ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ ХҮҮХДИЙН 10 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ ШИНЭЭР БАРИНА

2018-06-6 Боловсрол

Хэвлэлийн бага хурал


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тархины саажилттай хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгыг шинээр барихаар шийдвэрлэжээ. Энэ талаар БСШУС-ын сайдын Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ.

Уг цэцэрлэгийн барилгыг шинээр барих төсвийг өнгөрсөн онд шийдвэрлэсэн ч зураг төсөл болон төслийн өртөг зөрснөөс түр зогсоод байсан юм. Өнөөдрийн хуралдаанаар зураг төслийн дагуу 5.3 тэрбум төгрөгөөр барихаар шийдвэрлэсэн хэмээн Ц.Цогзолмаа сайд мэдээллийнхээ эхэнд онцлов. Тэрбээр, “Энэхүү цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тээвэрлэх цахилгаан шаттай байх юм. Цэцэрлэгийн барилгын тендерийг ирэх долоо хоногт зарлана” гэлээ.

Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орсноор хүчин чадал нь нийт хичнээн хүүхдээр нэмэгдэх вэ?

-120 хүүхдийн багтаамжтай байхаар зураг төслийг боловсруулсан. Цэцэрлэгийн барилгын 5.3 тэрбум төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, үлдсэнийг гүйцэтгэгч компани гаргахаар тендерийн шаардлагат тусгана. Гүйцэтгэгч компанийн гаргасан мөнгийг 2019 оны төсвөөс эгүүлэн олгох юм.

-2018-2019 оны хичээлийн жил эхлэхэд нийт хичнээн сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орох вэ?

-Энэ оны сүүлээр шинээр барих, засварлахаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн 30 хувь нь ашиглалтад орно. Харин 2019-2020 оны хичээлийн жилд 142 цэцэрлэг, 97 сургуулийн шинэ болон өргөтгөлийн барилгууд ашиглалтад орох юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.