Зээлэнд ташуурдуулж, өрөнд чөдөрлүүлсэн ч “ГЭРЭЛ” хүлээсээр суух уу…

2026-05-8 slider


Нийгмийн сүлжээний youtube платформ дээр “Харанхуй өрөө” нэртэй суваг бий. Энэхүү подкастын дугаар бүрийг алгасалгүй сонсдог сонсогчийн нэг нь би. Германд амьдардаг хоёр эмэгтэй хөтөлж, ахуй амьдралаа дээшлүүлэх гэж гадаадад гарч амьдарсан бүсгүй голдуу зочидтой утсаар холбогдож нэвтрүүлэгт оролцоно. Гадагш гарсан мянга мянган монголчуудын төлөөлөл хэрхэн хил давсан түүхээ, хүний газар “ноён нуруугаа хугалах” шахсан тухайгаа ярина. Тэдний нийтлэг төрх адилхан. Хүн танихгүй, хэл мэдэхгүй харь газар очин өөрийнхөө, гэр бүлийнхнийхээ төлөө хоолтой, хоолгүй зүтгэцгээдэг. Оролцсон түүх бүхэн, зочид болгон сэтгэл өвтгөнө, эцэст нь бахархал төрүүлнэ. Монголчууд л ийм дайчин, бэрхийг туулсан ч хөлс, нулимс, харууслын ард нуруу тэнэгэр, харц дээгүүр зогсож чаддаг даа гэж өөрийн эрхгүй бодогдуулна, омогшуулна.

Өмнөд Солонгос улсаас оролцсон бүсгүйн түүх гайхалтай бас сургамжтай. Автобус компанид цалингаас цалингийн хооронд өр, зээл тавин амьдарч байсан өрх тойлгойлсон эмэгтэй хоёр хүүхдээ найзындаа орхичихоод гадагш явсан тухайгаа ярина. Аяллын визээр Солонгосыг зориод тэндээ үлдчихээд давхар ажил хийж мөнгө цуглуулна. Хаяахан “нүүрном”-доо инээмсэглэсэн зураг оруулна. Түүнийг нь харсан найз, хамаатнууд нь “Хүний газар ганцаараа жаргаж байхаар эндээ хүүхдүүд дээрээ ирээч” хэмээн зэмлэнэ.
Ээж харин хүүхдүүддээ “Миний хүүхдүүд жаахан тэсчих. Удахгүй мөнгөтэй болно. Гурвуулаа жаргана” гэдэг байж. Бүсгүй солонгост энд байгаагаас хэд дахин их цалин авч байсан ч амьдрал нь дээрдсэнгүй. Хүүхдүүдээ Солонгосд аваачихыг зорьж, визээ “харлуулахгүй”-н тулд сургуульд сурна, хажуугаар нь ажиллана. Цаг гаруй үргэлжлэх нэвтрүүлгийн туршид түүний амьдралд хэзээ нь эргэлт гарч, гэрэл асах бол хэмээн сонсогчид хүлээнэ. Ажлын хажуугаар боорцог, бууз хүртэл хийж зарах ч уруудсаар л байж…

“Нэг хүнд ямар их зовлон бэ, солонгос драма биш дээ” гэж эрхгүй бодогдоно. Эмэгтэйд тансаглал байгаагүй, буруу муу зүйл хийгээгүй ч хоёр хүүхдийнхээ төлөө гаргасан зарим шийдвэр нь санхүүгийн буруу төлөвлөлт нь түүнийг ийнхүү хэцүү амьдруулж байсныг сонсогчид хожим мэддэг. Нэг өрийг өөр нэг зээлээр дарсаар түүнийхээ дороос өндийж чадахгүй байсныг өөрөө ч мэддэггүй. Эцэст нь арайхийн ойлгож, амьдрал нь ч дээрддэг. Гэхдээ тэр эцэст нь энэ нэвтрүүлэгт ордог бүх зочид шиг харанхуй амьдралаа гэрэлтүүлж чадсан юм.

Өнөөдөр манай нийгэмд хойд хормойгоороо урдахаа нөхөж, зээлнээс зээлийн хооронд бор хоногийг өнгөрөөх түмэн олон бий ч нөхцөл байдлаа нэрэлхүү зангийнхаа ард тас нуух нь олонтаа. Ил, нээлттэй ярьсан нь дээрх бүсгүй болохоос бидний хажууханд “яг түүн шиг” өрөнд дарлуулж, зээлэнд зүдрэгсэд түмэнтээ бий. Залуус гоё машинтай болох гэж, хамгийн сүүлийн үеийн гар утас барьж “күүл” харагдахын тулд эргэцүүлж бодохгүйгэээр зээл авдаг.

Тэдэнд орлогод нь тохирсон зээл олгох гэж 578 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Гоё нэртэй мөнгөний “апп”-ууд “буйдан дээрээ хэвтэж байгаад хэрэгцээтэй мөнгөө авчих” хэмээн ятгаж, 5867 “ломбард” мэтийн санхүүгийн байгууллага “барьцаа чинь хангалттай бол хэдээр нь ч хамаагүй ав” хэмээн бөхөлзөж байгаа. Манайхтай ойролцоо нээлттэй эдийн засагтай улсад ийм байгууллага 10-100 дахин цөөхөн байдаг гэх юм билээ. Та ажил хийдэг, ямар нэг хэлбэрээр орлого олдог л бол эдгээр байгууллагад хандаад хэзээ ч мөнгө зээлж болно. Эргэж төлж чадах эсэхээ эргэцүүлж бодож байхгүй бол яг л “Харанхуй өрөө”-ний зочин шиг нэг зээлээс нөгөөд нь дарлуулна.

Төв банкны хамгийн сүүлийн мэдээллээр манай улсын нийт өрхийн 70 хувь нь буюу 730 мянган гэр бүл хэрэглээний зээлтэй. Өрхөөр нь дундажилбал нэг айлд 20-25 сая төгрөг, нийт дүнгээр 14,6 их наяд төгрөг болж байгаа гэх. Тэгэхээр дундаж болон дундажаас доошхи бүх айл хэрэглээний өртэй байх нь.

Мэдээж хэрэг санхүүгийн байгууллага их зээл олгох тусам орлого олох учир өгсөөр байна. Харин айл өрхүүд ийм маягаар зээлсээр байвал зээл өгсөн байгууллагаа төдийгүй улсынхаа эдийн засгийг ч татаж унагах эрсдэлтэй. Бид л эндээ нэг хэсэг нь “зээл өгнө, ашигтай” гээд нөгөө хэсэг нь “олдож байгаа дээр нь авчихъя” гэдэг болохоос чөлөөт зах зээл хөгжсөн гадны улс оронд “өр орлогын харьцаа” гэх ойлголтыг чухалчилдаг.

Өрхийн сарын орлогын хэдэн хувь нь зээл, өр төлөхөд зарцуулагдаж байгааг харуулдаг энэхүү үзүүлэлтээр нэг өрх сард 2 сая төгрөгийн орлоготой бөгөөд зээлийн төлбөрт 600 мянган төгрөг төлдөг бол орлогынх нь 30 хувь нь өр төлөхөд зарцуулагдаж байна гэсэн үг. Энэ үзүүлэлт өндөр байх тусам айл өрхөд үзүүлдэг санхүүгийн дарамт нэмэгдэнэ.

Өөрөөр хэлбэл, орлогын ихэнх хэсэг нь зээлд явснаар өдөр тутмын хэрэгцээ, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хадгаламж зэрэгт хүрэлцэх мөнгө багасдаг. Мөн гэнэтийн зардал гарахад хүндрэл үүсэх эрсдэлтэй болдог. Өндөр өртэй айлуудын хувьд, сэтгэлзүйн дарамт ч нэмэгддэг. Сар бүрийн зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөх шаардлага нь гэр бүлийн стресс, маргаан, бухимдлын нэг шалтгаан болдог аж. Зэх зээлийн эдийн засаг хөгжсөн гадны улсууд энэ бүх зовлонгоо хэдийнэ үзэж, туулсан учир өгдөг нь ч хязгаартай авдаг нь ч тоймтой байдаг аж. Бид харин тэр жишиг руу ойртож, тансаглалдаа хязгаар тавихгүй бол аалзны тор шиг өрийн хэлхээнд ойчсон хэвээр байх болно.

Түүнээс гадна өнгөрөгч жилүүдэд өгсөн болгон нь авсандаа өлзийтэй байсангүй гэгчээр. Иргэдийн чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн 15 жилийн түүхэн доод түвшинд хүрсэн тухай банкны салбарынхан сүүлд гаргасан тайландаа тодотгожээ. Иргэдийн авсан хэрэглээний 10 зээл тутмын нэг нь чанаргүй ангилалд орж байгаа бөгөөд автомашины зээлийн чанаргүйдэл 16 хувьд хүрч өссөн үзүүлэлт дэлгэгдэж. Энэ бол элэгдэж, хорогддог, насжилт тааруу хэрэглээний тухайд, өндөр тоо. Тиймээс л өнөөдрийн нийгэмд өр, орлогын харьцаагаа гарын 10-н хуруу шигээ яг таг тооцож чаддаг мэдлэг бас ухамсар ус агаар шиг хэрэгтэй байна…

Бид зээл авсан хүмүүс эдийн засагт хэр өгөөж өгдөг болохыг тандаж, Улаанбаатар хотын А бүс болон захын дүүргүүдийн хэд хэдэн хүнсний дэлгүүр, мухлагаар явж иргэд, худалдагч нартай өр, зээлийнх нь нөхцөл байдлын талаар хөөрөлдсөн юм.

 

-Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлах найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг худалдагч Г “Манай энэ хавийн иргэдийн орлого сүүлийн хоёр жил үнэхээр муудсан. Ихэнх иргэд оройн хоол, хүнсээ зээлээр зохицуулж байна. Тэгсэн атлаа архинд өгөх мөнгө нь байх юм. Өглөө дэлгүүр онгойхыг хүлээж байгаад архи авдаг хүмүүс байдаг. Манай дэлгүүр архи, согтууруулах ундаа зээлдэггүй. Харин хоол хүнсний зүйлийг бичүүлээд авах гээд нүд нь бүлтгэнээд ороод ирж байгаа зүс мэдэх, сайн таних хэддээ бол зээл өгдөг.

Хүүхдийн мөнгө, тэтгэвэр буусан үед хүмүүс зээлээ сайн төлдөг. Харин цалин буух үеэр дэлгүүрийн өр төлдөг хүн ховор байдаг. Янз нь цалингаараа банкны ч юм уу томоохон өр ширээ дардаг бололтой юм билээ.

Би өөрөө банкны болон аппын зээлтэй. Хоёр ч оюутан хүүхэдтэй. Тэднийхээ өдөр тутмын хэрэглээ, хоолны мөнгө гээд бас л чанга байна. Ёстой л урдахаа хойдхоороо нөхөөд өрнөөс өрний хооронд амьдарч байна даа.” хэмээсэн юм.

 

-Баянгол дүүргийн 32-р хорооны 6 нэрийн барааны дэлгүүрийн худалдагч М “Манай дэлгүүр харьцангуй боломжийн амьдралтай буюу А бүсийн байрнуудын дунд байрлалтай. Гэтэл оройд хүнс зээлээр авах гэсэн зүс таньдаг хүмүүсийн цуваа тасрахгүй. Миний хувьд, худалдааны салбарт 18, энэ дэлгүүрээ нээгээд 8 дахь жилдээ ажиллуулж байна. Энэ хавийнхаа ихэнх хүмүүсийг ерөнхийд нь мэднэ. Зээлээ төлдөг хүмүүст нь өгөөд явуулдаг. Зээл авчихаад хаалгаар ч шагайхаа болиод алга болдог хүмүүс бий.

Өнөөдөр манай нийгэмд зээлгүй хүн бараг байхгүй дээ. Би ч гэсэн дэлгүүрийнхээ хамаг барааг зээлээр авдаг. Сарын сүүлчээр дэлгүүрийн барааны зээл, банкны зээл төлөх хэрэгтэй болдог. Өр, орлогын харьцаагаа тэнцүүлэх гээд ч зээл нь давчихаад байх юм.

Яах аргагүй юмны үнэ өсөөд, дэлгүүрийн маань орлого зээлэндээ хүрэхгүй талдаа байх юм. Гэтэл бараа зээлчихээд мөнгийг нь цуглуулж чадахгүй үе зөндөө. Ямар сайндаа л амралтгүй, өдөр бүр өглөөнөөс үдшийн бүрий хүртэл ажиллаж байна” гэв.

 

-Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны найман нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагч Б “Манай дэлгүүр энэ хавьдаа харьцангуй том, барааны сонголт ихтэй нь. Тэр утгаараа хүний хөл тасардаггүй. Гэхдээ орж ирсэн бүхэн их юм авахгүй. Өдөр өдрийнхөө хоолны юмыг аваад гарах нь их. Гэхдээ архи болон тамхины борлуулалт ер нь буухгүй байх талдаа шүү. Ер нь сүүлийн жилүүдэд иргэдийн худалдан авах чадвар их муудсан. Өмнө нь бараа, бүтээгдэхүүний эргэлт их сайн байж. Тэр үед ямар ч байсан зээлнийхээ мөнгийг санаа зовохгүй цаг хугацаанд нь төлдөг байсан. Одоо ч зарим сард алданги тооцуулаад, ер нь амрах завгүй ажиллаж байна” гэлээ.

…Энэ мэтчилэн 10 гаруй хүнсний дэлгүүрийн эзэд бүгд банкны болон аппын зээлтэй гэцгээж байсан. Басхүү иргэд дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн зээлнэ. Харин дэлгүүр нь гэрээт байгууллагууддаа өр тавина. Ийнхүү өрийн сүлжээ бий болсоор…

Эцэст нь хэлэхэд, хэл усгүй атлаа гадагш гарсан эх орон нэгтнүүдийн маань дийлэнх хэсэг нь амьдралдаа хэдийнэ “Гэрэл” асаасан атал бид яагаад бүүдийсээр байна вэ. Тэднийгээ өндөр хөгжилтэй газар хангалттай цалин авч байгаа гэж тайлбарлах хүн олон гарах биз. Тэнд байгаа монголчууд санхүүгийн сахилга баттай болж, шаардлагагүй тансаг хэрэглээгээ хумиж сурч. Зээл авсан ч “шар тос” болгох боломжийг харж чаддаг болж. Бид харин цамаархаж, өнгөтэй бүхэн лүү сарвайсаар эцэст нь өрнөөс өрний хооронд хоосон үлддэг юм биш биз. Зээлэнд ташуурдуулж, өрөнд чөдөрлүүлэхэд хэн нэгнийг гэрэл асаахыг хүлээж суухаар нэг удаагийнхаа тансаглалыг тэвчээд хуримтлалд чиглүүлбэл хэрхэх бол. Өндөрлөг газраас сургамж болох түүхээ хуваалцсан шиг суух ч юм билүү, хэн мэдлээ.

О.СЭЛЭНГЭ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.