Чаг… чаг… чаг

2020-11-23 Гэр бүл

Далд амьдрал

Нуусаар ирсэн зовлон

Байрны маань найз аавыгаа харангуут харцаа газар унагана. Хамт тоглож байгаа бидэнд ганц үг хэлэлгүй гэрлүүгээ чавхдана. Цонхон доор нь байх тоглоомын талбай руу зүглэнэ гэж үгүй. Аймгийн төвд байтугай нийслэлийн байруудад ч гоёдох сагсан бөмбөгийн шийд гэрийнх нь ойр байх ч тэнд тоглохоос үргэлж цааргална. Түүний ааваасаа айх айдас бидэнд халдаж огт үг сольж үзээгүй ч дөч эргэм насны туранхай хөх эрээс бүгдээрээ дөлж явдаг байж билээ.

Тэр нуугдаж амжсан бол аавынхаа араас нь ёс юм шиг “Наймдугаар анги төгсөнгүүт аль болох холхон “тээмс” аваад явна аа” гэх. “Тээмс” гэж юу байдгыг нь мэдэхгүй ч түүнийг дэмжиж, бушуухан тийшээгээ яваасай гэж боддог байж билээ. Арай хожуу, бага зэрэг ухаан суусан үедээ найзыгаа ааваасаа харц бууруулдаг болсон шалтгааныг нь сонсч өр эмтэрч билээ. Ялих ялихгүй шалтгаанаар буруутгаж, түүнийг бас охин дүүг нь сандал өргүүлэхээс өгсүүлээд галуун цуваагаар алхуулах зэргээр шийтгэнэ. Юу юугүй зодоод байхгүй ч чимхэх, хатгах бол энүүхэнд байсан гэнэ.  Хамгийн хэцүү шийтгэлийг нь ч хэлж билээ.

Байрны маань айл бүрт гэгээвч үгүй, нар үздэггүй учир зундаа ч сэрүүхэн байх зузаан тоосгон ханатай амбаар байх. Дулааны шугам ороогүй учир тухайлбал манайх, махны хөргүүрийн зорилгоор л тэрхүү амбаарыг ашигладаг байж билээ. Нэг хананаас нөгөө хана хүртэл хааш хаашаа метр жаахан илүүтэй тэрхүү амбаарт найзыг маань сэрүүлэгтэй цаг тавиад оруулна. Шийтгэлүүд нь хүнд хөнгөнөөс хамаараад тодорхой хугацаатай, тэрхүү хугацаагаа сэрүүлгээр тохируулна. Хагас цагаас хоёр цагийн хугацаанд яс царцам хүйтэн амбаарт гэрийнхээ нимгэн хувцастай хоригддог байсныг нь бид мэддэггүй байсан хэрэг.

Хөлбөмбөгийн хаалгач хийх дуртай найз маань цаг болзохдоо минутын нарийвчлалтай хэлнэ. Үдээс өмнө тоглодог, үдээс хойш хичээлдээ явдаг гэх хоёрхон цагтай бид түүнтэй тоглохоор болзсон бол ихэвчлэн хүлээлгэнэ. “Цаг ямар удаан өнгөрдгийг та нар мэдэхгүй л дээ” гээд нусаа татах тэр амбаарт хоригдсон үедээ сэрүүлэгтэй цагных нь секунтын зүүний хөдөлгөөн хүртэл хүлээж тэвчихээргүй удаан байсан гэдэг. Нэг удаа өөрөө зүүг нь эргүүлж, сэрүүлгээ дуугаргасан ч түүнээс болоод суух хугацаагаа нэмүүлсэн удаатай гэдэг. “Үнэхээр л найз маань Төв аймгийн нэг сумд ТМС-д орохоор явж, дахин тааралдаагүй. Хожим сонсох нь ээ, Ховд аймгийн хориход ял эдэлж байгаа гэж дуулдсан.

Сайхан нийгэм байгуулах гэж байгаа болохоор энэ байтугай гэмт хэргүүдийг хүртэл тухайн үедээ нууцалдаг байжээ. Амь нас нь л эрсдэхгүй бол гэр бүлийнхэндээ дээрэлхүүлж,  доромжлуулж байгааг нь ойрын хүрээнийхэн нь огт мэдэхгүй өнгөрнө. Тэд аавынхаа, ах, эгчийнхээ, ханилсан ханийнхаа зодуур, нүдүүр, элдэв доромжлолыг тэвчин, бусдаас нууж юу ч болоогүй мэт алхаж яваа.

Г.Жаргал

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.