Д.Амарбаясгалан: Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилуулах саналыг өнөөдөр Ерөнхийлөгчид мэдүүлсэн

2017-09-27 Нам хөдөлгөөний амьдрал

Хэвлэлийн бага хурал

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Бага хурлын үр дүн хийгээд Ерөнхий сайдын томилох асуудлаар мэдээлэл хийв.

Тэрбээр Бага хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилуулах саналыг өнөөдөр Ерөнхийлөгчид мэдүүлсэн гэв. Мөн Ерөнхий сайдын тухайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байна гэдгийг тодрууллаа.

Тэгэхээр хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдох хүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, зөвшилцсөний дараа УИХ-д хүргэдэг дараалалтай. Харин үүний дараа УИХ шийдвэр гаргаж Ерөнхий сайдыг томилно.

Мөн тэрбээр “Ирэх даваа гаригт Ерөнхий сайдад нэр дэвшсэн хүнийг УИХ-ын чуулганаар оруулж, нэр дэвшүүлнэ. Намын Удирдах зөвлөл дээр Засгийн газрын бүрэлдэхүүнийг ярилцана.  Өөрчлөлт орно. Дэд сайдтай байх уу, давхар дээлтэй сайд байх хэрэгтэй юу. Засгийн газрын гишүүдийн хэдэн хувь нь давхар дээлтэй байх вэ гэдгийг нухацтай ярина. Манай нам ард түмнийхээ хүссэн Засгийн газрын бүтцийг байгуулахын төлөө ажиллана” гэлээ.

Энэхүү хэвлэлийн хурлаар хөндөгдсөн бас нэгэн анхаарал татсан асуудал бол “Танай намын дүрэмд сонгуулиар нэр дэвшигчийнхээ эсрэг ил болон далдуур ажилласан гишүүнийг намаас гарсанд тооцно гэсэн заалт байдаг. Ерөнхий сайдад нэр дэвшээд буй У.Хүрэлсүх Херо-гийн Б.Баатар нарын ярианаас нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан гэдэг нь харагддаг. Өөрөө ч түүнийгээ үгүйсгэхгүй байгаа” гэсэн сэтгүүлчийн асуулт байсан юм.

Харин Д.Амарбаясгалан “Нэгдүгээрт, тэр яриа Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа болсон яриа гэдгийг эх сурвалжууд өөрсдөө нотолж ярьсан байдаг. Хоёрдугаарт, миний авсан мэдээллээр бол хэд хэдэн яриаг жинхэнэ утгаар эвлүүлсэн байсан. Та бүхэн мэргэжлийн хүмүүс өөрсдөө ч тунгааж байгаа биз. Дотор болон гадаа ярьсан шуумтай яриаг эвлүүлсэн гэж Б.Баатар өөрөө ярьсан байна билээ. Би үүнийг ортой, үндэслэлтэй болов уу гэж бодож байгаа. Ер нь намын эсрэг ажилласан гэдгийг яаж нотлох вэ.Жишээ нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Мөнх-Очир гэдэг хүн намаасаа нэр дэвшсэн дэвшигчийн эсрэг ярилцлага өгөөд олон нийтэд ухуулан таниулж байсан. Үүнийг жинхэнэ утгаар нь намынхаа эсрэг ажилласан гэж үздэг. Харин зохиомлоор, гүтгэлгээр намынхаа эсрэг ажилласан гэж хэлэгдэж байгаа хүнийг буруутгах боломж байхгүй” хэмээн тодрууллаа.

Дашрамд өгүүлэхэд МАН-ын IX Бага хурлаар төрийн албанд шилжсэн 11 хүнийг чөлөөлж, нэр бүхий 11 хүнийг шинээр Монгол Ардын Намын Бага хурлын гишүүнээр нөхөн сонгожээ.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.