Хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан айлчлал боллоо

2017-10-6 Мэдээ, мэдээлэл

Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улсын хооронд гамшгаас хамгаалах салбарт тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг сэргээх, хоёр улсын хооронд байгуулсан гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Хамтарсан мэдэгдлийг дараагийн шатанд гаргаж гэрээ болгох яриа, хэлцэл хийх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал БНУУ-ын Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Др. Золтан Горагийн урилгаар 2017 оны 09 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийлээ.

Хошууч генерал Т.Бадрал БНУУ-ын Гамшгаас хамгаалах ерөнхий газрын харьяа Гамшгийн удирдлагын боловсролын төвийн үйл ажиллагаатай танилцсанаар айлчлал эхэлсэн. Тус боловсролын төв нь Хөгжмийн хамтлаг, Гал сөнөөгчдийн музей болон Судалгааны төв гэсэн гурван харьяа нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн тус төв нь иргэдийг элсүүлэн авч, аврагч-гал сөнөөгч, олон улсын аврах багийн бүрэлдэхүүн, сайн дурынхан болон Онцгой байдлын албаны боловсон хүчин болгон сургаж, бэлтгэдэг байна. 2016 онд гэхэд 35 багштайгаар нийт 5269 хүнийг сургаж бэлтгэжээ. Үндсэн таван модулиар 11 сарын хөтөлбөртэйгээр сургалтыг явуулдаг.
БНУУ-ын холбогдох хууль тогтоомжоор 2000-аас дээш хүн амтай хот, суурин газарт Онцгой байдлын албаны нэг ажилтан байхаар хуульчилсан тул мөн тэдгээр ажилтныг энэхүү боловсролын төвд сургаж, бэлтгэдэг байна. Тус улсын хэмжээнд гамшгаас хамгаалах сургалт, боловсролын нийт долоон төв үйл ажиллагаа явуулдаг аж. Боловсролын төвийн харьяа Хөгжмийн хамтлаг 70 жилийн түүхтэй бөгөөд олон улсын томоохон уралдаан, тэмцээнд амжилттай оролцдог нэрд гарсан. 2018 онд Бүгд Найрамдах Франц Улсын Хөгжмийн хамтлагтай хамтарсан тоглолт хийхээр төлөвлөж байгаа гэж танилцуулж байлаа.

Гамшгийн удирдлагын судалгааны төв нь БНУУ-ын Гамшгаас хамгаалах албанд хэрэглэгдэж байгаа бүх техник, тоног төхөөрөмжинд шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг. Тус судалгааны төвийн зөвшөөрөлгүйгээр ямар ч техник, тоног төхөөрөмжийг БНУУ-ын Гамшгаас хамгаалах байгууллагад ашиглахыг хориглодог байна. Энэхүү төвд галын шалтгаан, нөхцлийг дээж хүлээн авснаас хойш 5-6 цагийн дотор тогтоодог бөгөөд мөн зөөврийн лабораторитай.

БНУУ-ын Гамшгаас хамгаалах ерөнхий газрын харьяа Гамшгийн удирдлагын боловсролын төвийг төгсөгч нь Европын Холбооны аль ч улсад ажиллах эрхтэй байдаг учраас сургалтын чанарт анхаарал хандуулан ажиллах чухал байдаг. Мөн багш, сурагчдаа орчин үеийн техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлтэй танилцуулж гадны орнуудад туршлага судлуулдаг байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тус улсын Гамшгаас хамгаалах боловсролын төвийн үйл ажиллагаатай танилцахаас гадна Монгол Улсын Онцгой байдлын албаны алба хаагчдыг тус сургалтын төвд сургах боломжийн талаар удирдлагуудтай нь санал солилцсон. Мөн 100 хувь улсын өмчит БМ Херос компанийн удирдлагатай уулзан, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэртэй хоёр талын хамтын ажиллагааг эхлүүлж, тус компанид үйлдвэрлэж буй евро стандартын галын болон аврах ажиллагааны автомашин, тоног төхөөрөмжийг Монгол Улсын Онцгой байдлын албанд авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

БМ Херос компанийг БНУУ-ын Дотоод хэргийн сайдын тушаалаар 2001 онд байгуулсан бөгөөд тус үйлдвэрийн гол зорилго нь гал унтраах болон онцгой байдлын албаны автомашины үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, багны хяналт зэргийг хариуцдаг.

Энэ жилээс эхлэн эмнэлгийн яаралтай тусламжийн автомашиныг үйлдвэрлэж эхэлсэн байна. Тус үйлдвэр нь дэргэдээ инновацийн төвтэй ба Унгарын гамшгаас хамгаалах албанд хэрэглэгддэг техник, тоног төхөөрөмжийг шинээр зохион бүтээх, шинэчлэн сайжруулах ажлыг хийдэг.
БМ Херос компани одоогоор зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангах үйлдвэрлэл явуулдаг бөгөөд 2021 он хүртэл зөвхөн дотоодын захиалга авсан байна. Евро стандартаар үйлдвэрлэл явуулдаг тул цаашид гадаад улс оронд автомашин экспортлох төлөвлөгөөтэй байгаагаа хэлж байсан. Уулзалтын үеэр тус компанийн удирдлагууд Монгол-Унгарын хамтарсан охин компани байгуулах асуудал нээлттэй байгааг мэдэгдлээ.
БМ Херос компанийн үйл ажиллагаатай танилцсаны дараа хошууч генерал Т.Бадрал БНУУ-ын Гал сөнөөгчдийн музейгээр зочиллоо. Тус музей Европ тивд байгаа бүтэн үзмэртэй цорын ганц музей хэмээн тайлбарлагч нь хэлж байсан. Музей 1954 онд байгуулагдсан. Гал унтраах техник, тоног төхөөрөмжийн анхдагч нь БНУУ юм. Тухайлбал 1820-иод онд Унгарын зохион бүтээгч анх хийн багийг зохион бүтээсэн байна. 1920-иод оны үед хөөсөөр унтраах технологийг Унгарчууд бий болгожээ.

1870-аад оноос Унгарт мэргэжлийн гал сөнөөгчдийг бий болгосон бол гал сөнөөгчдийн олон улсын тэмцээнийг 1890-ээд оноос үүсгэн байгуулсан байдаг.

Тус музейд гал унтраах чиглэлийн олон үзмэрүүд дэлгэгдэн тавьсанаас Унгарын гурван зохион бүтээгчийн зохиож, үйлдвэрлэх эрхийг нь Англи Улс авсан уураар ажиллагч ус цацагч буу нь музейн онцгой үзмэрт тооцогддог байна.
Айлчлалын хоёр дахь өдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал БНУУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Др. Золтан Горатай уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан. Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр байлцлаа.Манай хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл 2001 онд тавигдсан бөгөөд 2005 онд Монгол Улсын гамшгаас хамгаалах байгууллагын удирдлагын урилгаар БНУУ-ын Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга дарга хошууч генерал Татар Аттила тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлан яриа хэлэлцээр хийж, гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах Хамтарсан мэдэгдлийн төслийг ярьж тохиролцсон. Мөн 2005 оны 4 дүгээр сард тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн БНУУ-д хийсэн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд У.Хүрэлсүх орж тус улсад айлчлан улмаар Дотоод хэргийн сайд хатагтай Латферт Моникатай хоёр улсын хооронд гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм. Хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2008 онд БНУУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 39.4 сая форинтын өртөг бүхий Галын шинжилгээний лабораторийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгсөн билээ.
Уулзалтын эхэнд Др. Золтан Гора БНУУ-ын Гамшгаас хамгаалах ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалтын талаар товч танилцуулга хийсэн. БНУУ-ын Гамшгаас хамгаалах ерөнхий газар 2012 оноос шинэ бүтэц, зохион байгууллаттайгаар ажиллаж байгаа бөгөөд Иргэний хамгаалалт, Галаас урьдчилан сэргийлэх, Үйлдвэрлэлийн аюулгүй байдал гэсэн үндсэн 3 чиг үүрэгтэй.
Тус бүр 19 аймаг, нийслэлд Гамшгийн удирдлагын газар, 65 дүүрэгт гамшгийн удирдлагын дүүргийн нэгж, 105 гал унтраах мэргэжлийн анги, 42 гамшгийн удирдлагын анги, 18 гамшгийн удирдлагын төлөөлөгчтэй. Нийт 12 мянган албан хаагч үүрэг гүйцэтгэдэг байна. Мөн эдгээрээс гадна 602 сайн дурын гал сөнөөгчийн анги, 1307 аврах сайн дурын байгууллага үйл ажиллагааг явуулж байна. Тус байгууллагын гол үйл ажиллагаа нь нэн тэргүүнд гамшгийн эрсдэлийг үнэлж, эрсдэлийн үнэлгээн дээр тулгуурлан үйл ажиллагааныхаа төлөвлөлтийг хийдэг байна.
Сайн дурын гал сөнөөгчдийн ангийг дотор нь дөрөв ангилдаг ба зөвхөн нэгдүгээр ангиллын 112 ангийн 46 анги бие дааж гал болон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх эрхтэй. Бусад нь гал унтраах, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцдог байна. Аврах сайн дурын байгуулллагын хувьд нийт 20200 хүнтэй, бүгд тусгай чадвартай (усанд шумбагч, уулчин, эмч, нохой сургагч гэх мэт) энгийн хүмүүсээс бүрддэг.
БНУУ нь олон улсад хот дахь эрэн хайх, аврах ажиллагааг явуулах хүнд түвшний ХУНОР болон ХУСАР багуудтай бөгөөд эдгээр багууд нь 2017 онд НҮБ-ын олон улсын дахин үнэлгээгээр орж, эрхээ баталгаажуулсан байна. ХУНОР баг цэвэр мэргэжлийн аврагч нараас бүрддэг бол, ХУСАР баг сайн дурын бүлгээс бүрддэг аж. Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын хооронд байгуулсан гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Хамтарсан мэдэгдэлийг дараагийн шатанд гаргаж Гэрээ болгох, Монгол Улсын Онцгой байдлын албаны боловсон хүчний болон техник, тоног төхөөрөмжийн чадавхийг дээшлүүлэх талаар санал бодлоо солилцож, эдгээр чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн. Айлчлалын төгсгөлд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал БНУУ-ын Гамшгаас хамгаалах ерөнхий газрын Шуурхай удирдлагын төв болон Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах удирдлагын төвөөр тус тус зочилсноор албан ёсны айлчлал өндөрлөлөө.ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралын Бүгд Найрамдах Унгар Улсын Гамшгаас хамгаалах ерөнхий газарт хийсэн ажлын айлчлал нь хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааг сэргээж, шинэ шатанд гаргасан өндөр ач холбогдолтой айлчлал боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.