Энэхүү хурлаар Б.Гарамгайбаатарыг эрүүл мэндийн шалтгааны улмаас суллах саналыг шүүгч Х.Идэрт ирүүлсэн байна. Улмаар шүүх саналыг хэлэлцээд, Б.Гарамгайбаатарыг батлан даалтад гаргасан тухай Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн төлөөлөгч н.Баяржаргал мэдээллээ.

Харин сэжигтнээр татагдсан Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргажээ. Гэхдээ прокурорын саналыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх юм байна.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байна. Харин УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавина хэмээн Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж, “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж буй. Үүнтэй холбогдуулан түүний хүү “Монроуд” компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгаж байгаа юм.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.