Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутагт байрлах 92 дугаар цэцэрлэгт бүүрэг байна гэсэн мэдээлэл Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-д иржээ. Уг мэдээллийн дагуу тус төвийн мэргэжилтнүүд цэцэрлэгийн анги, хувцас солих өрөө, угаалтуур орчмоос найман ширхэг бүүрэг цуглуулан лабораторид зүйл тодорхойлох судалгаа хийхэд Ctenocephalides төрлийн Ctenocephalides canis зүйлийн бүүрэг болох нь тогтоогдсон байна.
Энэ төрлийн бүүрэг нь чичүүл, алаг даага зэрэг жижиг мэрэгч амьтанд, гэрийн тэжээвэр амьтдаас нохой, муурт мөн хүнд шимэгчлэн амьдардаг ажээ. Тухайн цэцэрлэгийн доор байрлах хонгил нь мэрэгч амьтан орж гарах нүх үүссэн халуун дулаан орчинтой бөгөөд нохой, муур орогнох тааламжтай нөхцөл бүрдсэн бохир усны болон дулааны шугам сүлжээгээр дамждаг улмаар бүүрэг тархах нөхцөл болсон байна.
Тиймээс ЗӨСҮТ-өөс:
-Хувийн эд зүйлс болон цагаан хэрэглэл, дэр, зөөлөн тоглоом зэргийг сайтар угаах ариутгал хийлгэх;
-Орны матрас, гудас, хөнжил, шалны хивс, хивсэнцэр зэргийг саваагаар сайтар гүвж, наранд тавих;
-Бүх өрөө тасалгааг халдваргүйтгэлийн уусмалаар угааж, цэвэрлэх;
-Бүх ор, зөөлөн буйдан, хивс хивсэнцэрийг тоос сорогчоор соруулж цэвэрлэх;
-Цэцэрлэгийн хонгил, шат, дээврийн хөндийд золбин нохой, муур болон жижиг мэрэгчид дахин орж үүрлэхээс сэргийлэх, гаднах нүх завсар зайг сайтар битүүлэх;
-Дулааны шугамын хэсгийн хана, шаланд гарсан нүх, зай завсрыг битүүлж хуурай байлгах;
-Мэрэгч амьтан болон тэдгээрийн шимэгч болох бөөс, бүүрэгт хазуулсан тохиолдолд харьяа эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.