ИНДИАНА ЖОНС МОНГОЛД

2017-06-29 Тайз, дэлгэцийн урлаг

-Эндрюсын домог-

“ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛ”

Гэгээн Василийн сүм дэх зарим үзмэр сонирхол татдаг. Археологийн тэр олдворууд Оросын шинжлэх ухааны нэгэн бахархал юм. Үлэг гүрвэлийн яс, олдворуудтай хамт “Монгол-Говь-Эндрюс” гэсэн гурван үг байдаг. Эл гурван үг Москвагийн бэлгэдэл болсон Үнэн алдартны сүмд /Монгол-Татаараас ангижирсны дурсгалд зориулан уг сүмийг бүтээжээ/ төдийгүй Нью-Йорк хотын бахархал Америкийн Байгалийн түүхийн музейд ч бас ихэр юм шиг хамтдаа бичигджээ. Энэ тухай ярихсан гэж би боддог.

Эндрюс гэж хэн бэ, чухам яагаад энэ хүний домог үлгэр Монголд бүдэгхэн, дэлхийд тод байдаг вэ? Үүнд хариулахаас өмнө “Чингис хаан”-аас дутуугүй дэлхийд танил монгол нэр бол “говь” гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ нэрийг аугаа их хааны зиндаанд хүргэхэд Эндрюс тусалсан юм. Мэдээж Эндрюсээс олон зууны тэртээд Марко Поло, Плано Карпини, Вильгелм Рубрук гэх мэт домогт жуулчид Төв Азид ирсэн. Гэвч тэд говь цөлөөс “айцгааж” үл ойлгогдох “битүүлэг ертөнц”-ийг тойрсоор байжээ. Оросын аялагч Н.М.Пржевальский 130 жилийн өмнө говь руу анх зориглох хүртэл хүн төрөлхтөн энэ  “айдас”-тайгаа зууралдсаар байв. Хязгааргүй ангамал цөл, аймшигт амьтдын домог нөлөөлж байжээ. Энэ нууц ертөнцийг хожим нь дэлхийн шим мандал, гадаргын тогтолцооны бие даасан бүрдэл төрх хэмээн үзэж, Евразийн хамгийн ерөнхий зураг дээр ч Хималай, Сибирь хоёрын хамт “говь” нэрээр нээн тэмдэглэх болсон юм.
Говь бол оньсого таавар юм. Тэрхүү оньсогыг таах гэж ертөнцийн нөгөө хагасаас том бүрхтэй америк эр Монголд ирлээ. Энэ бол 1921 оны дөрөвдүгээр сар байв. Түүний зорилго нь хүн төрөлхтний үүслийг хайх. Адал явдлын энэ гайхамшигт зорилго, нууцлаг хоосон ертөнц хоёр тулгарлаа. Эцсийн эцэст Рой Чапмэн Эндрюс” хэмээх тэр эр Төв Азийн цөлөөс гар хоосон буцсангүй. Тэр үлэг гүрвэл-лууны яс олжээ. Түүгээр ч зогссонгүй тэдгээр луу өндөглөдөг байжээ. Өндөг, лууны өндөг. Энэ бол шинжлэх ухааны гайхамшигт мэдээ байв. Ийнхүү Америкийн Байгалийн түүхийн музейн экспедиц үлэг гүрвэлийн хэд хэдэн томоохон уурхайг говьд нээлээ. Энэ бүхэн говийн тухай ойлголтыг орвонгоор нь эргүүлсэн юм. Нэр нь бүдгэрч, говь цөл шигээ битүүлэг мөхмөл болсон монголчуудын тухай мэдээлэл тэгэхэд үлэг гүрвэлийн ястай хамт Америкт тээгдэн хүрчээ. Говь- Монгол-үлэг гүрвэл. Мөхөж байгаа ертөнцүүдийн тухай энэ мэдээ цаашид сониуч шинэ байдалд дэвшив.

Төв Азийн нууцыг тайлах сонирхол тэр цагт хүний үүслийн нууцыг нээх түлхүүр болох юм шиг санагдах үе  байжээ. Энэ уудам цөлийн үүсэл тогтол, олон сая жилийн хөгжпийн түүх нь манай гарагийн хамаг шидэт оньсыг хав дарж байх мэт байлаа. Р.Ч.Эндрюсийн удирдсан шинжилгээний анги говийг “Шидэт хязгаар” хэмээн батлах хангалттай мэдээлэлтэй буцжээ. Тэд бас энэ нутгийг “Ертөнцийн төгсгөл” хэмээн нэрлэсэн юм. Энэ экспедиц нь Америкийн Байгалийн түүхийн музейн түүхэн дэх хамгийн нэр хүнд бүхий, хамгийн том, хамгийн амжилттай аялал болж үлджээ. Тэднийг Төв Азийн экспедиц гэж нэрлэдэг байлаа.

АЗИЙН ГҮНД

Эндрюсийн багийн аялагчид Монголын тухай баримтат кино мэдээлэл, гэрэл зургийн баялаг цуглуулгатай буцжээ. Энэ нь XX зууны эхэн үеийн Монгол газрын тухай үнэтэй баримт болон үлдэв. Мөн Төв Азийн экспедицийн цуврал ном бичив. Бээжин дэх ажлын байрандаа эхэлсэн “Төв Азийн шинэ дагуулал” /1932/ номоо Эндрюс АНУ-д очингуутаа хэвлүүлэв. “Таны эрт гарвалтай танилцах нь” /1945/, “Үлэг гүрвэлийн өдрүүд” /1959/, “Азийн тэнгэр дор” /1943/, “Аянчин гэртээ ирдэг” /1947/, “Байгалийн зам”, “Энэ гайхам ертөнц” номууд нь Монголын тухай дурсамжийг агуулсан байдаг. Залуу уншигчдад зориулан “Цөлийн таавар”, “Үлэг гүрвэлийн тухай”, “Халимны тухай”, Ирвэсний оньсого” номууд бичжээ.

Р.Ч.Эндрюс говийн тухай бичсэн нь уншигчдад Төв Азийн тухай хачин гайхалтай төсөөллийг үлдээжээ. Энэ бүхнээс заримыг нь дурдья. “Тэнд домогт хаан Чингис амьдарч байжээ. Тэнд дүрэлзэн асч буй асга толгод /Шггнпд с\\\\ъ/ бий”. Эдгээр үгс үлгэр, домог амилсан ертөнцийн төгсгөлийг хүмүүст хэлж өгчээ. Ингэж говь гэдэг үг сэтгэлд хүрчээ. Үүнээс хойш, дэлхийн хаа нэгтээ цөлийн шингэх наранд ер бусаар улааран үзэгдэх хад асга, цав толгодын гайхамшиг, түүний агшныг Эндрюсийн “-Наттд сМТ^з” гэдэг үгээр зүйрлэн хэлдэг болсон юм.
Надад бол Р.Ч.Эндрюс адал явдлын бэлгэ тэмдэг шиг санагддаг. Тэр 1884 оны нэгдүгээр сард Бэлойт гэдэг хотод төржээ. Байгаль судлаач, жуулчин болохыг хар багаасаа мөрөөдөж, бүр гараг дэлхийг тойрохыг хүсдэг байжээ. Амьтны чихмэл хийхдээ дунд сургуульдаа толгой цохиж, улмаар энэ чадвар нь Америкийн Байгалийн түүхийн музейтэй холбогдох боломж олгов. Гэвч тэр чихмэлтэй “ноцолдох”- оос байгальд илүүтэй шимтэж, шинжилгээний анги удирдах хүсэлд автдаг байлаа. Коллеж төгсөнгүүтээ Америкийн байгалийн  түүхийн музейд захидал бичиж, ажиллах хүсэлт илэрхийлэн улмаар захирал, доктор Бумпусаас царайчилсаар байгаад тэнд үлдэхээр болсон нь “тэнгэрийн умдаг атгасан” хэрэг байв. Тэнд хаалгач гэх зэрэг аар саар юм хийнэ. Гэвч тэр үргэлж баяр хөөртэй ажилдаа ирдэг байлаа. Учир нь музейн гайхамшигт үзмэрүүд дунд залуу хүү өдрийг өнгөрөөдөг болжээ.

Монголын аялал буюу Төв Азийн экспедицийн дараа тэрбээр хувь заяаных нь орон гэр болсон Америкийн Байгалийн түүхийн музейн захирал болжээ. Тэр үхэн үхтэлээ 25 жилийн турш дахин шинжилгээний том анги удирдсангүй. Говьд хийсэн судалгаа нь түүнийг алдрын оргилд хүргэж, бүх насных нь хүслийг хангасан мэт санагдахаар байв. Түүний сүүлчийн гайхамшигт аяллын санаачлагч, удирдагч нь Америкийн Байгалийн түүхийн музейн захирал, Америкийн нэрт эрдэмтэн Х.Ф.Осборн байлаа. Тэрбээр сүүлчийн Төв Азийн экспедицийн дараа Эндрюсэд өөрийн албан тушаалаа шилжүүлсэн юм. Залуу Эндрюс хаалгачаас “дэвшин” халимны чихмэл хийж, улмаар судалгаанд оролцож, шинжилгээний ангид багтах болов. Эндрюс халимны эр эм хосыг анх тодорхойлж, халим төрөлтийг анх харсан азтай судлаач юм. Тэр зарим халимны гэрэл зургийг анх удаа авч чаджээ. “Үлэмж амьтан судлагч” маань аз таарч Бруней, Зүүн Энэтхэгт ажиллалаа.

Филиппиний ойролцоох нэргүй арлуудад малталт хийж байхдаа салхин шувуугаар мэдээ зөөлгөсөн, Номхон далайн аралд зургаан метр догшин хорт могойн довтолгоог давж гарсан, хар салхинд өртсөн, махчин загасны дайралтаас амьд мултарсан зэрэг явдлууд түүнийг амьд домог болгосон юм. Тэрээр гэрийн мухар сахиж суухыг үздэггүй байлаа. Мөнгөгүй болтлоо Суэцийн суваг, Европоор хэрэн тэнээд буцаж ирэнгүүтээ дараагийн аялалд бэлтгэв. Калифорнийн саарал халим түүнийг татаж байв.

АДАЛ УЧРАЛ

Эндрюс олон удаа “үхсэн” хүн. Түүний элдэв адал учрал дагуулсан экспедицүүд үе үе гэр оронд нь муу “мэдээ” авчирдаг байлаа. Солонгосын Яку мөрөнд судалгаа хийж байхад нь түүнийг алагдсан тухай мэдээ ирж, түүхийн музей болон гэр бүлийнхэн нь эмгэнэлд унажээ. Өөрийнхөө “нас барсан” тухай Эндрюс сониноос олж мэддэг байв. Энэ “үхэл”-ээс буцаж ирсний дараа Орос, Скандиновын орнуудаар аяллаа. Арктик руу бөгтөр халимны эрэлд мордсон боловч хүчин мөхөсдөв. Үүний дараа тэр хачин сонирхолтой ертөнцөд тулж ирэв. Урагшлах хэрэгтэй. Тэр гайхамшиг руу дөхөж байлаа. Энэ аяллын үеэр халуун хумхаа өвчнөөр нас барсан “мэдээ” Америкт хүрэв. 1916 оноос Эндрюс Хятадад очиж хачин сонины дунд нэвтэрлээ. Янз бүрийн соёл, янз бүрийн байгаль түүнийг хүрээлж байлаа.
Хөлдөж үхэм хүйтэн, шатаж үхэм халуун ээлжлэн солигдох нь тэсэх аргагүй. Салвиний хөндийд ороход дэлхийн хумхаа өвчний хамгийн хүнд голомт түүнийг нөмрөн авч, хорт “шумуултай” нөхөрлөх” болов. Нум сумтай зэрлэг омгийнхонтой уулзаж тэд цагаан арьстныг хазаж, долоож үзэж байв. Хятадаас Эндрюсийн цуглуулсан шувууд, хөхтөн, мөлхөгчид, загасны төрөл, шавьжнууд Нью-Иоркд шинэ бэлэг боллоо. Дахин Азид буцаж очлоо. Бээжинд байнгын шинжилгээний ангиа буулгаж, хойд зүг, Сибирь, говь руу нэвтрэхийг хичээлээ. Энэ бол Эндрюсийн хувьд гайхамшгийн ирмэгт тулж ирсэн үе байжээ. Манжуур, Хятадаар аялахдаа мориор Сибирьт хүрч үзэв. Азийн гүн дэх битүүлэг хот.

ӨРГӨӨГ ЗОРИВ

Ар халхын амьд Буддатай /Богд хаан/ ч учирч түүнд “Форд” машинууд бэлэглэсэн нь энэ үндэстний хувьд анхны оньсон хөдөлгүүрийн түүх болон үлджээ.
1921 онд анх удаа машинаар, говь туулах аяллыг Эндрюс удирдсан юм. Говийн үдэш, тунгалаг агаар авалцан цуурайлж, хэдэн өртөө тэртээд хулангийн тоос эхэлнэ. Эмзэг, мөнхийн нууц хязгаарт моторын дуу ирэв. Энэ бол Төв Азийн экспедиц байлаа. Экспедицийн гол зорилго нь эхлээд ургамал, амьтан, геологи, экологийн иж бүрэн судалгаа хийж зураглал үйлдэх ёстой. Эндрюс анхны аяллаас сэтгэл дундуур буцав. Говийн дээрэмчидтэй тулалдаж, арай гэж амь мултарсанаас өөр олигтой адал явдалгүй эргэж ирлээ.

… Хоёр жилийн өмнө Варшавын Светокрзаск дахь шилэн хоргыг зааж тайлбарлагч “Танай говиос авч ирсан эдгээр олдвороос айдаг” гэлээ. Би эхлээд гайхаж билээ. Гэтэл палентологийн олдворууд цацраг идэвх агуулдаг гэх цуу ярианд тэр польш эр монголчуудын адил итгэдэг ажээ. Рой Чапмэн Эндрюсийн мөрийг 40 гаруй жилийн дараа польшууд мөшгөсөөр тайлбарлагч авхайн энэ “айдас”-ыг эх орондоо авчирч, дэлхийд гайхуулах болжээ… Светокрзаск гудамжинд ч бас Монгол-Говь-Эндрюс…
Зөвхөн үхэл л Эндрюсийн аяллыг зогсоосон гэж Америкийн нэрт сэтгүүлч М.Трутмэн бичжээ.


1923 онд дахин говь руу хөдөллөө. Энэ удаа жинхэнэ сэтгэл хөдлөл, адал учралыг туулав. Дахиад л дээрэмчид, бас угалз шуурга, олдворууд, зовлон зүдгүүр, цөлийн чөтгөр сүнс… Гол нь Протократопс үлэг гүрвэлийн өндөг оллоо. 100 сая жилийн өмнөх тэнгис далай… Дэлхий гарагийн санаанд оромгүй “баялаг” түүний өмнө ийнхүү дэлгэгдэв. Балар цагийн “үүц”-ийг нээх хувийг бурхан тэнгэр түүнд, түүний нөхдөд олгов. Энэ бол гайхамшгийг нээсэн мөч байв. Өнө эртний амьтдын хамгийн том байршил “хүүрийн” газар, дэлхийд үлэмж араг яс! Ер юу гэхэв…
Америкийн Байгалийн түүхийн музейгээс 1928, 1930 онуудад хоёр удаа Төв Азийн экспедицийг илүү хүчирхэгжүүлэн илгээсэн боловч Улаанбаатарт коммунизм эхэлчихээд боломж олгосонгүй. Тэгсгээд буцжээ.
Эндрюс “хөрөнгөтөн нэр” тул судлагдалгүй орхигджээ. Археологчийг хамгийн ихээр алдаршуулсан нутаг нь ийнхүү түүний тухай огт мэдэхгүй хэвээр хоцорчээ.

Монголд ирэх жуулчдын ихэнх нь говь руу зүтгэдэг. Тэд “ертөнцийн төгсгөл”-ийг мэдэрч, үлэг гүрвэл бэлчиж асан Азийн домогт хязгаарыг үзнэ. Хүмүүс шидэт нутгийн тухай урьд нь сонсчээ. Зэрэглээ, анир чимээгүй…нууцлаг агаад элэгсэг ертөнц аялагчдын өмнөөс хязгаар хярхаггүй дүнсийнэ. Жуулчдыг нэг л домог, адал явдал холбоно. Шуугиант ертөнц, орчин цагийн дэлхийгээс амсхийхээр тэд энэ хоосон “сарны гадарга” руу зорьж ирсэн. Шуугиант ертөнцөд Индиана Жонс хэмээх профессорыг мэднэ. Амь дүйсэн адал явдал, ид шидийн дундуур үзэгчдийн хөөрлийг дагуулан байдаг цуврал киноны гол баатар Индиана Жонс бол Америкийн алдарт археологч Р.Ч.Эндрюс юм. Эндрюсийн адал түүхээс сэдэвлэсэн уг цуврал кино хорвоо дэлхийг донсолгон сая сая үзэгчийг дагуулжээ. Алдарт жүжигчин Харрисон Форд бүрх малгай, дамар хүхээгт гар буу, профессор цол, царай төрх зэргээр Эндрюсийг дууриаж “Индиана Жонс”-ийг бүтээсэн гэдэг. Монголын аяллаас сэдэвтэй “Үлэг гүрвэлийн өндөг ба-Индиана Жонс” нэртэй номыг одоо ч хүмүүс сонирхож, “Эндрюсийн клуб”-үүдэд сонин марзан яриа домгууд үргэлжилсээр…

Г.Бадамсамбуу

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.