Энэ зураг яг л шинэ Ерөнхий сайдын ирэх амьдралыг хүүрнэн өгүүлжээ. Хэн гэгч адтай дамшиг нь ийм юм эвлүүлчихээ вэ…
Тийм ээ, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд ирэх жилүүдэд дэндүү зовлонтой ажиллаж, амьдрах нь өнөөгийн өнгөнөөс тодорхой харагдаж байна. Давын өмнө “60 тэрбумын багийнхан”-аа тайвшруулж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй байдаг. Үнэндээ сөрөг хүчнээр түшиг хийсэн, 65-ын бүлгийнхээ хагас дэмжлэгтэй, намын луухгаруудад ад үзэгдсэн “шоовдор” танхим хэр холыг туулав гэж дээ. Ядаж байхад яр гэгчээр МАН-д иргэн Ц.Элбэгдоржийн нөлөө буурахгүй, шинэ засагт өөрийн хүнээ оруулах гээд байна гэх шив. Үүнээс үүдэн У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэж чадахгүй, МАНАН дунд талцал үүсээд байгаа юм байх. Уг нь шинэ Ерөнхий сайд чуулганы хүндэт индэрээс “Өвлийн цагт сандал, ширээ зөөхгүй” гэдгээ хэлсэн юмсан. Гэвч өгөө авааны авшиг хөөрхий түүнийг тойрсонгүй бололтой.
Цаашлаад ирэх оны нэгдүгээр сард Чингис бондын 500 сая ам.долларыг бэлэн байлгах явдал юм. Гэвч улсын төсөв нь алдагдалтай, ам.долларын нөөцгүй хэвээр байна. Бондын өрийг монгол төгрөгөөр төлдөгсөн бол хүссэнээрээ хэвлээд гаргахсан. Гэвч ам.долларыг яалтай билээ. Тэгэхээр Чингис бондыг төлөхийн тулд харийн орноос бадар гуйх л дүр зураг харагдаж байна. Харин аз болоход Ж.Эрдэнэбатын танхим яаж ОУВС-нд тоогдсон юм. Их мэдэгчдийн амаар эл хөтөлбөрөөс гарвал манайд нэг ам.доллар ч зээлэх улс орон олдохгүй шүү. Гэхдээ ч шинэ Ерөнхий сайд хувь тавилантайгаа эвлэрсэн юм билээ. Өчигдөр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч уулзахдаа “Манай танхим өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны ололт, амжилт бүрийг үргэлжлүүлнэ, үүний нэг нь ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөр юм” гээд л тус сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагардед захидал илгээнэ лээ.
Өнөөдөр манай улсын эдийн засаг 5,3 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үнэндээ энэ үзүүлэлт бол элсэнд хийсэн ус лугаа адил. Зүй нь Хойд Солонгос хориг тавиулж, Австралид үер болсноос үүдэн манай урд хөршид нүүрсний эрэлт нэмэгдсэн учраас бид урагшаа хар алтаа зөөж чадлаа шүү дээ. Гэвч үнэн хэрэгтээ алив улсын эдийн засгийн өсөлтийг тодорхойлохдоо хэдэн аж ахуй нэгж үүд хаалгаа нээв, хэдэн ажлын байр бий болов, нийт бүтээмжийн өсөлт, ажилчдын цалин нэмэгдсэн үү гэх мэт үзүүлэлтээр дүгнэх ёстой. Харин одооны өсөлт бол зөвхөн нүүрсний үнийг дагасан “хөөс” юм. Тэгээд ч бизнесийн орчин тэг зогсолттой л байна. Өнөөдөр 10-15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан компаниуд хаалгаа барьж эхэллээ. Цагтаа “ТОП 100 аж ахуй нэгж”-ид багтаж байсан нөхдүүд хүртэл 9911-тэй дугаараа барьцаалж, 10 сая төгрөгийн зээл авах явдал эрс нэмэгдсэнийг энэ төрлийн үйлчилгээ явуулдаг нэр бүхий эдийн засагч залуу толгой сэгсрэн ярихыг сонслоо. Энэ нь Монгол орны бизнесийн орчин ямар их доройтсоны нэг илрэл биш гэж үү.
Ядаж байхад оодорсон хэдэн дотоодын банкиндаа төр толгойгоо мэдүүлчих нь ээ. Өнөөдөр улс орны эдийн засгийг бодитоор өсгөх чадалтай аж ахуй нэгжүүд 40 орчим хувийн хүүтэй зээл авч байна. Төрийн бодлого тогтворгүйн дээр зээлийн хүүгийн дарамт бизнесийн орчинг тамирдуулж буй нь маргашгүй үнэн. Үүнийг төрийн бодлогоор л засах ёстой. Гэтэл төр сандайлсан хэдэн нөхөр бодлого гаргах завгүй, сандал суудлаа булаацалдаад л нэгнийхээ “хойдохыг уншиж” суух юм.
Одоо тэгээд У.Хүрэлсүх нэгэнт л өнгөрөгч Засгийн газрын ололт бүхий үйл хэргийг залгамжлана гэж ам гарсан болохоор өрийг өрөөр, үйлийг үйлээр нь л хэлтрүүлэх байх даа. Ж.Эрдэнэбатын танхим амьдралын эрхээр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Тухайн үед Монголбанк нэг ч ам.долларын нөөцгүй, гадаадын хөрөнгө оруулагчид дүрвээд явчихсан, өр зээлийн хугацаа хоолойд тулчихсан тийм л хүнд нөхцөлд байлаа шүү дээ. Үнэхээр тус санд манай улс “дагаар ороогүй” бол дампууралаа зарлах байлаа. Нэг үгээр хэлбэл, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээлийг төлж чадахгүй байсан. Хөтөлбөрт хамрагдсан учраас гадны хөрөнгө оруулагчид манай “Хуралдай” бондыг худалдан авч, Хөгжлийн банкны зээлийг төлсөн. Ингэж байж дампуурлаас түр гарсан. Одоо харин У.Хүрэлсүхэд энэ бүхнээс санаа аваад Чингис бондын өрийг зохицуулах л үүрэг ногдлоо доо.
Мөн ойрын хугацаанд амжуулах бас нэг ажил бол ардын багш нарын цалин мөнгөний асуудлыг шийдвэрлэх явдал юм. Орон нутгаас хүрээгээ тэлсэн сэхээтнүүд жилд ганц тохиох баярын өдрөөрөө “Чимээгүй суулт” гэгчийг зарлаад, өнжинө лээ. Багш нарын суулт энэ мэтчилэн өргөжин, олон хоногоор ажил хаявал хүүхдүүдийн боловсрол дашийн шог болно. Юутай ч шинэхэн сайдтан эл асуудалд “Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш, зүй ёсны л шаардлага. Хэрвээ Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг төр хэрэгжүүлж газрын баялгийг нийт ард түмэнд хүртээмжтэй байлгах тогтвортой бодлого гаргаж, хэрэгжүүлэх аваас төсвөөс цалинждаг багш, эмч нарын цалинг үе шатттайгаар нэмэх боломж бий” гэдгийг хэлнэ лээ.
Энэ мэтчилэн У.Хүрэлсүхэд хялгас томж, дээс хийгээд цааш нь олон үйлдэл амжуулдаг “Царцаа шоргоолжны үлгэр”-ийн гол дүрд нэлээд тоглох шаардлагатай болох нь. Ай мөн ч “зовлон” ихтэй Ерөнхий сайдаа.
О.СЭЛЭНГЭ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.