Зам тээврийн осол зөрчил, санал гомдлыг бууруулан ажиллаж байна

2017-10-2 Мэдээ, мэдээлэл

Нийтийн тээврийн үйлчилгээний 30 хувь, шугаманд ажиллаж буй тээврийн хэрэгслийн 60 гаруй хувийг хариуцан ажилладаг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор  2014 онд байгуулагдсан.

Тус нэгтгэл нь 1,2,3 баазын нийт 365 хөдлөх бүрэлдэхүүн бүхий автобус,троллейбусаар хот дотор болон хот орчмын 34 чиглэлд ажлын өдөр 295 , амралтын өдөр 222  автобусаар иргэдэд үйлчилдэг.  Нийтийн тээвэрт тавигддаг MNS 5012 2011 стандартын шаардлагыг бүрэн хангахад анхаарч  шугаманд ажиллаж байгаа жолооч нарыг цагаан цамц, цэнхэр хантаазаар жигдрүүлэн, суудлын бүрээсийг 7 хоног бүр угаан, тээврийн хэрэгслийг шугаманд гарахад нь дотор гадна талыг нь цэвэрлэж, засвар үйлчилгээг тогтмолжуулан техникийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Хөдөлмөр зохион байгуулалт, сахилга дэг журам, дотоод хяналт, санхүүгийн үргүй зардлыг багасгаснаар   700 –гаад сая төгрөгийн алдагдлыг бууруулсан. Хуримтлагдсан өр төлбөрийг 2 дахин бууруулснаар татвар нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй болсон юм.

Энэ оны эхний найман сарын дүнгээр НТГ-тай байгуулсан гэрээг 91 хувиас дээш хувиар биелүүлснээр бүрэн хангалттай үнэлгээ авч “Нийтийн тээврийн шилдэг байгууллага”-аар шалгарсан. Техник ашиглалтын саатлыг 65 хувиар, үйлчлүүлэгчдийн санал гомдлыг 29 хувь, зам тээврийн осол зөрчлийг 37 хувиар буурууллаа.

Мөн шугам замд саад учруулсан, эвдэрч зогссон тээврийн хэрэгслийн тоог бууруулж нийтийн тээврийн үйлчилгээний соёлыг сайжруулж, аюулгүй баталгаатай тээврийн хэрэгслээр нийслэлийн иргэдийг тав тухтай зорчуулахад анхааран ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.