Газар эзэмших эрхийн хугацааг 15 жил болгож сунгалаа

2017-02-6 Нийслэл

Тодруулга

Нийслэлийн газрын албанаас иргэд, аж ахуй нэгжүүдийн газар эзэмших эрхийн хугацааг өнөөг хүртэл таван жилээр сунгаж ирснийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 15 жилээр сунгах захирамж гаргалаа. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн захиргаанаас “ГАЗРЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ талаар тодруулна уу?

-Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь газрын асуудлыг илүү боловсронгуй шийдвэрлэх, иргэд болон Улаанбаатар хотод ашигтай байдлаар зохион байгуулах зорилготой юм. Тухайлбал, Нийслэлийн Газрын албанаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн хугацааг өнөөг хүртэл таван жилаар сунгаж ирснийг 15 жилээр сунгадаг болгох захирамж гаргалаа.

-Иргэдийн газар эзэмших хугацааг яагаад ийм олон жилээр сунгах шийдвэр гаргасан вэ?

-Хэд хэдэн шалтгаан тоочиж болох юм. Тухайлбал, нэг талаас төрийн захиргааны байгууллага нь иргэд, аж ахуй нэгжүүддээ шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх үүрэгтэй. Иргэд яг энэ төрлийн бичиг баримтаас болж, цаг заваа алдах асуудал их байдаг. Яагаад гэвэл Газрын албаны хүнд суртал их байдаг нь бодит үнэн. Өөрөөр хэлбэл, авлигын нэг хэлбэрийг таслан зогсоосон шийдвэр болж чадлаа гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа. Тиймээс энэхүү захирамжийг гаргасан. Нөгөө талаас газар гэдэг бол хөрөнгө оруулалт татах үнэт капитал. Улсын хэмжээнд эдийн засаг хүндхэн байгаа энэ үед амьны орон сууцаа барих гэж буй иргэд, үйлдвэр, оффисоо бүтээн байгуулж буй аж ахуй нэгжүүдийг дэмжих зүй ёсны шаардлага тулгараад байна. Ингэснээр газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах шаардлагатай иргэд аж ахуй нэгжүүдийн хүсэлт, өргөдлийг үндэслэн ямар нэгэн тусгай шаардлага, нөхцөлгүйгээр газар эзэмших эрхийг 15 жилээр сунгаж байна. Зүй нь хотын нутаг дэвсгэр дээр газар эзэмшиж буй иргэд, ААН-үүд газрын гэрчилгээгээ 3-5 жилээр сунгадаг байсан. Газрын тухай хуулинд газрын гэрчилгээ 40 жил хүртэл хугацаатай байдаг. Үүнийг таван жилийн хугацаанд сунгаж ирсэн явдал нь иргэд дахин дахин төрийн байгууллагад хандах, хүнд суртал нэмэгдүүлэх алхам болж байлаа. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж ийм захирамж гаргасан. Нэмж хэлэхэд, ер нь цаашид Улаанбаатар хотод газрын бирж байгуулна. Иргэд өөрийнхөө газрыг хамгийн үнэтэй, нээлттэй зарж борлуулах боломж бүрдэнэ.

-Хөтөлбөрт өөр ямар асуудал тусгагдсан байгаа вэ?

өтөлбөрийн хүрээнд гаргасан бас нэгэн чухал шийдвэр бол орон сууцны талбайд ахиж орон сууц барих, бизнесийн зорилгоор барилга барихыг хориглосон. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хорооллын дундах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай барихаас бусад нөхцөлөөр газар олгохгүй. Энэ нь захирамжийн хүрээнд цаашид орон сууцны талбайг хамгаалах бодлого хэрэгжиж буй юм. Тиймээс цаашид цонх, нарны гэрэл хааж барилга баригдахгүй байх, жил бүр хүүхдийн тоглоомын талбайгаа хамгаалсан иргэд, тус газар барилгын ажлаа эхлүүлэх гэсэн аж ахуйн нэгжүүдийн хоорондох тэмцэлийг ийнхүү энэ захирамжаар зогсоож байгаа юм.

-Цахимаар хэзээнээс эхэлж газар өмчлүүлж эхлэх вэ?

-Цахимаар газар өмчлүүлэх нь нэлээд ажиллагаатай байдаг. Наанадаж л, сансраас авсан зурган дээр ямар нэгэн дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, уул овоо, жалга, голын эх гээд хүн амьдрах бололцоогүй газрууд байгаа учраас энэ асуудлыг цэгцэлснийхээ дараа энэ ажлыг үргэлжлүүлэн хийх болно. Мөн шинэ суурьшлын бүсүүдийг арай өөр байдлаар шийдэж байгаа. Цаашдаа бид гэр хорооллыг тэлэхгүй гэсэн бодлого барьж байгаа үүднээс шинэ суурьшлын бүсүүдийг шугам татсан шулуухан гудамжтай, авто машины замтай, ус хангамж болон цахилгааны асуудлыг шийдсэн хэлбэрээр Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд шийднэ. Одоо энэ дөрвөн уулын дунд буюу хотын төвийн зургаан дүүрэгт дахин хашааны газар олгохгүй. Ийм боломж нөхцөл ч байхгүй.

-Нийслэлийн агаарын бохирдол гамшигийн хэмжээнд хүрч байх шиг байна. Хотын даргын хувьд энэ асуудалд байр сууриа илэрхийлнэ үү. Яг өнөөдрийн байдлаар утаа бууруулахаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Бид боломж нөхцөлөөрөө ажиллаж байна. Одоогийн байдлаар гурван захирамж бүхий тусгай төлөвлөгөө нарийвчлан гаргаад байна. Өнөөдөр энэхүү төлөвлөгөөгөө хотын шуурхайд танилцуулсан. Тиймээс энэ хүрээнд нийслэл, дүүрэг, харьяа байгууллагууд тухайлсан ажил үүргээ сайн хийж гүйцэтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, холбогдох албан газрууд энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өнөөдрийн хуралдаанаар өглөө.

С.Гэрэлсүх


 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.