Сэрэмжлүүлэг

2017-02-23 Мэдээ, мэдээлэл

Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор мэдээлэл хийж иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ.

Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэлэхдээ “ Битүүний өдөр томоохон зах худалдааны төвийн ачаалал эрс нэмэгддэг тул иргэд, жолооч нар аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгох, дор бүртээ хувийн зохион байгуулалт хийхийг зөвлөж байна. Мөн Цагдаагийн байгууллагын алба хаагчид баярын өдрүүдээр гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээр болон ХСИС-ын сонсогчидтой хамтран ажиллана” хэмээн мэдээллэсэн бол ГССҮТ-ийн эмч Г.Буян-Арвижих “2016 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн 100,000 гаруй осол, гэмтлийн 16 хувь нь зам тээврийн ослын улмаас үүссэн байна. Өөрөөр хэлбэл жилд 17,000 хүн зам тээврийн осолд өртөж, өдөрт 50 орчим хүн зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртэж байна. мөн осол хэрэг болсоны дараа хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, эдийн засагт ихээр нөлөөлдөг бөгөөд эмчилгээнд багаар бодоход 400,000 цаашлаад таван сая, 10 саяаар үнэлэгдэх хагалгаатай холбоотой зардлууд гардаг. Хайртай дотны хүмүүсээ хажуудаа суулгачихаад хурд хэтрүүлдэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоно гэдэг бол амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж байна гэсэн үг юм” гэлээ.

Иргэд, жолооч нарт дараахи зөвлөмжийг хүргэж байна.

  1. Сар шинийн баяр бол олон онцлогтой баяр юм. Баярын бэлтгэл ажлыг ихээхэн шаарддаг учраас өмнөх өдрүүдэд болон Битүүний өдөр томоохон зах худалдааны төвийн ачаалал эрс нэмэгддэг тул иргэд, жолооч нар аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгох, дор бүртээ хувийн зохион байгуулалт хийхийг зөвлөж байна.
  2. Тухайн жилийн анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлгэшээдэг. Тиймээс Шинийн нэгний өглөө нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийг зорихдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчиж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг. Иймд иргэд тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
  3. Шинийн 2-ны өдрөөс хойш орон нутаг руу чиглэх тээврийн хэрэгслийн ачаалал эрс нэмэгддэг. Иргэд орон нутгийн замд хяналт шалгалт байхгүй хэмээн хөнгөмсөгөөр найдан хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал ихээр бүртгэгддэг. Тухайлбал өнгөрсөн оны баяраар орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь нас хохирсон байна. Иймээс ЗЦА-аас олон улсын болон Улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж  хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн ажиллана.
  4. Баярын өдрүүдийг угтаж иргэд, олон нийтэд цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгөхөөс гадна police.gov.mn, Замын цагдаагийн алба facebook хаягаар тогтмол өгч ажиллана.
  5. Цагдаагийн байгууллагын алба хаагчид баярын өдрүүдээр гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээр болон ХСИС-ын сонсогчидтой хамтран та бүхний амар амгалангийн манаанд ажиллана. Иймд иргэд Та бүхэн зохицуулагчийн дохио, заавар, замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцох, алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

ТА БҮХЭН ОСОЛ, ЗӨРЧИЛГҮЙ САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

 

Чуулган: Байр суурь

2 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.