Бяцхан хүүгийн жинхэнэ аврагч нар нь 63 дугаар ангийн алба хаагчид байжээ

2018-10-17 Нийгэм

“Бага насны хүүхэд ууланд төөрсөн гэх дуудлагын дагуу энэ сарын 14-ний өдөр Онцгой байдлын болон Цагдаагийн алба хаагчид хамтран ажиллагаа явуулж таван настай хүүхдийн амь насыг авран хамгаалжээ” үнэхээр сайхан мэдээ. Монгол Улсын нэг иргэн ачит төрийнхөө буянаар амьд үлджээ. Бяцхан үр ус уух хувьтай байж… 

Гэтэл бодит байдал дээр Гал унтраах 63 дугаар ангийн дэд ахлагч Б.Тамир, ахлах ахлагч Ц.Доржхуяг нар хүүг эхэлж олсон аж. Тэд хүүг олох үед бяцхан жаал өндрөөс унан хөлөндөө гэмтэл авч, бээрсэн байдалтай өргөст модны ёроолд хэвтэж байсан гэнэ. Тиймээс хүүг ахлах ахлагч Ц.Доржхуягийн аврах ажиллагааны хувцасанд хөлийг нь хөндөхөөс сэргийлж боож авч явж байхад дээр дурьдагдсан цагдаагийн гурван алба хаагч тэврээд зураг авахуулъя гэх нэрээр хүүг авч хучлагыг нь тайлан өдгөө хэвлэл мэдээллээр цацагдаад буй зургийг авахуулсан байгаа юм. Энэ үеэр цагдаа нар “Ёндоо ёндоо” гэж уухайлж байсан нь ёс зүйгүй бөгөөд хүний төлөө гэсэн сэтгэл бус шууд л шагнал гэсэн санаа бодол толгойд нь буусан гэлтэй. Ингээд л гол аврагчийн дүрд тоглож эхэлсэн дэг шүү.

Эцэст нь хэлэхэд, төрийн өмнө үүрэг хүлээсэн эрхэм цагдаа нар ингэж худраггүй байж болохгүй ээ. Хүний алтан амиар пиар ч гэмээр юм уу, нэр төр хөөцөлдөх чинь ариун явдал уу. Хууль сахиулагч нар нь ийм шударга бус байхаар жирийн иргэн бид чинь хэнд итгэж найдах болж байна. Харин “Алтан амиа үл хайрлан тэмцэнэ” гэх тангарагтай өдөр бүр хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалж, аварч алхам тутамдаа цагтай уралдан албаа хаадаг аврагчид болох Энэ цагийн эгэл баатрууд гэж тодотгомоор 63 дугаар ангийн аврагч нар “Зөвхөн бид үүргээ гүйцэтгэсэн” гэж мишээж зогсох нь өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрүүлж байна.

О.Гэрэл

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.