Манай улсын эдийн засгийн өсөлт 4-5 жилийн өмнө 17 хувь давж байв. Уг үзүүлэлтээр манай улс дэлхийд тэргүүлж, төсвийн орлого анх удаа урьд өмнө нь сонсогдож байгаагүй их наядаар хэмжигдэж байлаа. Энэ үед ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, томоохон ажлууд эхлүүлсэн ч хамгийн том алдаа нь хуримтлал үүсгэж чадаагүй явдал билээ. Үүнээс хамаарч дэлхийн зах зээл дээр эрдэс түүхий эдийн үнэ унах үед хүндрэлийг даван туулах нөөц хөрөнгөгүй үлдэж байна.
Яг үүнтэй адил жирийн гэр бүлийн хувьд ч хуримтлал ирээдүйг нь тодорхойлох маш чухал хүчин зүйл болдог. Судалгаагаар манай улсад 820 мянга орчим айл өрх байгаагийн 760 мянга нь хуримтлалгүй аж. Өөрөөр хэлбэл, гэнэтийн, хүнд үед хэрэглэх нөөцгүй гэсэн үг. Үүнээс хамаарч гэнэт мөнгө шаардлагатай болоход зээл авах зэргээр шийддэг байна. Энэ нь эргээд өрхийн төсөвт жинтэй цохилт болдог аж. Хэрэв “цаг сайхан” байх үед бага ч болов мөнгө хуримтлуулж байсан бол аливаа гэнэтийн зүйлсийг хүндрэл багатайгаар даван туулах боломжтой юм.
Олон хүний хувьд хуримтлал үүсгэх боломжгүй хэмээн ярьдаг.
Багахан цалин нь тухайн сарынхаа хэрэглээнд зарцуулагдаад дуусдаг. Тиймээс илүүчлээд цааш хийх бололцоо байхгүй хэмээдэг. Гэтэл энэ ойлголт нь өрөөсгөл юм. Хуримтлал нь заавал өрхийн төсөвт дарамт болох хэмжээний өндөр байх шаардлагагүй. Сар бүр багахан мөнгө цааш хийгээд байвал энэ нь олон жилийн дараа маш том хөрөнгө оруулалтын суурь болж өгнө. Дээр дурдсанчлан монголчуудын 30 орчим хувь нь хадгаламжтай бөгөөд тэдний 45-50 хувь нь хугацаагүй хадгаламжид мөнгөө хийсэн байдаг аж. Энэ нь хуримтлал үүсгэх чин эрмэлзэл байхгүйг харуулж буй баримт юм. Нэг үгээр хэлбэл, хадгаламж үүсгэхдээ хэрэг болбол шууд авчихана гэсэн сэтгэхүйгээр ханддаг. Тийм ч учраас хүү нь бага байхаас үл хамаарч хугацаагүй хадгаламжийг сонгодог байна. Уг нь хугацаатай бол хүү нь өндөр байж илүү үр дүнтэй хуримтлалыг үүсгэж чадах юм. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн дийлэнх хувь нь хадгаламжтай. Ингэхдээ 80-90 хувь нь хугацаатай хадгаламжид мөнгөө хадгалуулдаг аж.
Хуримтлал үүсгэхэд орлогын хэмжээ чухал биш байдаг.
Харин орлогоо хэрхэн зарцуулж байгаагаас ихээхэн зүйл шалтгаалдаг. Тодруулбал, монголчуудын төлөвлөлт тооцоогүй худалдан авалт нь хуримтлал үүсгэх боломжийг хойш татдаг хамгийн том хүчин зүйл юм. Дэлхий нийтийн жишгээр олж буй орлогынхоо 5 хувийг хуримтлуулж байх ёстой аж. Жишээн дээр тайлбарлавал, 600 мянган төгрөгийн цалинтай иргэн сар бүр 30 мянган төгрөгийг хуримтлуулж байх шаардлагатай гэсэн үг. Энэ бол таны ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт юм. Харамсалтай нь цалин бага гэсэн шалтгаанаар олон хүн ямар ч мөнгө “цааш хийдэггүй”. Гэтэл бодит байдал дээр сар бүр 30-аас илүү мянган төгрөгийг хэрэгцээгүй зүйлд зарцуулсан байдаг. Иймээс бид хуримтлал үүсгэж чадахгүй байгаа шалтгаанаа цалинтайгаа холбон тайлбарлахаас илүү орлогоо зөв зохицуулж сурахад анхаарах шаардлагатай аж.
Тэгвэл орлогоо хэрхэн зөв зохицуулах вэ. Юуны өмнө би залуу байна, 30 нас хүрээд хуримтлал үүсгэж эхлэнэ хэмээн өөрөөсөө асуудлыг бүү холдуул. Одоогийн байдлаар ганц бие тул гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарч ирэхгүй байх магадлал өндөр боловч тун удахгүй гэр бүлтэй болж, үр хүүхдээ төрүүлж, сургууль соёлд оруулах гэх зэргээр ихээхэн хэмжээний зардлууд бий болж эхлэнэ. Иймд залуугаасаа хуримтлал үүсгэж эхэлснээр зөв дадлыг бий болгож, ирээдүйдээ бодит хөрөнгө оруулалт хийж чадна.
Хуримтлал үүсгэхийн тулд үрэлгэн зангаа засах хэрэгтэй.
Юм худалдаж авахдаа хэрэгцээ юу, хүсэл үү гэдгийг ялгаж сурах хэрэгтэй. Жишээ нь өдөр бүр таксидах, өдрийн турш дата ашиглан фэйсбүүк орох зэрэг нь үнэхээр шаардлагатай хэрэгцээ мөн үү, эсвэл хүсэл үү. Такси барихын оронд гэрээсээ таван минутын өмнө гараад автобусанд суувал хэр хэмжээний мөнгө хэмнэж болох вэ. Мөн өдөр бүр утасныхаа нэгжийг үрж интернэт орохын оронд ажил дээрээ, эсвэл гэртээ үнэгүй интернэт ашиглаад сурчихвал таны зардал тодорхой хувиар буурна. Энэ мэтээр кола, зайрмаг гэх зэргээр олон төрлийн бараа бүтээгдэхүүн таны зайлшгүй хэрэгцээ гэхээс илүү тухайн үеийн сонирхол хүслээс хамаардагийг анхаараарай. Та өөрийгөө хянаж сурах хэрэгтэй. Зарим хүний хувьд цалин буусан бол шаардлагагүй байсан ч заавал дэлгүүр орж юм худалдаж авах зуршилтай байдаг. 500 мянган төгрөг авсан юм чинь 20-30 мянган төгрөгийг нь үрэхэд яав л гэж хэмээн боддог. Тэгвэл энэ байдлаас салахын тулд долоо хоног бүр орлого, зарлагаа төлөвлөж, тооцож байгаарай. Мөн байр, утас зэргийнхээ төлбөрийг хамгийн түрүүнд хийж хэвших нь зүйтэй. Ингэснээр торгууль, алданги зэрэг нэмэлт зардлуудаас сэргийлж чадна.
Худалдан авалт хийхийн өмнө энэ үнэхээр надад хэрэгтэй юу хэмээн асууж сур.
Монголчуудын хувьд өдрийн зардлын ихэнх хувийг хоолонд зарцуулдаг. Өдөрт хамгийн багадаа 5-6 мянган төгрөгөөр хооллодог гэвэл сард 100 гаруй мянган төгрөгийг өдрийн хоолонд зарцуулж буй юм. Мөн зуны улиралд өдөрт 2-3 сав цэвэр ус хэрэглэнэ гэвэл уг зардлын сарын дүн 40-50 мянган төгрөгөөр хэмжигдэнэ. Тэгвэл өдрийн хоолоо гэртээ бэлдээд аваад явчихвал эрүүл бас хэмнэлттэй байж чадна. Мөн өдөрт ус, ундаа авахгүйгээр саванд буцалсан ус хийж аваад гарвал чамгүй зардал хэмнэх бололцоотой. Энэ мэтээр зардлаа хэмнэх, орлогоо зөв зарцуулах олон арга бий. Үүний дүнд бий болсон мөнгөөр хуримтлал үүсгэснээр ирээдүйдээ чухал алхам хийж чадна.
Хадгаламж нээх таатай үе гэж хэзээ ч байдаггүй аж.
Учир нь сар бүр хэрэгцээ шаардлагууд гарч ирсээр байдаг. Энэ бүхнийг харгалзаж дараа хадгаламж нээе хэмээн хүлээсээр байвал хэзээ ч хадгаламжтай болж чадахгүй. Тиймээс ямар ч асуудал байсан яг одоо хадгаламж нээх ёстой хэмээн эдийн засагчид зөвлөж байна. Зарим хүний хувьд цалингаа авчихаад тодорхой хувийг нь банкинд аваачиж хадгалуулахаар хармын сэтгэл төрөөд байдаг. Тэгвэл сар бүрийн цалингаас нийгмийн даатгал шиг данс руу нь шууд ордог хадгаламжийн үйлчилгээнүүд бий. Үүний та сонгож болно. Та сар бүр банкинд очих шаардлагагүй. Яг л таны банктай байгуулсан гэрээний дагуу сар бүр тодорхой тооны мөнгө хадгаламж руу чинь шууд шилждэг байх жишээтэй. Үүнийг та нийгмийн даатгал шиг зайлшгүй авах татвар хэмээн ойлгочих хэрэгтэй. Ингээд үлдсэн цалингаараа амьдралаа зохицуулаад яваад байж болно.
Эх сурвалж: Newsmedia.mn
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
87385
30523
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.