-10 тэрбумын хөрөнгө оруулсан бизнес эрхлэгчид хохирч байна-
Авто худалдааны цогцолбор өнгөрөгч оны наймдугаар сарын 24-нөөс эхлэн албан ёсоор ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэвч одоог хүртэл төрийн зүгээс авто машины худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг хааж, нүүлгэж дийлэхгүй байна. Тус цогцолборт 500 гэрээ бүхий 2,000 гаруй иргэн 10 тэрбумын хөрөнгө оруулсан болохыг холбогдох мэргэжилтнүүд тодруулж байна.
Авто захуудыг хотоос гаргах нь зөв, буруу талаар урьдчилсан байдлаар тандалт санал асуулга явагдаж, өнөөдрийн дүнгээр 96.2% нь нүүлгэхийг дэмжсэн. Жишээ нь судалгааны Меркадо агентлаг авто худалдааны төвүүд, захуудыг хотоос нүүлгэж нэгдсэн төвд төвлөрүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн 7 дүүрэгт судалгаа хийсэн байна. Судалгааг үүрэн телефоны хэрэгсэл болон анкет ашиглан , түүврийн аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгаанд хамрагдсан иргэдийн 91% нь Авто худалдааны төвүүдийг хотоос гаргаж нэгдсэн төвд төвлөрүүлэх нь “зөв” гэсэн хариултыг өгчээ.
Мөн хандалт өндөртэй www.zaluu.com вэб сайтаас явуулсан санал асуулгын үр дүнгээр иргэдийн 96,6 % нүүлгэхийг дэмжсэн байна.
Ийм байхад уг ажлыг хурдацтай явуулахгүй байх сонирхол хэнд байна. Үнэхээр төр засаг хэдхэн бүлэглэлийг дийлэхгүй байна уу, эсвэл “хөшигний цаана” хэн нэгэн томоохон албан тушаалтнуудын дөнгө байна уу?
Ямартай ч Авто худалдааны төвүүдийг хотоос нүүлгэх ажлыг улс төрийн томоохон хүчнүүдийн төлөөлөл АН-аар овоглосон Э.Бат-Үүл хотын дарга байхдаа дийлээгүй. Харин МАН-ын хотын дарга С.Батболд цаасан дээр шийдвэртэй алхам үзэглэсэн ч бодит байдал дээр бахь байдгаараа. Төрөөс давсан эрх мэдэлтэй машины хэдэн ченж, хар захын наймаачдыг хэн хамгаалж, өмгөөлөөд хот дотор хог тариулаад байлгаад байна вэ. Манай улс шиг хотынхоо төвд шахуу хөрсний бохирдлын үүр уурхай болсон “хар төмөр”-тэй айлсан суудаг нийслэл хэд билээ. Хөрсний бохирдлын том хүчин зүйл болсон жижиг авто худалдааны төв, захуудыг хотоос нүүлгэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулах энэхүү ажил олон жил яригдаж байгаа боловч ажил хэрэг бололгүй удаж байгааг нийслэлийн иргэд тамираа тасартал хэлж, орилж байхад төрийн эрхийг дамнан барьдаг том намууд ЯАГААД ажил хэрэг болгож чадахгүй байна вэ…
О.Мөрөн
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30410
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.