Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумд эрчим хүчний нэгдсэн системд холбогдлоо

2017-06-21 Дорноговь

Засгийн газраас өнгөрсөн 27 жилийн турш цахилгааны асуудалтай байсан Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумдыг “Оюу толгой-Цагаан суварга” чиглэлийн 220 кВт-ын хоёр хэлхээт дэд станцыг барих ажлыг “Монголын алт” ХХК хариуцан амжилттай дуусгаж, 2017 оны зургадугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өглөө. “Оюутолгой-Цагаан суварга” чиглэлийн дэд станц ашиглалтад орсноор Мандах, Хатанбулаг сумд байнгын эрчим хүчээр хангагдаж, төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож байгаа юм байна.

 

 

Мандах сумын эрчим хүчний байнгын эх үүсвэрт холбох ёслолын ажиллагааны нээлтэнд УИХ-ын гишүүн  Г.Мөнхцэцэг, Б.Дэлгэрсайхан, Түлш, эрчим хүчний сайд П.Ганхүү, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, “Монголын Алт” ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир, Багануур зүүн бүсийн цахилгаан түгээх станцын дарга Н.Тавинбэх зэрэг удирдах ажилтнууд, сүүлийн дөрвөн сарын турш уг бүтээн байгуулалтыг хийсэн залуус, Мандах сумын  удирдлагууд ард иргэдийн хамт түүхэн үйл явдлын гэрч болон оролцлоо.

Өмнө нь сэргээгдэх эрчим хүчний бага оврын цахилгаан станцыг хоёр ч удаа барьж байршуулан ажиллуулсан боловч, төдийлөн үр дүнд хүрээгүй юм. Мандах сумын ард иргэд 27 жилийн дараа байнгын гэрэл цахилгаантай болж байгаадаа баярлаж, төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд  холбох асуудлыг шийдэж хөгжил дэвшлийн замд нь оруулсан Монгол Улсын Засгийн газар, Түлш, эрчим хүчний яам, ард иргэдийнхээ төлөө хичээнгүйлэн ажилласан УИХ-ын эрхэм гишүүд, бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хариуцан хүлээлгэж өгсөн “Монголын Алт” ХХК, бүтээн байгуулалтанд гар биеэ оролцсон нийт хөдөлмөрч залуусдаа талархсан сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.