Хүүхэд насны галт тэрэг дохиогоо хангинуулсаар хөдөллөө. Өнөөдрийн аялал гэрт л үргэлжлэх байхдаа. Том дүү бид хоёр “загас барина”. Энэ нь юу вэ гэвэл манайх 10 летрийн паалантай том, тагтай саванд баяр дөхөхөөр хар чавганы эсгүүр /бараашиг эсгэдэг/ хийдэг юм. Аав ээж хоёр хаа нэгтээ элсэн чихэр, хар чавга нэмэхээс тэр болгон өдөр бүр онгойлгоод үзээд байхгүй. Гал тогооны өрөөний халаалтын хоолой/паар/ бараадуулан тавьсан өнөө савтай бараашиг доторх хар чавганууд удах тусам пэлцийгээд л “Намайг идэх үү дээ, чадах уу даа” гээд л өдөөд өгнө. Түүнийг идэхсэн гэхээс өөрийн эрхгүй хорхой гозгононо. Дүү бид хоёр яаж тэсэхэв. Өдөөд байхаар нь сөдөөд өгнө шүү дээ. Бор ходоодоо божийлгочихоод сууж байтал оройхон тийшээ гэр дэх хүмүүсээ угаарын хийгээр утаж өгнө биз дээ. Яагаад ингээд байна аа гээд сэжиг авчих вий гэхдээ соёлтой царайлан хий дэгдэх үед жорлон бараадана. Харин аав минь дүү бид хоёрыг өрөвдөөд “Гэрийн хий тооноороо гэдэсний хий хонжгоороо гэдэг юм. Миний хоёр хүү яасан их пажигануулж байна аа. За яахав, зүгээр зүгээр мяраалдаг юм” гэх. Хэд хоноод өнөө гэрээр тургисан хийний хэрэг баригдана шүү дээ. “Айхтар хулгайч нар гарах нь” гээд аав жаахан хөмсөг атируулаад араас нь ээж баахан үглээд хэрэг цайрна. Нэг удаа аав маань тухайн үед эмийн сангуудад хааяа нэг зардаг байсан 25 л-ийн нарийхан шувуун хүзүүтэй шилэн баллон авчирав. Удахгүй болох бас нэг баяр дөхсөн байсан болохоор манай хоёр бараашгаа эсгэлээ. Бараашиг гэдэг нь гэрийн аргаар эсгэсэн шар айраг маягийн зүйл юм даа. Одоо та хоёрын хамаг чавгыг нь авахыг харъя л даа гээд нуг нуг инээгээд л. Харин мань хоёр “Тэгнэ дээ. Арга бодно доо” гээд л зогсож байх. Үнэхээр л тэр шилэн саван дотроос хөөж пэлцийсэн чавга гаргаж иднэ гэдэг бидэнд арай байтугай л ахадсан ажил байв. Тэгтэл… тэгтэл нэг их удалгүй хамрын тамхины хөөрөгний нуух аятай нимгэн дугуй төмөр оллоо. Болоогүй тэр нь бид хоёрыг шилэн савнаас хөөрхөн пэлцгэр хар чавгыг авч идэг дээ гэж зориулагдсан юм шиг хоёр талдаа нүхтэй байв. Бөөн баяр. Түүнийгээ утсаар уяав. Бас болоогүй ээ, хоолны савхаар загасны уурганы иш аятай юм хийчихэв. Яг л өнөөх шилэн савны амсраар яг таг таарч орохыг яана. Харин өнөө пэлцгэр хар чавганууд түүн дээр тогтохыг жинхэнэ дэгээндээ загас орохыг хүлээх загасчин шиг л хүлээнэ шүү дээ. Өнөө хавтгай төмөр дээр нэг чавга тогтлоо, унагахгүйн тулд зөөлөн татаж гаргаж аваад иднэ дээ. Энэ маягаар хэдэн өдөр “Загасчлаад” байж байтал ээж ээлжит элсэн чихэрээ хийх гээд шилэн сав хучсан бүтээлгийг сөхөхөд ганц ч чавгагүй цэхэр ус л цэлэлзэнэ дээ. Ингээд л загасчид арга хэмжээнд орно. Хүүхэд насны хөгийн ч “загасчлал” байж дээ. Юуны нь загасчлал байх вэ дээ. Буруу зүйл шүү дээ.
Н.Энхтүвшин
87326
30230
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.