Дахин давтагдашгүй ур хийц бүхий угсаатны зүйн үзмэрүүдийг сонирхоорой

2017-02-16 Дорноговь

 

Угсаатны баялаг үзмэрүүдээр шинэчлэгдсэн “Дорнын говийн соёл, түүх, уламжлал” үзэсгэлэн Дорноговь аймагт нээлтээ хийлээ.  Тус үзэсгэлэнд говьчуудын аж байдал, ахуйн соёлыг харуулсан “Угсаатны зүйн танхим”-ын үзмэрүүдийг шинэчлэн, 200 гаруй үзмэрийг шинээр дэлгэн тавьснаас гадна Даланжаргалан сумын Нартын хадны Бургастайн амнаас олдсон XIII-XIV зууны үе буюу Монголын үеийн язгууртан эмэгтэйн хатмал шарил, дагалдуулж тавьсан эд өлгийн зүйлсийг тусдаа танхимд байрлуулжээ.  Сайн ноён хан н.Намнансүрэнгийн хэрэглэж байсан цагаан шүрэн хөөрөг, Дэлгэрэх сумын харъяат Ц.Амаагийн урласан “Ханд-дин-аа” бурханы хөрөг, Өргөн сумын харъяат Доржцэдэнгийн урласан сургүй мөнгөн хазаар болон говьчуудын эдэлж хэрэглэж байсан дахин давтагдашгүй ур хийц бүхий угсаатны зүйн үзмэрүүдийг өөр хаанаас ч үзэх боломжгүй юм.  Мөн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан төрөлх нутгийнхаа түүх, соёлыг хадгалан хамгаалах зорилгоор “Сайншанд” хотын буланг шинээр байгуулсан байна.

Нээлтийн үеэр Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр соёлын өвийг хадгалан хамгаалж, олон нийтэд түгээн дэлгэрэх үйлсэд идэвх зүтгэл гарган ажилласан Музей сургалт, судалгааны төвийн Сан хөмрөгийн эрхлэгч Г.Сарангэрэл, харуул мужаан Я.Батмөнх нарыг Сайншанд сумын Засаг даргын өргөмжлөл, Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр тайлбарлагч, Боловсролын ажилтан Б.Болорчимэг нарыг шагналаа.

 

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.