Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс танилцуулсны дараа нийслэлийн харьяа агентлагуудын дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлыг танилцууллаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр “Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 81, техникийн болон ахуйн холбогдолтой осол 10, нийт 91 удаагийн дуудлагаар гарч үүрэг гүйцэтгэсэн. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын тоо 22.8 хувиар, объектын гал түймрийн тоо 19.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрээс хоёр хүнийг аварч, дөрвөн хүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа” гэв.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “2017 оны хоёрдугаар сарын 2-15-ны хооронд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 14280 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 1433 нэгж буюу 11.2 хувиар өсч, гэмт хэргийн шинжтэй 2248 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 163 нэгж буюу -6.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд биеэ авч явах чадваргүй согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 4394 хүнийг эрүүлжүүлж, шүүхийн шийдвэрээр захиргааны зөрчил гаргасан 431 хүнийг баривчлуулан, архины албадан эмчилгээнд 66 хүнийг явуулж, Захиргааны зөрчил гаргасан 17812 иргэн, 66 аж ахуйн нэгжийг 121.583.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна. Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” 1 сарын аян зохион байгууллаа. Аяны хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлэн ашиглаж буй Гэмт хэргийн цахим зураглал /Crime map, Egsoc/-д дүн шинжилгээ хийж халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж буй төрийн болон төрийн бус байгууллагуудад албан мэдэгдэл өгөх, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг автобус баазууд, Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлэг, “Эрчим” харуул хамгаалалтын албаны ажилтан, алба хаагчдад халаасны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтыг үе шаттэй явуулж байна” гэсэн юм.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “14 хоногийн байдлаар нийт 815 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэж байна. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан “Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундааны үйлдвэрүүдэд атестатчилал хийх” удирдамжийн дагуу 2017 оны хоёрдугаар сарын 6-16-ны хооронд удирдамжид нэр заагдсан 22 үйлдвэрээс 21 буюу 95.4 хувийг хамруулан хяналт шалгалтыг хийлээ. Мөн “Агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийг баталж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 152 улсын /ахлах/ байцаагч харуулын байр, орон сууцны хотхон, авто машины ил зогсоол, дугуй засвар, авто засвар, токарийн цех, тос, масло, тосол зардаг ТҮЦ зэрэг үйл ажиллагаа явуулж буй 367 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийж агаар бохирдуулахгүй байх, бусад хэлбэрээр халаалтаа шийдэх, стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх тухай 282 мэдэгдэх хуудас тараасан. Шалгалтаар нийт 158 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчлийн 96 буюу 60.7 хувийг арилгуулж, найман аж ахуйн нэгж байгууллагад 54 заалт бүхий зөрчил арилгуулах албан шаардлага хүргүүлж, хоёр аж ахуйн нэгжид 1440.0 мянган төгрөгийн торгууль ногдуулж бүрэн барагдуулсан” гэлээ.
Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3236 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 98, зөрчлийн шинжтэй 1400 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 98 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас гурван хүний амь нас хохирч, 118 хүн гэмтжээ.
Харин Захирагчийн ажлын албанаас сар шинийн баяртай холбогдуулан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан байна. Бүх нийтийн цэвэрлэгээнд нийслэл дүүргийн ажилтан, албан хаагч, иргэд идэвхтэй оролцлоо. Мөн өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн V зөвлөгөөн болсон юм. Зөвлөгөөнөөр “Ил задгай хогоо хаяхгүй, хогийн саванд хогоо хаяж, зам талбай цэвэрлэж байгаа үйлчлэгчдийг хүндэлцгээе” гэсэн уриалгыг гаргаж, 23 зам талбайн үйлчлэгчийг шагнаж, 60 үйлчлэгчийг Манжуур аялах эрхийн бичгээр урамшуулав.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах, Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх., Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх., Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэл зорчих нөхцлийг бүрдүүлэх, Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюул болон техникийн холбогдолтой осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж тарааж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг харьяа газрын удирдлагуудад өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
7 цагийн өмнө
11 цагийн өмнө
12 цагийн өмнө
2024-10-4
2024-10-4
2024-10-4
87305
30052
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.