Эрдэнэт хот: САЙХАН ЗАМТАЙ БОЛЧИХВОЛ ГАДНААС ХҮМҮҮС ИРЖ АЖИЛЛАДАГ БОЛОХ БАЙХ

2023-03-31 Орхон

 

Хангал сумын Эрүүл мэндийн төв нь Эрдэнэт хотын Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв /БОЭТ\ рүү эмнэлгийн дараагийн шатны үйлчилгээ авах өвчтөнүүдээ яаралтай зөөх шаардлагатай байдаг. Зам сайжирснаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар дээшлэх юм. Энэ талаар Эрүүл мэндийн төвийн дарга И.Тулгатай ярилцлаа.

Тэрбээр “Хангал сумын Эрүүл мэндийн төв нь Эрдэнэт хоттой асфальтан автозамаар холбогдсоноор яаралтай тусламжийг богино хугацаанд хүргэх боломжтой. Одоо бид шороон замаар 30-40 минут явж ордог. Яаралтай тусламж авах шаардлагатай учир 80 км цагийн хурдтай явдаг ч замдаа хүн төрсөн зэрэг хүндрэл гарч байсан. Тэгэхээр бид шинэ замтай болсноор 15-20 минут яваад БОЭТ-д очих боломжтой болно. Ер нь хар замтай болох гэж байгаад Хангал сумын ард иргэд, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд баяртай, хүлээлттэй байна.

-Олон жил шороон замтай байх хугацаанд осол гэмтэл нэлээд гарсан байдаг. Намайг ажилласнаас хойш хоёр, гурван авто осол гарсан. Мөн машинуудын дугуй буудсанаас машин нь хэд хэд эргэж, хүмүүс нь бэртэж гэмтсэн тохиолдол байдаг. Одоогийн шороон зам чулуу ихтэй учраас дугуй нь хагарсан машинууд зам дагуу олон тааралддаг.

-Хангал сумын иргэд маань сүү цагаан идээ, төмс хүнсний ногоогоо Эрдэнэт рүү оруулж борлуулдаг амьжиргаатай. Зам харгуй сайхан болчихвол боловсруулсан бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүх хүнд нээгдэх байх. Эрүүл мэндийн төвийн хувьд боловсон хүчний дутагдал нэлээдгүй байдаг. Манайх 20 орон тоотой ажиллах ёстой байтал 14 ажилтан ажиллаж, зарим нэг нь хавсарч гүйцэтгээд явж байгаа. Зам муу, хөгжил дэвшил тааруу гээд хүмүүс тогтвор суурьшилтай ажилладаггүй. Сайхан зам тавьснаар Эрдэнэтээс болон гаднаас хүмүүс ирж ажилладаг болох байх” хэмээж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.