Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсоноор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан тэдгээрийн хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулах буюу оффшор данстай байх, гадаадад өмчтэй байхыг хориглосон эрх зүйн шинэ зохицуулалт үйлчилж эхлээд байна.
Уг хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт заасны дагуу олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас оффшор бүсэд хамаарах нийт 49 нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг баталгаажуулан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Авлигатай тэмцэх газарт албан ёсоор ирүүллээ.
Жагсаалтад Барбадос улс, Бахамын арлууд, Британийн Виржинийн арлууд, Кайманы арлууд зэрэг нийт 49 нутаг, дэвсгэр багтсан бөгөөд мэдүүлэг гаргагч тэдгээрийн хамаарал бүхий этгээд нь уг оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрт данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан тохиолдолд гурван сарын дотор нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг авч, хөрөнгө, орлогын мэдүүлэгт орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй байна.
Дээрх жагсаалтад багтсан нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор тухайн улсын банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол Авлигатай тэмцэх газарт тухай бүрт бичгээр заавал мэдэгдэх бөгөөд уг хуулийн хэрэгжилтийн талаар тус газраас холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлээд байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.