Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ

2017-01-19 Орхон

Орхон аймаг

Тус аймгийн хэмжээнд нийт 1034 халдварт өвчин бүртгэгджээ. Үүний 25 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна. Эрүүл мэндийн газраас гаргасан судалгаа мэдээллээр 16-30 насны иргэд бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл өндөрт тооцогдож байна.

Үүн дотроо тэмбүү, заг хүйтэн бэлгийн замаар дамжих халдварын 80-90 хувийг эзэлж байна. 2016 онд орон нутгаас 59,9 сая төгрөгийн санхүүжилтийг олгож энэ хүрээнд эрүүл мэндийн газраас 16-40 насны 8600 гаруй иргэдийг бэлгийн замаар дамжих халдварт өвчний илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулан ажиллажээ.

Тодруулбал урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог дээрх насны эмэгтэйчүүд, зорилтот бүлгийн иргэд, их дээд сургуулийн оюутнууд гэсэн гурван ангилалд хуваан зохион байгуулсан байна.

Нэмж мэдээлэхэд тэмбүү, ХДХВ нь эхээс урагт дамжин халдварладаг өвчин. Аймгийн хэмжээнд өнөөгийн байдлаар төрөлхийн тэмбүүтэй төрсөн гурван тохиолдол бүртгэгджээ. Энэ оны тухайд зорилтот бүлгийн иргэд рүү чиглэсэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.