Дэлхийн энтэй хүмүүн

2017-02-27 Танил биш танил

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр нэгэн эрхэм хүмүүнийг ярилцлагынхаа хойморт урьж ярилцсан юм. Тэрбээр эцэг эхээсээ 14үүлээ өсч торнисон аж. Аав нь тэр үеийн мэргэдээр, шинээр мэндэлсэн хүүгийнхээ хувь төөргийг үзүүлсэнд “Олонд тустай сайн хүн болно” гэж буусан гэдэг. Түүнийг нутгийн олон түмэн Нарванчин гэгээнтний хойд дүр ч гэж ярьдаг юм билээ. 

Энэхүү эрхэм 1974 онд уйгаржин монгол бичгийг бие даан сурсандаа түшиглэн Дорж гуайн “Түвд” хэл сурах бичгийн нэгдүгээр дэвтрийг олж сонирхон судалж эхэлжээ. Тэр үед техникумд хамт сурч байсан найз нөхөддөө “лам” хэмээн хочлуулж, хуучин цагийн ном бичиг дэмий үзэж цагаа барлаа гэж зэмлүүлэх үе ч байсан гэдэг. Техникумаа төгсөөд Усны аж ахуйн яамны хуваариар Борнуурын услалтын системд гидротехникчээр томилогдсон байдаг. Дараа нь Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны 160 мянган га –гийн услалтын системийн дулааны шугамыг тавьж, техникч инженерийн ажлыг хавсарч бригад удирдан ажиллаж байжээ. Тухайн үед тэрбээр дөнгөж 20 гаруйхан настай байсан аж. Өдгөө ч энэхүү услалтын систем Монголдоо хамгийн томд тооцогддог байна. Харин 1980 онд Шашны их сургуульд тэнцэж буян номын замаар эргэлт буцалтгүй орсон байдаг.

Ийнхүү 1988-1991 онуудад Энэтхэг улсын Дхарамсала дахь Түвдийн эмнэлэг зурхайн хүрээлэнд суралцаж байгаад 1990 онд эх орондоо ирж Гандантэгчэнлин хийдийн удирдлагад “Манба Дацан”-г байгуулж уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар өөрийн төлөвлөсөн бодол саналаа айлтгахад бүгдээр сайшаан хүлээн авчээ. Тухайн үед энэхүү салбар уналтын байдалд орсон байсан гэдэгт салбарынхан одоо ч санал нэгтэй байдаг. Харин өдгөө энэхүү хүмүүний оролцоо, идэвх зүтгэлээр тус салбарыг дэлхий нийт сонирхох болж. Ингэж хэлэх үндэслэл буй юм. Учир нь эл хүмүүний тухай баримтат хөрөг кино хийхээр Английн алдарт кино найруулагч Бенжамин Жонс болон түүний кино багийнхан манай улсад ирээд байгаа юм. Кино найруулагч, продюсер Бенжамин Жонс нь 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг “Candy Bar Kid” киногоороо, 2008 онд “HD FEST” наадмын “Шилдэг инээдмийн богино хэмжээний кино” шагналыг “Traffic Warden” киногоороо тус тус хүртсэн байна.

Тэрбээр өөрийн байгуулсан “Манба Дацан”-гаа 1760 онд Монголын III Богд Ишданбийнямын Их Хүрээнд байгуулаад 1938 онд устгагдсан “Бусдад Туслахуй Анагаах Ухааны” Манба дацан” хийдийг уламжлан шинээр 1990 оноос барьж байгуулсан гэж үздэг. Түүний байгуулсан Манба дацан нь “Оточ манрамба” анагаах ухааны их  сургууль, “Манба Дацан эмнэлэг”, “Манба Дацан” эмийн үйлдвэр, ”Шинжээч оточ“ лаборатори, Эмчилгээ сургалтын цогцолбор, Хэвлэл мэдээллийн алба, ”Манла бурханы хүүхдүүд” нийгэмлэг зэрэг салбаруудтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Ийнхүү тэрбээр оргүй хоосон газарт өдгөө Монгол Улсын нүүр царай болсон уламжлалт анагаах ухааны цогц салбарын үр тариаг цэцэглэн хөгжүүлсээр байна.

Энэ их түүхэн замналын эзэн, “Дэлхийн Соён гэгээрүүлэгчид” цуврал уран бүтээлийн гол дүр бол Монгол Улсын хүний гавьяат эмч, Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төв “Манба Дацан”-гийн тэргүүн, Манба Дацан хийдийн Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдорж юм.

Ингээд уншигч авхай танд энэхүү эрхэм хүмүүний ярилцлагыг хүргэж байна.

-Та сайхан хаваржиж байна уу. “Алтан унжлагат”хэмээх тахиа жилийн цагалбар бэлхэн болжээ. Энэ жилийн өнгө төлөв ямар байх талаар яриагаа эхлэх үү?

-Тэгэхээр жаран бүхэн өөр өөрийн гэсэн тодотголтой. Энэ оны тухайд, ХVII жарны “алтан унжлагат” хэмээх гал тахиа жил гарч байна. Шинэ жил гарахад монголчууд нийтээрээ амар амгалантай байхын тухайд бүгд сайхан ерөөж бодох хэрэгтэй. Хүн болгон сайн үйлсийг бодож ерөөвөл түүнийг дагаж олон хүний ерөөл буян, амны хишгээр тухайн жилийн сөрөг муу үр дагаварууд арилан, сайны үр түгэн дэлгэрнэ. Гэхдээ гарч буй тахиа жилд хэд хэдэн анхаарууштай юм байна. Юуны өмнө монголчууд идээ ундаа, хоол хүнсэндээ маш сайн анхаарах хэрэгтэй. Мөн халдварт хижиг өвчнөөс урьдчилан сэргийлэх нигуртай байгаа юм. Энэ бүхэнд л хувь хүн болон эрүүл мэндийн салбарынхан маань анхаарах буй за. Ер нь ирэх жил цог золбоо нь дэлгэрсэн сайхан жил болно.

-Улиран одож буй цаг хугацааг дүгнэж цэгнэдэг нь хүмүүний ёс билээ. Таны бодлоор, “Муу нүүрт” бичин жил Монгол Улсад хэр өр өгөөжтэй байв?

-Өнгөрөгч бичин жил монголчуудын хувьд ээлтэй, буянтай сайхан жил болж өнгөрлөө. Иргэд бичин жилийн зуд аюултай гээд муу ёрлоод байсан. Гэсэн хэдий ч Монгол түмний буян заяагаар тайван сайхан жил улирч байна. Монголчууд өөрсдөө ч хичээж ажиллаа, засал номоо ч сайн хийлгэсэн болов уу. Ямартай ч нэгэн сайхан жил ард хоцорч байна. Ер нь ямар ч жилийн сөрөг үр дагаваруудыг буян ном хийж, засч болдог жамтай. Үүнийг ч бурхадууд айлдсан байдаг. Тиймээс монголчууд цаашдаа аливаа жилийг анх гарахад нь л бэлэг дэмбэрэлээ бодож, зөв сайхан эхлүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн жилийнх нь засал болдог зан үйлүүдийг хийх хэрэгтэй. Жишээ нь орон нутгийнхаа лус савдагийг тахих, газар усныхаа эздийг баярлуулж дээдийн номоор цэнгүүлэх ёстой юм. Ингэж байж л байгалийн хатуу шалгууруудыг эрдэнэт хүмүүний төрлийг олсон бид даван гарч чадахыг бурхадууд айлдсан. Манай монголчууд урьд нь газар усны лус савдагаа аргадаж, цэнгүүлж амьдарсаар ирсэн.

-Сүүлийн жилүүдэд цаг агаарын дулаарал дэлхий нийтийг түгшээх болсон. Тахиа жилийн тухайд, манай цаг агаарын байдалямар байх бол?

-Тахиа жилийн ерөнхий байдал нь хавар, намартаа салхи шуургатай. Зундаа хур бороотой. Тэгэхдээ зарим газраар аянга цахилгаан ихтэй байна. Өөрөөр хэлбэл, иргэд үер усны аюулаас болгоомжлох хэрэгтэй. Харин зарим нутгаар ган гачигтай байх болов уу. Түүнчлэн ирэх өвөл цас ихтэй байх төлөв зурхайн зурлаганд гарсан. Тиймээс л ирж буй жилд хүн бүр засал номоо хийлгэхийн сацуу газар орныхоо лус савдагийг тахиж, хүндэтгэл үзүүлж, тэднээсээ байгаль дэлхий, орон нутгаа ган зудгүй амар амгалантай сайхан байлгахын тухайд зан үйлийг нь хийх хэрэгтэй. Энэ нь лус савдаг даруйдын барцад саадыг гаргахгүй, хорлол үүсгэхгүй байх, хүн байгальд харшлах муу зүйл хийхгүй байх талаас нь аргадаж додомдох хэрэгтэй гэсэн үг.

-Өнгөрч буй “Муу нүүрт” хэмээх бичин жил нялхаст нэлээн хатуухан жил болсон. Наанадаж л, элдэв ханиад томуу дэгдэж, эмнэлгүүд ачаалал ихтэй байсан. Харин ирэх жилийн тухайд?

-Энэ жил хүүхдүүдэд Алтангэрэл, Цагаан шүхэрт, лус савдагийн номыг уншуулвал сайн. Түүнчлэн дээр хэлсэнчлэн халдварт хижиг өвчин дэгдвэл хүүхэд гэлтгүй л хэцүү л дээ. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, зарим эцэг эхчүүд үр хүүхэддээ ном засал уншуулахаа мартдаг тал байна. Үр хүүхэддээ хайртай бол ядаж жилдээ засал номоо уншуулаад сурчих хэрэгтэй. Зүй нь хүүхдийг 0-16 нас хүртэл нь 15 ад хоролж байдаг. Тухайлбал, халдварт өвчнөөр өвчлүүлэх, алив юмнаас унагааж бэртээх, хийморь сүлдийг нь доройтуулах, тэр ч бүү хэл тэр нялх амьтныг ээжийнхээ хөхийг ч хөхөж чадахаа больтол нь шоглож байдаг талтай. Зүй нь эрдэнэт хүний төрөл чинь олон зүйлээс хамааралтай байдаг. Тэгэхээр энэ талаас нь олон зүйлийг учирлан тунгаах хэрэгтэй, залуу эцэг эхчүүд.

-Ирэх зун Ерөнхийлөгчийн сонгууль болно. Цагалбарт ихэс дээдэст ямархуу жил байх төлөвтэй байна вэ?

-Ихэс дээдэс, хүмүүс хоорондоо тэмцэлтэй, бухимдалтай байх талтай боловч алсыг харсан уужуу тайван бодлоор бухимдал үүсгэхгүй байхын тухайд хичээх нь чухал. Эрдэнэт хүмүүний төрлийг олсон хүмүүс бидэнд аливаа зовлонг даван туулах ухаан, мэдлэг, чадвар байдаг. Тэр эрдэм мэдлэгээрээ өөрт болон өрөөл бусдад үүсч байгаа сэтгэлийн бухимдал, болж бүтэхгүй бүхнийг шийдэж байх учиртай.

-Энэ жил ямар жилтэй хүмүүс онцгойлон засал хийлгэх ёстой вэ?

-Энэ жил 9, 21, 33, 45, 57, 69, 81-тэй үхэр жилтнүүдэд гүймиг хэмээх ширүүн гараг эрхэс нөлөөлж байна. Тиймээс үхэр жилтнүүд гүймигийнхээ заслыг уншуулах хэрэгтэй. Мөн Жанаггагдог, Манла, Цэнд-Аюуш, Аюушийн чого уншуулаарай. 13, 25, 37, 49, 61, 73, 85,97  настай хүмүүст жил орж байгаа тул жилийнхээ заслыг сайн хийлгэх шаардлагатай. 13-ны жил дээр хүүхдийн бие махбодод маш их өөрчлөлтүүд орж хямардаг. Тиймээс тэр жилд нь Дашзэвэг наймангэгээн, Загджүсүм, Бумчин, Говийн лха болон Мэнгэний бурханыг нь сайн тахиулж, бусад дагалдах номыг уншуулах хэрэгтэй. Ер нь 13 насны жил орж байгаа хүүхдийн заслыг сайн хийлгэвэл дараа дараачийн амьдрал , ажил үйлс, эрдэм мэдлэгт сайнаар нөлөөлдөг. Мөн туулай жилтэй хүмүүст дүнсэр таарч байгаа тул дүнсэрийн заслаа заавал хийлгээрэй. Мөн Дашзэвэг наймангэгээн, Жанцанзэмүбүнжин номыг уншуулах хэрэгтэй. Огторгуй, шороо, төмөр суудалд суусан хүмүүс заслаа сайн хийлгэх хэрэгтэй. Ялангуяа, төмөрт суусан хүмүүс осол аваар, гэмтэл, мэсэнд өртөх, хагалгаанд орох, хэл аманд өртөх, хулгайд юмаа алдах зэрэг олон муу зүйл дагах тул анхаараарай. Мөн хулгана, морь жилтэй хүмүүст шишид хэмээх жилийн нөлөөлөл байгаа тул Ногоон Дарь-Эх сайн уншуулж, шишидийн заслийг хийлгэх нь зүйтэй.

-Танай Манба Дацан хийдэд эдгээр заслыг хийх үү?

-Манай хийдийн лам хуврагуудаар эдгээр засал номыг хийлгэж болно.

-Та гарч буй тахиа жилийн буян заяаг ард түмэндээ айлдана уу…

-“Алтан унжлагат” хэмээх нэр томъёо жинхэнэ утгаараа монгол түмний минь амьдралд бодит зүйл болон буух болтугай. Тэгэхээр сүсэгтэн олон энэхүү тахиа жилд хураасан хөрөнгө мөнгөө цаашид арвижуулан өсгөх болтугай. Харин төр нь түвшин байж, иргэдийнхээ амьдралд нэмэр болоосой. Сүүлийн жилүүдэд төрийн харалган бодлогоос болж иргэдийн амьдрал хүндэрч байна. Ард түмэн бол татвараа төлөөд, амьдрахын төлөө зүтгэж байна шүү дээ. Зүй нь энгийн иргэд өөрийнхөө хүч чадлаар амьдралаа авч явдаг. Түүнээс тэдэнд зүгээр сууж байхад нь мөнгө олддоггүй юм. Миний судалж явдаг номны дагуу авч үзвэл төрийн  хүн гэдэг чинь шуналаасаа хагацсан, үйлийн үрийг хүлээн зөвшөөрсөн, бодь садваа нар шиг байх ёстой. Бодь садваа нар  амьтны тусыг л хийдэг болохоос гай тарьдаг нүгэлтнүүд байдаггүй юм. Төрд бодь садваагийн сэтгэл явдалтай хүмүүсийг сонгох нь чухал билээ. Буруу сэтгэл явдалтнууд үйлийн үрийг санах нь зүй ёсны хэрэг шүү дээ. Хүн гэгч амьтан ганц насаар амьдардаггүй юм.

-Та үйлийн үр гэдгийг товчхон тайлбарлана уу. Үртэй хүн үрээрээ, үндэстэй мод үндсээрээ үйлийн үрээ төлдөг гэдэг. Их л хатуу санагддаг л даа. Гэхдээ нэгэнт хийсэн үйлийн үрээ хар толгойгоороо даах нь зүйн хэрэг?

-Үйлийн үр гэдэг бол тухайн хүний бие, хэл яриа, сэтгэлээрээ хийсэн үйлдэл бүхний лийн үр дагавар юм. Мэдээж сайхан буянтангууд ойр орчимдоо сайн сайхныг хийж, олон түмнийг өөртөө татаж байдаг. Яг үүнтэй адил муу нүглийн үр дагавар ч эргэн тойрондоо муугаар нөлөөлж байдаг. Энэ бүгд ийм л уялдаа холбоотой байдаг. Тиймээс хүн бүхэн үйлийн үрдээ хяналттай хандах хэрэгтэй. Юм бүхэн учиртай, уялдаа холбоотой байдаг юм шүү.

-Сүүлийн жилүүдэд үндэсний уламжлалт “Цагаан сар”-ын баярын эртний сайхан ёс жаяг алдагдаад байх шиг ажиглагддаг юм. Наад захын жишээ гэхэд л, эрт үед мөнгө барьж золгодог ёсон байгаагүй. Цаашлаад том ууц, үнэтэй дээл хувцас гээд өнгө мөнгөөрөө нэгнээсээ дээр гарах гэсэн тийм нэгэн зүйл бас л байх шиг?

-Бидний хүн болж төрсөн нь өөрөө буяны төрөл юм.Буяны үр дагаварт л Та хүн болж энэ дэлхийд мэндэлсэн. Хүн болж төрөх нь нүглийн үр дагаварт олддоггүй буянаар олддог дээд төрөл юм. Тиймээс нэгэнт буянаар олдсон сайн төрлийг амьд ахуйдаа буян хийж сайжруулах хэрэгтэй. Гэтэл бид буянаар олдсон төрлийг олчихоод, нүгэл хийж амьдраад байх юм. Нэг үгээр хэлбэл, хүн бүр өөрийн олсон төрлөө эрхэмлэж хайрлах учиртай. Тэгэхээр монголчуудын “Цагаан сар”-ын баяр гэдэг чинь хүн төрлөө эргэж санасан, буян хийж болох сар юм. Тиймээс буяны төрлөөр хүн болж төрсөн хүн бүхэн сар шинээр буян л үйлдэх нь чухал юм даа. Тэгээд ч хүний амьдрал бусдын тусаар л бүтдэг, бусдыг тусад буян хийх нь гайхамшигтай сайхан.

-Шинийн 15-нд багтааж ном заслаа уншуулах нь ямар үр дүнтэй байдаг вэ, эсвэл энэ нь билэгдлийн чанартай байдаг юм уу?

-Заавал шинийн 15-нд багтаах ёстой гэсэн хатуу дүрэм байхгүй. 15-н өнгөрсөн ч тухайн жилийнхээ засал номыг хийлгэж болно. Учир нь хэдийгээр эрдэнэт хүний төрлийг олж төрсөн ч нэгэнт гэгээрэлд хүрч бурхны хутгийг олоогүй учраас ертөнцийн олон үйл, үзэгдлүүд хүний амьдралд сайн, муугаар нөлөөлдөг. Тиймээс л хүн жилийнхээ засал номыг зайлшгүй хийлгэх хэрэгтэй байдаг юм. Жишээ нь хүн Сандуй уншууллаа гэж бодоход, энэ ном дотор хэчнээн олон бурхны айлдвар байдаг гэж бодно. Энэ номыг уншуулсаны буян нь зөвхөн энэ төрөлдөө ч бус бүр дараа дараагийн төрөлд чинь ихээхэн буян болдог жамтай. Мөн Манал, Сандуйнжүдийг засалд уншууллаа гэж бодоход, эрдэнэт хүмүүнийхээ төрлийн буяныг хэзээ ч үрэгдэж алга болохооргүй хийчихэж байна гэсэн үг. Номын хүч агуу шүү дээ.

-Цэдор Лхамыг яагаад зөвхөн битүүний өдөр бүх гандан хийдэд уншдаг юм бэ?

-Энэ бурхныг тахих ёсон хэдэн зууны турш монголчуудын Их хөлөгний шашинд дамжиж ирсэн түүхтэй. Лхам бол бурхны шашинг сахидаг маш чухал сахиус юм. Мөн олон эрд хувилгаанаараа амьтны тусыг бүтээж байдаг. Тэр ч утгаараа битүүний шөнө Балдан Лхам 3000 ертөнцийг эргэж, ямар үйл хийж ямар сэтгэлтэй байгааг нь болгоож байдаг. Тиймээс хүн бүхэн битүүний хурлыг даган баясаж, нэр оруулж, Лхам бурхныхаа дүрийг бодож залбирдаг ёстой. Түүнчлэн Лхам бол үйлсийн бурхан юм. Хурал даган баяссан хүн бүхэн шинэ жилийнхээ ажил үйлс, эрүүл мэндийг даатгах хэрэгтэй. Мөн хүн төрлөхүйтэн бүхий л ард түмэн болон зургаан зүйлийн хамаг амьтныг даатгадаг учиртай. Тиймээс дэлхийн аль ч өнцөг буланд суугаа монгол хүн өөрийг нь даатгаж битүүний өдөр бүхий л гандан хийдэд ном хурж байгаа гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Монгол Улс бол Их хөлөгний шашинтай агуу орон. Энэхүү Их хөлөгний шашин нь оюун ухаан, эрдэм мэдлэгийн оройд нь байдаг хамгийн гэгээлэг буюу номын мөн чанар юм.

-Танай хийд сар шинээ хэрхэн гаргадаг вэ?

-Битүүний шөнөөс эхлээд л шинийн 1-ний үүр хүртэл ном хурна даа. Нэг зүйлийг онцлон хэлэхэд, “Манба Дацан” байгуулагдсан цагаасаа хойш буюу 10-н хэдэн жилийн хугацаанд Монгол Улсын морин хуурын чуулгыг бүрэн бүрэлдэхүүнээр нь хийддээ урин залж ирлээ. Бид энэхүү яруу аялгуугаар сүсэгтэн олныхоо бие, сэтгэлийг мялааж, адис жанлав оршоодог уламжлалтай. Энэ жил гуравдугаар сарын 5-ны 10.00 цагаас шинийн 8-ныхаа өдөр Маналын айлдвар айлдах болно. Тиймээс Монголын ард түмэн энэхүү хуралд ирж, дээдийн номыг сонсоосой гэж хүсэж байна. Хүн дээдийн номны утгыг ойлгосон байхад амьдралдаа асар том өөрчлөлтийг хийх ухамсартай болдог. Түүнчлэн энэ өдөр дэлхийн соён гэгээрүүлэгч хүмүүсийн тухай кино хийдэг багийнхан манай дээр ажиллах болно.

-Таны тухай баримтат кино хийхээр Англиас кино багийнхан ирсэн гэж сонссон. Энэ талаар тодруулна уу?

-Английн кино найруулагч, продюсер Бенжамин Жонс миний тухай хөрөг баримтат кино хийх саналыг өнгөрөгч арванхоёрдугаар сард манай улсад айлчлан ирэхдээ санал болгоод явсан. Энэхүү уулзалтаар киногоо хэрхэн хийх талаар ярилцсан. Харин одоо кино багийнхан маань манай хийдэд ирж, ажиллаж байна. Найруулагч Бенжамин Жонсын манай улсад хийх энэхүү баримтат кино нь “Дэлхийн Соён гэгээрүүлэгчид” нэртэй цуврал уран бүтээлийн хэсэг байх юм. Энэ киног бүтээсэнээр монголыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, уламжлалт анагаах ухааныг дэлхийд түгээх том боломж гэж харж байна.

Монгол хүн амныхаа билгээр гэдэг. Шинэ жил гарч байна. Хоёулаа сайхан ерөөлийн үгээр ярилцлагаа өндөрлөе.

Эрхэм цог золбоот Монголчууд та бүхэн ирж буй Гал тахиа жилдээ болон цаг үргэлжид эрүүл энх, эрдэм мэдлэг төгөлдөр, эд агуурсаар элбэг дүүрэн, эрч хүч, цог золбоо нь бадарч эв түнжинг эрхэмлэн, энэрэл, асралаар эгнэгт жаргах болтугай.

-Ярилцсанд баярлалаа, Та сар шинэдээ сайхан шинэлээрэй.

О.СЭЛЭНГЭ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.