Маргааш ч эхлүүлж болох онлайнаар хийх 10 бизнес санаа

2019-06-18 Бизнес


Орчин үеийн технологийн дэвшил ажил хэрэгч хүн бүрийг дэлхийн аль ч өнцөг булан бүрд ажил хэргээ гүйцэтгэн явуулах таатай боломжийг олгосон. Өнөө үед ихэнх компани, байгууллага интернет орчинд ажлаа гүйцэтгэж ихээхэн зардал хэмнэж байна. Мөн бизнес эрхлэгчид, ажил хэрэгч хэн бүхэнд цаг хугацаа хэмнэх, илүү их боломжийг харах гээд олон давуу тал байх нь ойлгомжтой. Өөрийн гэсэн онлайн бизнесээ эхлүүлэн гэдэг давуу талаа гаргаж сүлжээгээ өргөжүүлж буй хэрэг юм.

Энэ удаа өнөө маргааш ч эхэлж болох 10 бизнесийн санааг танилцуулж байна.

SEO зөвлөх:

Хайлтын системийн оролт, гаралтын ойлголт, Google Analytics ашиглах чадвар зэрэг танд бий юу? Жижиг дунд маш олон компаниуд хайлтын системийн оновчлол буюу SEO-ийн талаар бараг ойлголтгүйн дээр түүний бизнест үзүүлэх үр нөлөөг дутуу үнэлдэг. Тиймээс хэрэв та бизнесээ өргөжүүлэхийг хүсвэл вэб хуудсаа SEO орчинд тохируулах шаардлагатай. Компанийн мэргэжилтэндээ аналитик тоо баримтыг тайлж унших, түүнийг зөв хэрэглэхийг зааж сургах нь үр ашгийг нэмэгдүүлэх нэг арга зам юм.

Бизнесийн зөвлөх үйлчилгээ:

Хэрэв та бизнес эрхлэх арвин туршлага, мэдлэгтэй бол бусдын бизнесийг хөгжүүлэх, амжилтад хүргэхэд нь яагаад тусалж болохгүй гэж? Олж авсан туршлагаа бусадтай хуваалцаж бизнесийн гараагаа амжилттай эхлүүлэхэд нь тус болж болох юм. LinkedIn гэх мэт бизнес талбарын талаар өгүүлэл бичих боломжтой.

Жижиглэн худалдаа:

Жижиг тоглоомын байшин, гэр аргаар хийсэн нохойнд зориулсан органик хоол гээд юу ч байсан хүмүүс юм болгоныг сонирхож байдаг. Тиймээс өнөө үед хэрэглэгчийн бүхий л хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс онлайн дэлгүүр нээж болно. Ингэхийн тулд цахим худалдааны програм хангамж бүхий вэб хостинг үйлчилгээ нээж тогтсон цагийн хуваариас үл хамааран бизнесээ хөгжүүлэх боломжтой болно.

Бараагаа нийлүүлэхийн тулд хэрэглэгчдэд өөрийн биеэр бараа бүтээгдэхүүнээ хүргэх ч боломжтой бөгөөд олон зүйлд анхаарлаа сарниулахгүй юм.

Нийгмийн сүлжээний зөвлөгч:

Томоохон компаниуд өөрсдийн нийгмийн сүлжээний хуудсууд болох Facebook, Twitter зэргийг хөтлөн явуулах хүнийг хөлслөн авдаг. Харин жижиг компани, бизнесийн хувьд хүнийг хөлслөхгүйгээр ихэвчлэн өөрсдийнхөөрөө хөтөлж маркетингаа явуулдаг. Үүрэг хариуцлага хүлээхийн хажуугаар бизнес эрхлэгчид цаг зав муутай байдгаас нийгмийн сүлжээний ач холбогдлын талаар ойлголт тэр болгон байдаггүй. Хэрэв танд нийгмийн сүлжээг хэрхэн ашиглах талаар мэдлэгтэй бол компаниудад стратегиа оновчтой тодорхойлж үр ашигтай ажиллахад нь нэмэр болж болох юм. Танаар үйлчлүүлэх хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдсэнээр таны хувийн жижиг бизнес өсөн дэвжих юм.

Вэб дизайн:

Ядмаг дизайнтай хийгдсэн вэб хуудаснаас өөр муу зүйл гэж юу байх билээ. Муухан хийсэн вэб хуудас үйлчлэгчийн сонирхлыг татаж ашиг олно гэвэл санасны гарз. Гипер бичвэрт тэмдэглэгээт хэл буюу HTML-ийг ашигладаг, дизайны нүдтэй хүн ямар ч вэб хуудсыг сэтгэл татам болгож ашиглахад хялбар болгож чаддаг. Тиймээс танд ийм чадвар байгаа бол үүнийгээ бизнес болгон туршаад үзэхэд гэмгүй.

Туслах менежер зохицуулалтын менежер:

Удирдан зохион байгуулах хосгүй авьяас, аливаа даалгаврыг шуурхай чанартай гүйцэтгэх чадвар танд заяасан юм биш биз? Эдгээр чадварууд онлайн туслах менежер эсвэл удирдан гүйцэтгэх менежерийн албанд хамгийн их тохирдог. TaskRabbit, Zirtual зэрэг компаниуд дээрх албан тушаалыг санал болгодог бөгөөд үүнд өгөгдлийн шинжээч, виртуал туслах, орлон гүйцэтгэгч мөн багтдаг байна.

Хөндлөнгийн маркетинг сурталчилгаа:

Хэрэв та Амазон гэх мэт томоохон компанийн вэб хуудсанд хэрэглэгчийн сэтгэгдэл үлдээх зуршилтай бол онооноос эхлээд үүнийгээ хөлс мөнгөгүй хийдгээ болих хэрэгтэй. Ам дамжсан сурталчилгаа бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх хамгийн хүчирхэг зэвсэг хэвээр байгаа билээ. Мөн олон тооны бизнесийн байгууллага өөрсдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлахын тулд хувь хүмүүстэй хамтрах сонирхолтой байдаг. Танд хэрэв олон дагагчтай вэб хуудас байдаг бол хөндлөнгийн маркетинг сурталчилгаагаар мөнгө олоход бүүр амархан байх болно.

Компьютер засвар үйлчилгээ:

Олонх компани мэдээлэл технологийн инженер хөлслөн авч ажиллуулах санхүүгийн боломж хомс байдаг. Тэдний компьютерт ямар нэг асуудал гарахад компьютерийн мэдлэгтэй, компьютер оролддог нөхдөө дуудаж асуудлыг шийддэг. Танд ийм туршлага мэдлэг байдаг бол тэр хүмүүсийг дуудаж мөнгө зарах хэрэг байхгүй шүү дээ.

Гар урлал:

Etsy болон ArtFire зэрэг онлайн сайтууд нь гар урлалын бүтээл, эсгий хөнжил, өвөрмөц загвартай шилэн эдлэл гэх мэт чанар сайтай гар хийцийн эд зүйлсийг нийтэд сурталчлан борлуулдаг талбар юм. Гар урлаачдын бүтээлийг ямар нэг дамжлагагүй авдаг бол бизнесийн гараагаа маш хямд зардлаар ч эхлүүлж болно. Борлуулалтын эргэлт хурдан байх тусам ашиг олох магадлал төдий чинээ өндөр байна.

Апп хөгжүүлэгч:

Гар утасны аппликешн хэдийд ч хэрэглэгчээр тасардаггүй. Хүмүүс гар утсаараа өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулсан сайн апп-д мөнгө төлөхөд хэзээд бэлэн байдаг. Хэрэв танд хэний ч нээгээгүй шинэлэг санаа, програмчлалын мэдлэг байгаа бол өөрийн апп-аа бүтээж ашиг олох боломжтой. Аятайхан санаа байгаад програмчлалын мэдлэг үгүй бол түүнийг хийж чадах хүмүүстэй хамтарч яагаад болохгүй гэж.

Эх сурвалж: businessnewsdaily.com

Орчуулсан Б.Хүдэр

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.