Үгүй гэж хэлэх хялбархан арга

2023-05-24 Lifestyle

 

“Би хүнд татгалзаж чаддаггүй юм аа. Хааяадаа үгүй гээд хэлчихвэл хүн гомдоочихсон юм шиг санагдаад, үүндээ их шанална. Тэгээд л эцсийн дүндээ тэр хүнрүүгээ эргэж утасдаад ЗА гэчихдэг юм” гэж ярих хүн олон бий.

Мөн “Бүсгүйчүүд бид хүн гомдоохгүй гэсэндээ, эсвэл бүдүүлэг сэтгэгдэл төрүүлэхээс айсандаа “Үгүй” гэсэн үгийг хэлж чаддаггүй. Таних танихгүй хүн бүрийн гуйлтыг биелүүлж явсаар эцэст нь харахад өөртөө наасан зүйл нэг ч байдаггүй шүү дээ” гэх нь ч олон.

Гэвч үнэндээ татгалзсан хариу хэлэх бидний бодож байгаагаас ч илүү амархан бас энгийн. Хамгийн чухал нь яаж хэлэх аргаа л зөв сонгох хэрэгтэй юм.

1. “Би яг одоо өөр хэд хэдэн чухал зүйл хийж байгаа учраас энэ гуйлтыг чинь биелүүлж чадахгүй нь ээ”

– Танд чөлөөт цаг үнэхээр байхгүй бол шалтаг хэлэх хэрэггүй
– Таныг завгүй байсны төлөө хэн ч буруу тохохгүй

2. “Надад үүнийг хийхэд таатай биш байх болно / Би ийм юманд дургүй”

– Үнэхээр дургүй зүйлээ албан хүчээр хийвэл тэр чинь өөрийгөө дарангуйлж байгаа хэрэг болно шүү дээ
– Таны дургүй зүйлд дуртай хүн байгаа ч юм билүү?

3. “Би энийг хийхэд тохирох хүн гэж өөрийгөө бодохгүй байна. Чи А-гаас асуугаад үзвэл яасан юм?”

– Өөрийн чадлынхаа хэмжээг мэдэж байх нь муу юм биш
– Биелүүлж чадахгүй амлалт өгчихвөл та ч, тэр ч хохирох болно

4. “Надад өөр төлөвлөгөө бий”
– Та заавал өөрийнхөө төлөвлөгөөний талаар тайлагнах ёсгүй гэдгийг санаарай
– Хэнд ч гэсэн ажил гарч болно

5. “Чи өөрөө энэ ажлыг маш сайн хийж чадна гэдэгт би итгэж байна”

– Хүмүүс ихэнхдээ өөрийнхөө чадварт эргэлзсэн үедээ бусдаас тусламж гуйдаг
– Ингэж хэлснээр та тэдэнд алсдаа маш том тус болж буй хэрэг юм

6. “Би хувийн амьдралдаа/өөртөө цаг гаргамаар байна”

– Гэр бүлдээ цаг гаргахыг хүссэнээрээ та ёс зүйгүй ааш гаргаж байгаа хэрэг огт биш
– Хувийнхаа хүсэл сонирхлыг эн тэргүүнд тавих зоригтой бай

7. “Би яг одоо ажилдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй байна”

– Та өөрийнхөө эрч хүчийг ажилдаа зарцуулах бүрэн эрхтэй
– Ажлаас болж зарим нэг найз нөхөд, эсвэл олон нийтийн цугларалтаас татгалзах нь байдаг л зүйл

8. “Би дараа өөр зүйл дээр чинь туслъя”

– Нэг удаа “үгүй” гэж хэлснээр дахин хэзээ ч “тийм” гэсэн хариу өгөхгүй гэсэн үг биш юм
– Хэн нэгэн таниас үнэхээр хэцүү зүйл хүсч байвал зүгээр л татгалзаарай

9. “Би чамайг энийг хийж чадах өөр хүнтэй холбож өгье”

– Хэрэв та энэ удаад тусалж чадахгүй бол, өөр хэн нэгнийг санал болгоорой
– Гэвч үнэхээр тэр гуйлтыг биелүүлж чадах хүнийг холбож өгөхөө мартуузай

10. “Үгүй ээ би хийж чадахгүй нь, уучлаарай”

– “Нялуунаас шулуун нь дээр” гэдэг үгэнд сүсэглэдэг бол та шууд энэ аргыг хэрэглэсэн нь дээр
– Энэ хатуу үгийг ч бас зөөлөн хэлж болдог

Боломж байвал туслалгүй яахав. Хэрэв боломжгүй байвал өөрийгөө хүчлэх хэрэггүй. Учир нь үгүй гэж хэлснээр та хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй, хэний ч өмнө буруутан болохгүй гэдгийг сайн ойлгоорой. Харин ч өөрийгөө хүндэлдэг хүн хэрэгтэй үедээ “үгүй” хэмээн ичиж зоволгүй, эрс шийдэмгий хэлж чаддаг байх хэрэгтэй.

Үгүй гэж хэлэхийн үр дагаврын талаархи айдас бол зүгээр л хий хоосон зүйл юм шүү!

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.