АЖИЛ МЭРГЭЖИЛ, САНХҮҮГ ТАНЬ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ТУСЛАХ 30 СЕКУНДИЙН ЭНГИЙН 7 ЗУРШИЛ

2021-05-21 Подкаст
Ердөө 30 секундийн дотор та ажил мэргэжил болон санхүүгээ сайжруулж чадна гэвэл та яах вэ? Дараах 30 секундийн зуршлуудыг хэрэгжүүлж эхэлснээр хагас минутын дотор та их зүйлийг амжуулж чадна.

ЗУРШИЛ 1: ЧУХАЛ ГУРАВТАА ТӨВЛӨР

Өглөөний аяга кофены дараа та тухайн өдрийн  хамгийн чухал 3 ажлыг тодорхойл.

“Чухал ач холбогдолтой гэж үзсэн ажлуудаа эрэмбэлсний дараа “үстэй толгойноос их ажил байна” гэж хүмүүст хэлснээсээ хамаагүй цөөхөн ажилтайгаа анзаарах болно” хэмээн “Гайхалтай хоёр цаг: Хамгийн үр бүтээлтэй цагаа ашиглан хамгийн чухал ажлуудаа хийх шинжлэх ухаанд суурилсан стратеги” номын зохиолч, доктор Жош Дэвис, хэлжээ (Two Awesome Hours: Science-Based Strategies to Harness Your Best Time and Get Your Most Important Work Done). Өдөр бүр хамгийн тохиромжтой хоёр цагийг өөрийн гурван ажлыг гүйцэтгэхэд зарцуулахыг анхаараарай.

ЗУРШИЛ 2: УУЛЗАЛТАА ДҮГНЭ

Уулзалт, хурлаас гарангуутаа хамгийн чухал хэсгүүдийг онцолж авахад 30 секундийг зарцуул.

Хурал, уулзалтаар голдуу чухал зүйлийн тухай ярьдаг. Хэдий тэмдэглэл хөтөлсөн ч гэлээ хэдхэн хормыг мартаж үл болох, хамгийн чухал зүйлсийг дахин сийрүүлэн бичихэд зарцуулаарай. Энэ нь таны дараагийн хийх алхмуудыг тодорхойлоход тусална. Энэ нь үйлдэл үгнээс хүчтэй гэдгийг батлах нэг жишээ юм.

PLOS One (Public Library of Science) сэтгүүлд хэвлэгдсэн 2014 оны судалгаагаар, бид сонссон мэдээллээ эргэж санах нь харж мэдээлэл авснаас илүү сул байдаг. Тиймээс чухал зүйлсийг бичиж тэмдэглэх нь мэдэж байвал зохих мэдээллийг соргог байлгахад тусалдаг байна.

ЗУРШИЛ 3: ӨӨРИЙН ЦАГТАА ҮНЭ ТОГТОО

“Цаг бол алт” гэсэн үгийг та бишгүй л сонссон байх. Харин таны цаг хугацаа хичнээн үнэ цэнэтэй болохыг мөн энэ цаг хугацааг дэмий зарцуулснаар хичнээн их зүйл алдаж байгаагаа та бүрэн ойлгоогүй байж болно.

Сарын орлогоо ажлын 22 хоногт хуваа. Гарсан тоог нь ажлын 8 цагт хувааснаар таны 1 цагийн үнэ тодорхой болно.

Жишээ нь та цагт 50.000₮ олдог. Өдөрт сошиал медиад 3 цаг зарцуулсан бол өдрийн 150.000₮, ажлын 5 хоногт 750,000₮ үргүй зарцуулж гэсэн үг. Цагийнхаа үнэ цэнийг мэдсэнээр та цагаа хэмнэхийг эрмэлзэнэ. Илүү ухаалаг сонголтуудыг хийнэ. Жишээ нь, өөрөө угааснаас угаалгын газарт юмаа өгөх, гэр цэвэрлэгч хөлслөх, эсвэл нүүлгэлтийн компани хөлслөх нь санхүүгийн хувьд илүү ашигтай байж болох юм. Ер нь цаг хугацааны үнэ цэнийг мэдсэнээр та зөв шийдвэрийг илүү хурдан гаргах болно. Бас нэмэлт орлого олохоор болбол өөрийгөө хэдээр үнэлэхээ мэдээд авна.

ЗУРШИЛ 4: ӨХӨӨРДӨМ АМЬТДЫН ЗУРАГ ХАРЖ НАРИЙН ЗҮЙЛ ДЭЭР АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛ

Японы судлаачдын баталж байгаагаар, өхөөрдөм амьтдын зургийг харах нь анхаарал шаарддаг ажлын гүйцэтгэлийг сайжруулахад тусалдаг аж.

Японы Хирошимагийн Их Сургуулийн танин мэдэхүйн сэтгэл судлалын лабораторийн доктор судлаач Хироши Ниттоногийн тайлбарласнаар өхөөрдөм хөөрхөн амьтдыг бодитоор болон зургийг нь харах нь эерэг сэтгэгдэл төрүүлэхийн зэрэгцээ, тэднийг ойртон, нарийн харах хүсэл төрүүлдэг аж. Түүний дараа ажил руугаа шилжихэд анхаарлаа төвлөрүүлэх чадвар өмнөхөөсөө нэмэгдсэн байдаг.

ЗУРШИЛ 5: ҮРЭХДЭЭ УУРГЫН МОРЬ, ХУРИМТЛУУЛАХДАА УРГАА ХАД

Таны өдөр тутам хийж буй санхүүгийн жижиг шийдвэрүүд ирээдүйд том нөлөө үзүүлэх боломжтой. Жишээ нь үнэтэй кофе худалдаж авах эсвэл бараг л ижил чанартай, сайхан амттай боловч энгийн чанасан кофе авах гэх мэт. Ийм шийдвэрүүд урт хугацааны санхүүгийн зорилго буюу орон байр авах гэх мэт хэрэгцээгээ хэр хурдан хангахад нөлөөлнө.

Зохиолч Жекоб Ланд Фискерын зөвлөснөөр аливаа санхүүгийн шийдвэрийг гаргахын өмнө “Хааз ба Тоормосны шалгалт” буюу зарцуулалтандаа “хааз гишгиж” мөнгө хэмнэснээр зорилгодоо хүрэхэд нэг алхам ойртох эсвэл мөнгө зарцуулснаар тоормослож зорилгодоо хүрэх хурдыг удаашруулна гэж бодож бай. Тиймээс худалдан авалт хийхээсээ өмнө тухайн зүйл таны хадгаламжийг түргэсгэх эсвэл багасгах мөн хэрэв хариулт нь сүүлчийнх бол та тэрхүү зүйлгүйгээр байж чадах уу гэсэн асуултыг өөрөөсөө асуугаарай. Ихэнх тохиолдолд хариулт “Тийм” байх болно.

ЗУРШИЛ 6: БАРИМТУУДАА БҮРТГЭ ЗАРДЛАА ХЯНА

Олон баримтуудынхаа учрыг олохоос залхаж байна уу?

OneReceipt эсвэл Receipts by Wave мэтийн үнэгүй аппликейшнуудыг ашиглаад үзээрэй, баримтуудын зургийг авч өдөр тутмын худалдан авалтууд болон өрхийн санхүүгээ хялбархан хянах боломжтой. Манай Монголын баримт бүртгүүлдэг апп өрхийн санхүүгийн зарлагыг гаргаад ирж болдоггүй д юм байхдаа.

ЗУРШИЛ 7: ЮУНЫ ТӨЛӨӨ ИНГЭЖ ЗҮТГЭЭД БАЙГАА БИЛЭЭ?

Маркетингийн судалгааны сэтгүүлд хэмнэлт хийх зорилгыг тань сануулах зүйлийг гарын дор, ойрхон хадгал хэмээн зөвлөжээ. Жишээ нь, та хүүхдүүдээ сайн сургуульд сургах гээд сургалтын төлбөрийг нь хуримтлуулж байгаа бол хүүхдүүдийнхээ зургийг түрийвчиндээ эсвэл байнга харагдах газар байрлуулснаар төлөвлөөгүй зарцуулалт хийхээс өөрийгөө аварч чадах аж.

Торонтогийн Их Сургуулийн маркетингийн профессор Дилип Соман “Санхүүгийн сахилга баттай зорилго ихэвчлэн гэр бүлийнхний төлөө байдаг бөгөөд гэр бүлийнхээ зургийг харах, тэдний төлөөх анхны зорилгоо санах нь хүчтэй сэтгэгдэл төрүүлж, сэтгэл зүйд нөлөөлдөг” хэмээжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.