“Цагдааг доромжилсон Б-г 48 цаг саатуулах шийдвэр гаргасан”

2017-10-3 Нийтлэл

Олон нийтийн сүлжээгээр замын цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлж, эсэргүүцсэн гэх иргэний талаарх мэдээллүүд олны анхаарлыг татаж байна. Тухайн иргэнд хуулийн хариуцлага оногдуулсан, оногдуулаагүй гэх эргэлзээтэй мэдээллүүд цацагдаж байгаа учраас Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга А.Цэрэнсодномоос зарим асуултанд хариулт авлаа.

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлж, хэл амаар доромжилсон гэх мэдээлэл, дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа.Тухайн иргэний зөрчилд хуулийн ямар хариуцлага тооцсон бэ?

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангийн уулзвар орчимд 2017 оны 9 дүгээр сарын 21-н өдөр Land cruiser 200 маркийн 1793 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж, замын хөдөлгөөнд оролцсон учир Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хамгаалалтын хэлтсийн цагдаа, зохицуулагч, О автомашиныг зогсоож жолоочийн баримт бичгийг шалгасан. Энэ үед тухайн автомашинд зорчиж явсан Б гэгч иргэн’Төрийн тусгай хамгаалалтын машин зогсоодог хэн бэ чи, ордон орох яаралтай ажилтай байна’ гээд хэл амаар доромжилж, тавьсан шаардлага эсэргүүцсэн гэх зөрчил гаргасан байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгаас тухайн зөрчлийг шалган 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасан ‘төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон” гэх заалтын дагуу 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 250.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас холбогдох баримт, материалыг хянаад иргэн Б-гийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт заасан ‘Олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, танхайрсан үйлдэл байна гэж үзэж” 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож тодорхой хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсэн.

Прокурорын дүгнэлтийг үндэслэн зөрчлийг хэргийг хянан хэлэлцэх хүртэл хугацаанд иргэн Б-г 48 цаг хүртэл хугацаагаар саатуулаад байгаа болно.

-Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт заасан зөрчлийг гаргасан бол ямар шийтгэл оногдуулах ёстой вэ?.

-Дээрх зүйлд хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан байгаа. Үүнийг шүүх шийдвэрлэнэ.

-Тухайн автомашин дуут дохионы тусгай зөвшөөрөл эзэмших эрхгүй байсан гэх мэдээлэл байна. Иргэн Б нь дуут дохио ашиглах эрх бүхий албан тушаалтан мөн байсан уу?.

-Тухайн тээврийн хэрэгсэл нь тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөлтэй байсан. Тухайн зөвшөөрлийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тусгай шаардлага хангасан машинд ашиглахыг зөвшөөрдөг юм. Тиймээс энэ асуудлыг Замын цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэх үүрэгтэй юм. Хэрвээ тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журам зөрчсөн бол хэн ч байсан хуульд заасан хариуцлага хүлээнэ. Прокуророос иргэн Б-д холбогдох Зөрчлийн материалыг хянаж, шийтгэл оногдуулсан шийдвэрийг зөвтгөн, хариуцлага хүлээлгэхээр, шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлээд байна.

Эх сурвалж: prokuror.mn

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.