Аялах дуртай хүмүүст тохирох 22 ажил, мэргэжил

2023-06-20 Амрах агшин


Компьютерийн ард өдөр бүр найман цаг суух хүн болгоны дурладаг ажил биш. Олон газраар аялж юм үзэж нүд тайлах дуртай хүмүүст иймэрхүү ажил бол там л гэсэн үг. Хэрэв та энэ төрлийн хүн бол амьдралын хэмнэлээ дуртай ажилдаа тохируулан өөрчилж яагаад болохгүй гэж. Урт удаан хугацааны турш арай гэж олсон мөнгөө нэг хоёр жил ганцхан удаа аялалд зарцуулахын оронд ажлаа хийнгээ дэлхийгээр аялах боломжтой. Ажиллангаа аялж болох 22 ажил, мэргэжлийг уншигчиддаа танилцуулж байна.

Дасгалжуулагч

Их сургуулийн болон мэргэжлийн спортын клубууд спортод авьяастай дур сонирхолтой хүүхэд залуусыг олж илрүүлэх зорилгоор улс орон даяар хэрэн хэсүүчлэх дасгалжуулагч хөлслөн авдаг. Тухайн спортыг нэвтэрхий сайн мэддэг байхаас гадна тамирчныг чадваржуулах, түүнийг багийн хүн болгохын тулд тодорхой хэмжээний ур чадвар эзэмшсэн байх ёстой. Хэрэв та аль нэг спортын үнэнч хөгжөөн дэмжигч, жаахан чадвартай бол энэхүү ажил танд хялбар байх болно.

Хүүхэд асрагч

Гадаад хэлээр ярьдаг, бага насны хүүхэдтэй ажиллах эв дүйтэй бол гадаад хэлний мэдлэгээ арвижуулахын хажуугаар хүүхэд асрагчийн ажил танд таалагдаж магадгүй. Гэрт нь амьдрангаа асрагч хийх нь бага насны хүүхдийг асран хамгаалж сургууль цэцэрлэгт нь хүргэж өгдөг ажил юм. Ихэвчлэн багавтар цалин санал болгодог боловч бусад орны соёлтой танилцаж, гадаадад хэлээ сайжруулах давуу талтай.

Барилгын даамал

Ийм төрлийн ажил мөнгө ч их олно олон газраар ч аялах боломжтой байдгаараа онцлог. Барилгын төсөлтэй танилцаж судлахын тулд янз бүрийн улс оронд зорчих тэндээ хэсэг хугацаанд амьдрах шаардлага үе үе гардаг байна. Төсөл удирдан зохион байгуулах хэмжээнд хүрээгүй байж болох ч олон барилгын компани өөр өөр газар буурь сэлгэн ажиллах даамал хүнийг хөлслөн авдаг.

Зөвлөгч

Компани тодорхой нэг асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд янз бүрийн салбарт мэргэшсэн зөвлөх авч ажиллуулах нь түгээмэл байдаг. Аливаа нэг салбарт мэргэшсэн байдгийн хувьд зөвлөгч хүн орон нутаг, гадаадад улс орнуудаар явж үйлчилгээ үзүүлдэг. Нэг байрандаа суух дургүй олон газраар явах дуртай хүмүүст энэ ажил гарцаагүй тохирно.

Аяллын усан онгоцны ажилтан

Аялалд дурлагч хүний хувьд далайгаар аялдаг жуулчны усан онгоц гарцаагүй мөрөөдлийн ажил мөн. Амьдралын хэмнэлээ дэлхийг тойрон аялах ажил болгож үнэгүй зоог барьж, төлбөргүй байранд байрлах нь аялалд дурлагчдад тэр болгон олдохгүй боломж. Янз бүрийн ажил хийдэг хүмүүс, жишээлбэл рестораны тогооч, зөөгч, дэлгүүрийн худалдагч, жүжигчин гээд бүгдэд далайгаар аялангаа ажиллах боломж бий. Cruise Line Jobs зэрэг вэб хуудсанд дэлгэрэнгүй мэдээлэл багтсан.

Далайн гүний шумбалтын багш

Далай доорх амьдрал тэр чигээрээ өөр ертөнц бөгөөд бид тусгай хэрэгслийн тусламжтай сургагч багшийн зааврын дагуу далайн гүний гайхамшгийг үзэх боломжтой болсон. Далайн гүнд анх удаагаа шумбах гэж буй хүмүүс заавал дагах зөвлөгөө, дүрэм гэж бий. Харин түүнийг заах сургагч багш гүйцэтгэж дэлхийн өнцөг булан бүрт далайн эргээр аялах завшаан тохиодог. Далайн шумбалтын сургагч багш нарын мэргэжлийн холбоо (PADI) хэмээх байгууллага сургагч багш нарыг бэлтгэн сургадаг байна.

Англи хэлний багш

ESL буюу англи хэлийг хоёрдогч хэлээр сурч буй хүнд заах багшийн хэрэгцээ дотоод гадаадад ялгаагүй эрэлт хэрэгцээ үргэлжид өндөр байсаар ирсэн. Хэрэв та гадаад улсад англи хэл заах боломж олдсон бол тэр улсынхаа соёл зан заншлыг мэдэх боломж бас олдох юм.

Энэ мэргэжлээр ажиллахад хамгийн багадаа бакалаврын зэрэг шаардагдах бөгөөд англи хэл заах тусгай зөвшөөрөл хэрэг болно. ESLteacherEDU.org вэб хуудсанд ESL англи хэлний багш болоход юунаас эхлэхийг алхам бүрээр тайлбарласан заавар бий.

Арга хэмжээ зохион байгуулагч

Арга хэмжээ зохион байгуулагч хурим, үдэшлэг гэх мэт янз бүрийн үйл явдал хөтлөн явуулахаас гадна фестиваль, үзэсгэлэн зэрэг томоохон ажил ч хариуцан ажиллах хэрэг гардаг. Тиймээс аялалд дурлагсдад энэхүү ажил таалагдаж магадгүй юм. Ажлын хажуугаар олон хүнтэй уулзаж арга хэмжээ болох гадаад улс орнуудаар ихэвчлэн явдаг. Ажлын зарын томоохон хуудас болох Indeed вэб хуудсанд арга хэмжээ зохион байгуулахтай холбоотой 1500 гаруй ажлын байр санал болгосон байна.

Онгоцны үйлчлэгч

Олон газраар тогтмол аялдаг мэргэжил бол яахын аргагүй онгоцны үйлчлэгч. Ийм мэргэжилтэй болохын тулд сургуулийн зэрэг шаардахгүй боловч үйлчилгээний мэдлэг соёл эзэмшсэн байх хэрэгтэй.

Бас нэг хэцүү тал нь ажлын цаг тогтмол бус, харагдаж байгаа шигээ тийм ч амар ажил биш гэдэг. Гэхдээ онгоцны үйлчлэгч болсноор дэлхийн олон орныг үзэх боломжтойгоос гадна гэр бүлийн гишүүддээ хямдралтай үнээр эсвэл бүр үнэгүй онгоцны тийз олж өгөх хүртэл завшаан гардаг байна.

Гадаад харилцааны ажилтан

Эх орондоо зүтгэнгээ гадаад орнуудаар аялах хоббиг хамгийн сайн хослуулсан мэргэжил бол гадаад харилцааны ажилтан болон түүнтэй адил төстэй мэргэжилтэн билээ. Энэхүү мэргэжилтэй хамгийн ойр түгээмэл мэргэжил бол дипломат. Гэхдээ өөр олон янзын мэргэжил гадаад харилцаатай холбоотой байдаг.

АНУ-д гэхэд л тус улсын Төрийн Департмент гадаад харилцаатай холбогдох мэргэжлүүдийг багтаасан ажлын байруудын жагсаалтыг маш нарийн заасан байдаг.

Олон улсын тусламжийн ажилтан

Гадаадаар аялангаа ажлаа хийдэг бас нэг ажил бол олон улсын тусламж үйлчилгээний ажил юм. Хэрэв та бусдын амьдралд гэгээлэг өөрчлөлт авчрахыг хүсдэг бол USAID зэрэг тусламж үзүүлдэг байгууллагад ажиллах боломж байна. Байгалийн гамшигт нэрвэгдсэн эсвэл хүнсний тусламж зайлшгүй хэрэг болсон улс орноор явж хүн ардад нь тусламжийн гараа сунгах нь энэхүү ажлын гол хэсэг юм.

Нэгэнт ийм ажлыг сонирхож байгаа бол эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй болон нийгмийн салбарт ажиллаж байсан туршлагыг онцлон харгалздаг ажээ.

Аяллын хөтөч

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдыг Европын томоохон хотууд, жижиг тосгодоор дагуулаад аялангаа ажиллаж байна гээд төсөөлөөд үз дээ. Хэсүүчлэх дуртай хүмүүсийн бас нэг мөрөөдлийн ажил гэхэд болно. Найрсаг үйлчилгээтэй газар, түүх соёлын өндөр мэдлэгтэй хөтөч гадаадын гийчдийг сэтгэл хангалуун байлгаж чадна. National Geographic сувгийн вэб хуудсанд хөтөч хүнд зориулсан төрөл бүрийн зөвлөгөө нийтэлсэн байдаг.

Сайн дурын ажилтан

Peace Corps гэх мэт байгууллагад элсээд сайн дурын ажил хийнэ гэхээр цалингүй удаан хугацааны турш хий дэмийн цаг үрнэ гэж бодогдож магадгүй. Гэхдээ сайн дурын ажилтан болсноор олон улсын байгууллагад харьяалагдан улс орноор аялах завшаан олдоно. Сайн дурын ажлын томилолтын хугацаа ихэвчлэн хоёр жил байдаг бөгөөд боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт хувь нэмэр оруулдаг. Цалин мөнгөнөөс илүү их боломж ашиг тусыг сайн дурын ажил өгдөг. Наад зах нь ажлын анкет бөглөх үед таныг тодорхойлох захидалд гайхалтай хувь нэмэр болдог.

Зурагчин

Гэрэл зураг авах сонирхолтой, багахан хэмжээний мэдрэмжтэй байхад дэлхийгээр аялж түүх дурсгалт газрууд, сонирхолтой агшнуудыг буулгах боломжтой.

Өөрийн сонирхлоороо бие даан зураг авахаас гадна National Geographic, Associated Press гэх мэт дэлхийн томоохон агентлагууд чадварлаг зурагчны байнгын хэрэгцээ байдаг. Fstoppers вэб хуудас энэ тал дээр танд тус болно.

Худалдан авалтын ажилтан

Жижиглэн худалдан авалтын мэргэжилтэн гадаад орнуудаар ажиллах нь түгээмэл байдаг. Тодорхой нэг салбарыг судлах, хэрэглэгчийн хүсэл сонирхлыг тандах, ямар бүтээгдэхүүн гаргах талаар чухал шийдвэр гаргах зорилгоор худалдан авалтын мэргэжилтэн янз бүрийн хурал зөвлөлгөөн, үзэсгэлэн арга хэмжээнд оролцох шаардлага гардаг. Ихэнх томоохон компани үр дүнтэй худалдан авалт хийхийн тулд дээрх ажилтныг хөлслөн авдаг.

Цанын сургагч багш

Цасны спорт болон аялалд дуртай бол энэхүү хоббиг хослуулсан цанын сургагч багш болох боломжтой. Дэлхийн ихэнх улсад цанын баазтай байдгаас АНУ, Франц, Швейцар болон Канадад өвлийн спортын төрлүүд тэр дундаа цана хамгийн алдартай. Цанатай холбоотой бүх ажлын байр SeasonWorkers вэб хуудсанд байгаа.

Тайзны арын ажилтан/Ачаа тээш хариуцагч

Хөгжимчин, жүжигчин, дуучид гээд тайзтай холбоотой хүмүүс дотоод гадаадаар аялах нь элбэг. Жирийн жуулчидтай адилгүй тэд хөгжмийн зэмсэг бусад овор ихтэй ачаа тээш байнга чирч явдаг нь төвөгтэй байх нь мэдээж. Энэ асуудлыг хялбархан шийдэж өгөх ачаа тээш хариуцагч болон тайзны арын ажил түгээмэл болжээ. Энэхүү ажлын байрны талаар бүх мэдээлэл Тайз Дэлгэцийн Ажилтнуудын Олон Улсын Холбооны (International Alliance of Theater Stage Employees) вэб хуудсанд багтсан байна.

Орчуулагч

Хэрэв та хэд хэдэн хэлээр чөлөөтэй ярьдаг бол олон орноор явж өөр өөр улс үндэстнүүдийг хооронд нь харилцахад туслах боломжтой. Орчуулагч хүн хоёроос доошгүй хэлтэй байхаас гадна өнөө үед компьютер, бизнесийн зохих хэмжээний мэдлэгтэй байхыг шаарддаг болсон гэж Day Translations вэб хуудсанд бичжээ.

Туршлагатай сайн орчуулагч болохын тулд удаан хугацааны хичээл зүтгэл зарах бөгөөд орчуулагч болсноор маш олон орноор аялах боломжтой болно. Хамгийн олон орчуулагч бэлтгэн гаргадаг орнуудыг нэрлэвэл АНУ, Их Британи, Франц, Хятад, Итали, Япон, Люксенбург, Швед, Чех ажээ.

Аяллын зууч

Өнөө үед аяллын маршрут, үнэ зэргийг гүүгл хайлтын системээр олж авах нь түгээмэл болсноор аяллын зуучлалын үйлчилгээг зарим хүмүүс байхгүй болсон гэж боддог. Гэхдээ аялалд дурлагсдад дуулгах сайхан мэдээ гэвэл энэхүү үйлчилгээ дараагийн арван жил хүртэл байсаар байна гэж АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Товчоо таамаглажээ. Аяллын хөтөчтэй төстэй нь жуулчдад хэрэгтэй зөвлөгөө өгч янз бүрийн газраар аялдаг.

Явуулын сувилагч

Хот хооронд, эмнэлэг хооронд өвчтөнийг зөөвөрлөн асрах явуулын сувилагч хэмээх ажил түгээмэл болсон. Хот хооронд ажиллах бүх зардлыг компани даадаг. Гэхдээ энэхүү ажлыг хийхийн тулд тусгай сургалтад хамрагдах шаардлагатай. TravelNursing.org-т бүх мэдээлэл багтсан байгаа.

Аяллын тэмдэглэл хөтлөгч

Зөвхөн тэмдэглэл хөтлөөд өөрийгөө тэтгэх мөнгө олоод амьдрах нь амаргүй байх нь мэдээж. Гэхдээ та сонирхолтой байгалийн тогтоц, хотуудаар аялсан туршлагаасаа хуваалцах дуртай бол энэхүү ажлыг сонгож болох юм. Үүнийгээ бизнес болгосон хүмүүс ч байдаг. Тэдний ихэнх нь чөлөөт байдлаар ажиллах бөгөөд очсон газар бүрийнхээ талаар бичиж бусадтай хуваалцдаг юм. Freelancer.com болон Upwork зэрэг сайтууд дээр холбогдох бүх мэдээлэл бий.

Тээврийн жолооч

Холын замын тээвэр нэг газраа байхаас илүү засмал замаар хурдлан давхих дуртай хүмүүсийн хийх хамгийн дуртай ажил байж болох юм. Нэлээд урт хугацааны туршид ачааны машин барих бөгөөд олон нийттэй ажиллахаас зайлсхийдэг дотогшоо хүмүүст хамгийн тохирох ажил болно. Холын тээврийн жолооч болохын тулд тусгай жолооны үнэмлэх авах ёстой.

Эх сурвалж: www.businessnewsdaily.com

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.