2015-2016 онд их, дээд сургууль төгссөн оюутнуудаас судалгаа авч байна

2017-11-2 Мэдээ, мэдээлэл

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-ны хоёр дахь модулийг эхлүүлжээ. Эхлээд төгсөгчдийн мөшгөх судалгааны эхний жилийн суурь судалгааны мэдээллийг  цуглуулах аж. Судалгаанд  2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага төгссөн 5000 төгсөгч хамрагдах юм байна.

Энэхүү судалгааны зорилго нь их, дээд сургууль, коллеж болон техникийн боловсрол, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага төгсөгчдийн ур чадварын хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдалд гарч буй өөрчлөлт, төгсөгчдийн ажилгүйдлийг бууруулахахад чиглэсэн үр ашигтай бодлого боловсруулах юм.

Судалгааны мэдээлэл цуглуулалтыг Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” компани  21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Мэдээлэл цуглуулах үйл явц нь түүвэрт хамрагдсан төгсөгчтэй холбоо тогтоож цаг товлоод, төгсөгчийн байгаа газарт очиж судалгаанд хамруулах зарчмаар явагдаж байгаа аж. Тиймээс 2015-2016 онд их дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага төгсөгчид идэвхтэй оролцохыг уриалж байна.

http://www.sica.mn/survey_graduate2016/ 2015-2016 оны хичээлийн жилд төгссөн төгсөгчид түүвэрт сонгогдсон эсэхээ энэхүү линкээр нэвтэрч регистрийн дугаараа оруулан шалгаж, түүвэрт сонгогдсон тохиолдолд утасны дугаараа үлдээнэ. Тухайн төгсөгч мэдээллээ үлдээсний дараа Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” компанийн судалгааны ажилтан Тантай холбогдох бөгөөд судалгаанд хамрагдсан иргэдэд  урамшуулал дагалдахаар төсөв гаргажээ.

Судалгааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг 70126009, 99029504, 90990928 дугаараас лавлаарай.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.