Б.Хурц: Ц.Нямдорж гуай С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгаж ирсэн

2017-10-26 Мэдээ, мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц мэдээлэл хийлээ. Түүний хийсэн хурлын гол ухагдахуун нь саяхан тамга, тэмдгээ гардсан Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн талаар хөндөх болсонтой холбоотой байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр “Ц.Нямдорж гуай С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгаж ирсэн. Ямар санаа зорилготойг нь мэдэхгүй. Одоо тэр дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу С.Зоригийн хэргээр ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай заасан байдаг. Ц.Нямдорж гэж хүн энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тараасан. Улс төрийн зорилгоор. Гэхдээ Ц.Нямдорж гуай сайд болохоороо дандаа Тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг.  Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Одоо тэр нь эхэлж байна. Ц.Нямдорж гэж хүн ямар учиртай юм бэ. Тэр Алтанхуяг, Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сайттай. Энэ бүлэглэл Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маш их шахаа хийдэг. Баримтууд нь бий” хэмээсэн юм.

Мөн тэрбээр “С.Зоригийн хэргийн захиалагчийг тодруулахаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Тиймээс эрүүгийн мөрдөн байцаах ажиллагааны хуулиар шалгагдаж байгаа хүнийг олон нийтэд мэдээлэх, хэргийн талаар ил зарлах боломж байхгүй. Ц.Нямдорж өөрөө Эрдэнэт үйлдвэрт шахаа хийдэг болохоороо С.Зоригийн хэрэг, Эрдэнэт гэдэг хоёр асуудлыг хамт яриад байгаа юм. Харин хэргийг нууцын зэрэглэлээс тодорхой хугацааны дараа ил болгоно” гэсэн юм.

Харин ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга н.Бархасбадь “1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг бусдад алагдсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлсэн. Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэрэг нь зохиомол хэрэг байсан тухай бичих боллоо. Монгол Улс өнөөдөр эрхзүйт улс. Нотлох баримтын хүрээнд шийдэгдсэн энэ хэрэг хилс, хэлмэгдүүлсэн хэрэг байна гэж мэдээлж байгааг залруулах хэрэгтэй” хэмээлээ.

Энэ талаарх мэдээллийг доорх линкнээс үзнэ үү.

 

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.