Үүлэнд нөлөөлж, хуурайшилтыг дарах үүрэг өглөө

2017-05-8 Нийслэл

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7844 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 434 нэгж буюу 5.2 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 2076 үйлдэл бүртгэгдсэн нь 15 нэгж буюу 0.7 хувиар өссөн үзүүлэлтэй байна. “Эргүүл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эргүүлийн 3274 чиглэлд цагдаагийн 4015 алба хаагч, 1000 хэв журмын урамшилт эргүүл хамтран үүрэг гүйцэтгэж, гудамж талбайд үйлдэгдсэн 60 гэмт хэргийг шуурхай илрүүлэн ажилласан. Мөн Батлан хамгаалах их сургуулийн 1000, Хууль Сахиулах Их Сургуулийн 1000 сонсогчийн оролцоотойгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсүүд хамтран “1000 эргүүл” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулснаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 50-60 нэгжээр, орон байрны хулгайн гэмт хэргийн дуудлага 50 хувиар буурсан тоон үзүүлэлттэй байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3200 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 110, зөрчлийн шинжтэй 1423 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1533 ослыг материалжуулан шалгаж байна. “Хүүхэд-зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлага-2017” аяны хүрээнд Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөөний зам, явганы гарцуудад ажиллаж байгаа олон нийтийн 52 цагдааг мэргэжлийн удирдлагаар ханган сургалт зохион байгуулахаас гадна шүгэл, дохиур модоор хангаж гудамж замд үүрэг гүйцэтгэхэд нь ажлын үүрэг, чиглэл өгч ажиллаж байна. Мөн “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах” арга хэмжээний хүрээнд дүүргийн 891 тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хураан авч Татварын хэлтсүүдэд хүлээлгэн өгсөн байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөнийг зохицуулах хорооны дарга, хурандаа Б.Батболд хэллээ.

НОБГ-ын дарга Н.Уламбаяр “Өнгөрсөн 14 хоногт нийслэл хот орчим 2-3 удаагийн бага хэмжээний хур тундас орж, зөөлөн салхи шуургатай байсан. Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор агаарын хэм тогтвортой байх бөгөөд хуурайшилтын эрсдэлийн “Аюултай ” зэрэгт байна. Дөрөвдүгээр сарын 24-ны өдөр Богд уулын Шавартын хоолойн Пинтийн аманд 5.5 га газар ойн түймэр гарсныг Онцгой байдлын байгууллагаас 48, Богд-Хан уулын дархан цаазат газрын захиргаанаас 2, нутгийн иргэн 5 нийт 55 хүн 9 машин техник хэрэгсэлтэйгээр 2 хоног ажиллаж унтраасан. Мөн 26-ны өдөр Нүхтийн аманд 10 га газар ой, хээрийн түймэр гарсныг Онцгой байдлын байгууллагаас 130, Богд-Хан уулын дархан цаазат газрын захиргаанаас 13, Зэвсэгт хүчний 303 дугаар ангиас 27, орон нутгийн 12 иргэн нийт 189 хүн 21 машин техник хэрэгсэлтэйгээр 3 хоног ажиллаж унтраасан” гэж танилцуулав.

“Нийслэлийн хэмжээнд 253 шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 138 шүдний эмнэлэг нь рентген аппарат ашигладаг байна. Хяналт шалгалтаар 65 шүдний эмнэлэг сонгогдож одоогоор 15 шүдний эмнэлгийн 16 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоосноор сард ойролцоогоор 1500-1600 хүнийг цацрагийн үндэслэлгүй шарлагад өртүүлэхээс урьдчилан сэргийлж ажиллалаа. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 102 мэдэгдэл, 52 албан шаардлага, 34 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан. Одоогоор 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хашааг татуулаад байна” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хуурайшилтын энэ цаг үед үүлэнд нөлөөлж бороо оруулах хэрэгтэй байна. Энэ ажлыг Нийслэлийн Онцгой байдлын газар, Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран зохион байгуулах хэрэгтэй” гээд бүх нийтээр мод тарих болон Улаанбаатар марафонд бүх байгууллага албан хаагчдаа идэвхтэй оролцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.​​​​​​​

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.