Э.Тэмүүжин ДАШТ-нээс мөнгөн медаль хүртлээ

2017-11-3 Спорт

Сүүлийн жилүүдэд манай улсад хурдацтай хөгжиж байгаа бильярдын спортоос Дэлхийн аваргын хос медальтан төрлөө. Энэ бол 18 настай залуу тамирчин Энхболдын Тэмүүжин юм. Тэрбээр ОХУ-ын нийслэл Москва хотод зохион байгуулагдсан “9 бөмбөгт” төрлийн залуучуудын ДАШТ-нд оролцож мөнгөн медаль хүртжээ. Энэ нь бидний хэлж заншснаар пүүл бильярдын төрөл юм.

Өнгөрсөн жилийн ДАШТ-ий 17 хүртэлх насны ангилалд оролцож мөнгөн медаль хүртэж байсан Э.Тэмүүжин энэ жилийн тэмцээнд ангилалаа ахиулж, 19 хүртэлх насны тамирчидтай өрсөлдсөн юм.

Тэрбээр тэмцээний эхний тойргийн тоглолтоо Японы тамирчин Сугаяама Коукитай хийж 9-7 харьцаатай ялалт байгуулсан ч 2-р тойрогт ОХУ-ын тамирчин Горст Федорт 9-3 харьцаатай хожигдож торгуулийн тойрогт өрсөлдөх болжээ.

Улмаар энэ шатанд тэрбээр Японы Танака Тайки(9-8), Аргентины Аяала Лусиано(9-7), Аргентины Гросаус Алексис(9-5) нарыг дараалан буулган авч шөвгийн наймд өрөлдөх эрхтэй болжээ. Энэ шатанд түүнтэй зохион байгуулагч орны тамирчин Игор Трифонов өрсөлдсөн бөгөөд Э.Тэмүүжин 11-8 харьцаатай ялалт байгуулснаар хагас шигшээд шалгарсан байна. Тэгвэл хагас шигшээд түүнтэй Нидерландын тамирчин Ян ван Леруп таарч тоглосон бөгөөд Э.Тэмүүжин тоглолтын санаачилгыг гартаа авч  11-6 харьцаатай буулган авчээ.

Ийнхүү тэрбээр Залуучуудын ДАШТ-ий финалд 2 дахь удаагаа шалгарсан бөгөөд 2 тойрогт ялагдал хүлээж байсан ОХУ-ын тамирчин Горст Федортой финалд өрсөлдөхөөр болсон юм. Гэхдээ уг тоглолтод нутгийн тамирчин илүү сайн байсан бөгөөд 11-3 харьцаатай ялалт байгуулж Дэлхийн аварга болжээ.

Манай тамирчин Э.Тэмүүжиний хувьд ийнхүү Дэлхийн хошой мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр өнгөрсөн жил Хятадын Шанхай хотод болсон Залуучуудын ДАШТ-ээс эхний мөнгөн медалиа хүртэж байсан аж. 

Залуучуудын ДАШТ-ий энэ төрөлд манай улсаас мөн Ц.Тайванбат өрсөлдсөн. Тэрбээр эхний шатанд Аргентины Гросаус Алексист 9-7 харьцаатай хожигдсон бол торгуулийн тойрогт ОХУ-ын Илья Никлееновт мөн 9-4 харьцаатай ялагдал хүлээснээр тэмцээнээ дуусгасан юм.  

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.