ЭЕШ-д 31 мянга гаруй сурагч бүртгүүлжээ

2017-04-8 Боловсрол

Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)өгөхөөр одоогийн байдлаар 31 мянга гаруй сурагч бүртгүүлжээ. Улсын хэмжээнд энэ хавар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 37 мянга гаруй сурагч төгсөнө. Үүнээс 31 мянга гаруй нь ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн нь энэ аж.

ЭЕШ-ийн бүртгэл долоо хоногийн дараа буюу энэ сарын 14-нд 18.00 цагт дуусна.

Онцлоход, 2017 оны ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 1-ний 09.00 цагаас эхэлсэн. Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байгаа 37 мянга гаруй сурагчаас гадна гадаадад төгссөн болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга орчим элсэгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх урьдчилсан мэдээлэл бий.

Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны тавдугаар сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.