Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц: Алтан шаргал зам маань өлзийтэй сайн явна, заавал зорилгоо биелүүлэх болно

2021-06-21 Нийгэм

-Төрийн далбаагаа хүндэтгэлтэйгээр нуруундаа залсан цэрэг эр нийслэл рүү ирж явна-

Баатар хайрханаас мордсон монгол цэрэг цас бороо, халуун, хүйтнийг үл ажран эцэхгүй, цуцахгүй, шантрахгүй гүйсээр 17 дахь өдрөө буюу 695 км замыг туулан Баянхонгор аймгийн Байдрагын голд ирээд байхад нь манай сурвалжлах баг саатан золголоо.

Тэрбээр энэ сарын 6-нд баруун хязгаарын түүхт Ховдын хорооноос улсын нийслэлээ зорин хөдөлжээ. Түүний эцсийн зорилго нь улсынхаа баяр наадмаар хан Туулын хөвөө, хаан Богд уулынхаа бэлд аяны дөрөө мулталж, монгол цэргийн сүр жавхааг бадраан төрийн сүлдэндээ ёслох чин хүсэл тээсэн нь энэ юм.

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц их зорилгынхоо өмнө хоёр сарын турш бэлтгэл хийж, 90 кг жингээс 80 болтлоо хасаж, өдгөө гүйж эхэлснээсээ хойш хоёр кг л хассан талаараа хуучилж байсан юм. Одоогийн байдлаар эрүүл мэндэд нь ямар нэгэн асуудал гараагүй сайн байгаа аж. Харин олон хоног гүйгээд хөлийнх нь ул хөндүүртэй ч багийнх нь эмч хурдан шуурхай арга хэмжээ авч байгаа хэмээн хээв нэг инээж зогсох түүнд эцсийн зорилго нь л чухал. Хэдийгээр тэрбээр хатуужил бүхнийг тээж, сайн яваа ч хүрэх газар нь хол, алсын зам нь урт. Тиймээс л зам зуур таарсан хэн бүхэн монгол жудгаа тээн шуурганаар нөмөрлөөд, сайхан угтаад, салхинаар хамгаалаад, хамтдаа арав хорин км газар ч болов хань болж гүйгээд, сэтгэл санааг нь сэвхийтэл өргөөд, халуун наран дор, хайрхадын бараан дор дэм дэмэндээ зүтгээрэй, монголчууд аа…

Ингээд түүний замыг тосч, цөөн хором хөөрөлдсөнөө хүргэж байна.

Монгол цэргийн сүр жавхааг улсдаа төдийгүй дэлхийд дуурсгаж эцэхгүй, цуцахгүй энэ урт замыг туулж яваа эрхэм Танд нийт монгол түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе?

-Баярлалаа, монгол түмэн маань намайг үнэхээр их дэмжиж, сэтгэлийн сайхан үгсээрээ урам зориг хайрлан очсон газар бүхэнд минь тосон авч байгаад чин сэтгэлээсээ баярлаж явна.

Таны ийнхүү гүйж байгаа гол зорилго юу вэ?

-Энэ сарын 2-нд Ховд дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангиасаа Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, ирэх онд болох Ховдын хорооны 100 жилийн ойг ийнхүү 1520 км гүйн сурталчилж, эх түүхээ энэ гүйлтээрээ сануулж, бэлэг барихаар замд гарсан. Энэ хүртэлх хугацаанд алтан шаргал зам маань өлзийтэй, бүх зүйл төлөвлөгөөний дагуу тайван сайхан байна.

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц төрийн далбаагаа хүндэтгэлтэйгээр нуруундаа залж, цэргийн үүргэвчээ мөрөвчлөн Цаст Сутайг арлан, Хар Азаргыг налан, Шаргын уудам говийг туулаад Хантайшир хайрханыг гатлан, Өврийн сайхан хангай нутгийг туучсаар ийнхүү улсынхаа нийслэл рүү монгол цэргийн омогшил, сэтгэлийн хат, зориг, тэвчээр бүхнийг тээсээр ирж явна.

Өглөөнөөс орой хэдэн цаг хүртэл гүйгээд амарч байгаа вэ. Ер нь ямар хуваарийн дагуу гүйж байна.?

-Өнөөдрийн байдлаар 695 км замыг туулахад айхтар ядарч, цуцсан юм алга. Яг цагийн хуваарийн дагуу гүйж, амарч байгаа учраас энэ байдалдаа одоо бүр дасчихсан. Өдрийн гүйлтийг хоёр хувааж, өглөө 06:00-09:30 цагийн хооронд гүйгээд 22-23 км гүйж байна. Харин орой 16.30 цагаас 3-4 цаг гүйгээд амардаг. Энэ хуваарийн дагуу өдөрт 40-45 км гүйж байгаа.

Мэдээж төв зам дагуух маршрутаар гүйж байгаа байх. Мэдээллээ хаана хаана хүргүүлж байгаа вэ?

-Хаана явж байгаа болон хэдэн км гүйсэн талаарх мэдээллээ тусгай апп ашиглан Улсын биеийн тамир спортын хороо болон Ховд аймаг дахь Биеийн тамир спортын газарт интернэттэй газраас хүргүүлж байгаа. Хэрвээ интернэт байхгүй бол тухай бүрт нь мэдээллээ хадгалаад сүлжээ орсон газраас илгээж байна.

Гүйж байх өнгөрсөн хугацаанд ямар нэгэн хэцүү бэрхшээлтэй зүйл тохиолдов уу?

-Бүх зүйл төлөвлөгөөний дагуу хэвийн байна. Ер нь манай Монгол орон зарим улсыг бодвол харьцангуй тайван учраас тийм зүйл тохиолдсонгүй. Бид чинь айх аюулгүй, амар жимэр газар нутагтай азтай хүмүүс шүү дээ. Яахав, цаг агаарын байдлаас болоод хааяа гүйх боломжгүй үе байна. Гэхдээ өнгөрөгч 17 хоног гүйхдээ тэнгэрийн байдал тогтуун үед нэмэлт хугацаанд гүйгээд төлөвлөсөн хоногоосоо хэдэн өдрийн запастай байгаа. Тиймээс ирэх сарын 9-нд нийслэл рүү буюу 22-ын товчоо орчим очиж, хоноглоод 10-нд төв орно гэсэн төлөвлөгөөтэй байна.

 Ярилцсанд баярлалаа, нийслэлийнхээ төв талбайд уулзахын өлзийтэй ерөөл тавъя…

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.