Д.Хаянхярваа: Намын Бага хурал энэ сарын 25-нд болно

2017-09-15 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хурлын дараа бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Бүлгийн хуралдаанаар намын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлыг гишүүдэд танилцуулсан аж. Мөн цаашид Засгийн газраа байгуулахад яаж ажиллах вэ гэдгээр бүлгийнхээ гишүүдийн байр суурийг сонсох зорилгоор хуралдсан гэв.

Тэрбээр “МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд болно. Бага хурлаар Ерөнхий сайдыг тодруулна. Улмаар намрын чуулганы хамгийн эхний өдөр Ерөнхий сайдыг батлуулж, аравдугаар сарын эхний 10 хоногт багтааж Засгийн газраа бүрдүүлье гэсэн шийдэлд хүрсэн гэдгээ бүлгийнхээ гишүүдэд танилцууллаа. Нийгэмд “МАН-ын бүлэг хоёр хуваагдчихлаа. Ахиж нийлэхээгүй боллоо” гэх мэт сөрөг ойлголт бий болсон. Гэвч МАН-ын бүлэг хагарч хоёр хэсэг болчихоод байгаа юм биш. Ийм зүйл огт байхгүй. Мэдээж бүлгийн гишүүдийн дунд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар саналын зөрүү гарсан. Тухайн үед шийдвэр гаргахад амаргүй байлаа. Цаашдаа МАН-ын бүлгээс гарах шийдвэрүүд дүрмийн дагуу байх болно” гэв.

Ямартай ч намын Бага хурлаар хэлэлцэх асуудлыг эцэслэн тогтоогоогүй байгаа гэнэ. Ирэх долоо хоногт Удирдах зөвлөлөө хуралдуулж Бага хурлаараа хэлэлцэх асуудлаа эцэслэн тохирно гэдгийг бүлгийн дарга энэ үеэр онцлон тодрууллаа. Мөн Бага хурлын өмнө Удирдах зөвлөлийг хуралдуулж, Ерөнхий сайдаар нэр дэвшүүлэх хүний асуудлыг хэлэлцэнэ гэв.

С.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.