БСШУС-ын сайд Г.Чулуунбаатартай 2017-2018 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан манай сэтгүүлч зөвхөн боловсролын салбар тэр дундаа багш нарын хөдөлмөрийг үнэлэх үнэлэмжийн асуудлаар уулзаж, ярилцсан байна. Хяруут намрын энэ өглөө эрдмийн их өргөөний босгыг алхаж буй бяцхан сурагчдын хувьд баяр хөөртэй зэрэгцэн танихгүй хүүхдүүдийн дунд ганцаар үлдэхээс битүүхэн эмээсэн мөч байх бол ахлах болон дунд ангийнхан зуны гурван сарын турш хэрхэн амарч, зугаалснаа ам өрсөн хуучилж, мөнгөн хонх жингэнэхийг ч анзаарахгүй инээд цалгиулан зогсож байдаг билээ. Энэ бүхэн багш сурагчдын хэн хэнийх нь жилийн турш хүсэн хүлээдэг мөч байдаг. БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарын хувьд мөнгөн хонхны дууг 35 дахь жилдээ жингэнэхийг сонсож яваа нэгэн бөгөөд энэ хичээлийн жилийн тухайд салбарын сайдаар томилогдсон анхны хонхон дуутай өглөө юм.
-Танд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье?
-Баярлалаа. “Монголын мэдээ” сониноор дамжуулан нийт сурган хүмүүжүүлэгч багш нартаа, эрдэмтэн мэргэд, гавьяаныхаа амралтыг эдлэн суугаа ахмадууддаа, боловсролын салбарт ажиллаж буй ажилтан албан хаагчдадаа, энэ жил сургуулийн босгыг алхан орж буй бяцхан шавь нартаа, дунд, ахлах ангийн сурагчдадаа, оюутан сурагчдадаа, нийт эцэг, эхчүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлэн амжилт хүсэж байгааг минь хүлээн авна уу.
Хувь хүнийхээ хувьд би энэ мөчид туулсан амьдралаа эргэн дурсаж сууна. Боловсролын салбарт 35 жил ажиллахдаа бүхий л шат дамжлагыг нь дамжсан байна. Эгэл жирийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, профессор, захирал гээд л. Тэгэхээр мөнгөн хонхны дуу миний амьдралын ч хонх юм уу даа. Сайн сайхан бүхний бэлэг тэмдэг болон жингэнэдэг болохоор үгүйлэхгүй байхын аргагүй юм.
-2017-2018 оны хичээлийн шинэ жилийн хувьд та энэ салбарыг тэргүүлж буйгаараа онцлог. Баяр хөөрөөс гадна нэн даруй шийдвэл зохих асуудал хичээлийн жилийн нээлттэй зэрэгцэж байх шиг байна?
-Амьдрал буцалж байна шүү дээ, цаана чинь. Энэ салбарт олон жил ажиллаж байгаа хүний хувьд би багш нарынхаа жаргал зовлонг мэдэхгүй юм бол хэн мэдэх билээ. Чухамдаа багш нар л жагсаж, нийгмийн асуудлаа шийдүүлэхийг хүсэж байгаа болох биш цаад утгаараа төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын цалингийн шатлалыг ахиулах асуудал хөндөгдөж байгаа юм шүү дээ.
Багш нарын түр хорооноос тавьж буй шаардлага бол үндсэн цалингийн сүлжээ шатлалыг өөрчлөх тухай юм. Түүнээс 10, 50 хувийн нэмэгдэл гэдэг зүйлийг яриагүй. Салбар хариуцсан сайдын хувьд багш нараа тэргүүн зэрэгт авч үзэн Засгийн газарт асуудал тавьж, төсөв мөнгөний боломж бололцоог ямар байгааг судалж байна.
Ер нь бол асуудлыг том хавтгай дээр буюу ерөнхий сууриар нь ярих ёстой. Улс орны эдийн засаг хүнд хэцүү, зээл өрийн дарамт зэргээс болоод төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмж чадахгүй байгаа болохоос биш таатай нөхцөл бүрдсэн үед иргэдийнхээ ахуй амьдралыг дээш татах бололцоо тэртээ тэргүй бүрдэнэ. Өнгөрсөн 2008 оны үед улсын эдийн засаг жаахан сэргэхэд ард түмний амьдрал харьцангуй сайхан болж ирсэн.
Хөрөнгө оруулалт хийх бололцоо ч тэр хэрээр нэмэгдэж байлаа. Харин одоо эдийн засаг хүндрэлтэй, ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт орчихсон, тодорхой амлалтуудтай ийм нөхцөлд цалин нэмэх хэцүү. Үүнийг манай багш нар ч, нийгэм бүхэлдээ ойлгож байгаа. Түр хорооныхон маань ч ойлгож л байгаа юм билээ. Үнэндээ тэдний төр, засгийн анхаарлын төвд асуудлыг хандуулах, цаашлаад нийгэмд гаргаж тавих гэсэн үйлдлийг нь буруутгах аргагүй. Судална гэдэг нь салбараа, багш нараа судлах гэсэн зүйл биш. Эдийн засаг, санхүүгийн боломж, гарцыг эрэлхийлэх, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн тогтолцоог ямар замаар өөрчлөх, шатлалыг ахиулах асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгийг судлах юм.
Түүнээс багшийн цалин амьдралд нь хүрч байна уу, үгүй юу гэдгийг судлах шаардлагагүй. Тэр бол алган дээр тавьсан юм шиг ил байгаа зүйл. Эл үүднээс хамгийн түрүүнд багшийн цалинг нэмэх арга замыг эрэлхийлж байна. Би түр хорооныхонтой уулзсан. Тэдний үгийг анхааралтай сонссон. Бодиттой зүйл ярьж байна лээ. Цалин нэмэх тухай хатуухан болзлыг бидэнд тавьсан. УИХ, Засгийн газарт асуудлыг тавьж, төсвөөрөө дамжуулан шийднэ. БСШУСЯ, ХНХЯ, СЯ-ны төлөөлөл бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Түр хорооны хоёр гол төлөөллийг оруулан ширээний ард ярилцацгаана. Санхүүгийн боломжийг юун түрүүнд судална. Иймэрхүү л уур амьсгалтай хичээлийн шинэ жил эхэлж байна даа.
-Ер нь багшийн хөдөлмөрийг хэрхэн яаж үнэлдэг юм бэ. Үнэлгээнийх нь систем буруу учраас багшийн хөдөлмөр тэр бүр үнэлэгддэггүй гэх гомдлыг тэд ярьцгаадаг. Та надтай санал нийлэх үү?
–Багш нарын цалингийн нэмэгдэл, урамшуулал олгох журам гэж бий. Энэ нь 1-5 жил, 10-15 жил, 15-20 жил, 20-25 жил ажиллах гэхчлэн тав, таван жилийн шатлалтай. Ажилласан жил нь гүйцэхгүй бол нэмэгдэл урамшууллын 10 хувийн нэмэгдлийг авч чаддаггүй байсан тийм тогтолцоо, дүрэм журам өнөө хэр үйлчилсээр ирсэн байдаг. Бодит амьдрал дээр багш нарын цалин хаанаа ч хүрдэггүй юм. Өөрөөр хэлбэл, цалингаас өөр орлогогүй гэсэн үг.
Тиймээс орлогыг нь нэмэгдүүлэх гарц гаргалгааг бид хайх ёстой. Хоёрдугаарт, зөвхөн ажилласан жилийнх нь хэмжүүрээр багшийн хөдөлмөрийг хэмжиж, шинжих нь харьцангуй ойлголт. Гэхдээ ажлын үзүүлэлтэд ажилласан жил нөлөөлөх л учиртай. Цөөн жил ажилласан ч үр дүнтэй, сургалтын чанар нь сайн, өгөөжтэй багш нарын зэрэг дэвийг ахиулж, тэр хэрээр шатлал ахидаг, орлого нь нэмэгддэг байх тогтолцоог бий болгох нь зөв. Ийм эрхийг сургуульд нь өгье гэж бид үзэж байгаа. Бодлогын өөрчлөлтийг ирэх оны нэгдүгээр улирлаас шууд хэрэгжүүлнэ.
Өнөөдөр 100 баллын системээр багш нарын ажлын үр дүнг үнэлдэг. Энэ үзүүлэлт үндсэндээ болж байгаа юм. Хамгийн гол нь хүүхдийн сурлагын чанар. Би багш нарынхаа ямар нөхцөл байдалд хэрхэн ажилладгийг мэддэг, мэдэрдэг. Өөр нэг зүйл бол санхүү, төсвийн менежменттэй холбоотой асуудал. Тодруулж хэлбэл, энэ чиглэлийн асуудлыг анхан шатны нэгж буюу сургууль руу нь шилжүүлэх явдал.
-Уучлаарай, таны яриаг таслах нь. Миний ойлгосноор сургуульд төсвөө захиран зарцуулах эрхийг нь олгоно гэсэн үг үү?
-Тухайн сургууль хэрэгжүүлж буй хөтөлбөрийнхөө агуулгад зохицуулж санхүүгийн зохицуулалт хийхээс гадна боловсон хүчнээ шагнаж урамшуулах эрхтэй болно. Багш нарын тавьж байгаа шаардлагыг яам эрх мэдлийнхээ хүрээнд шийдэх бололцоотой. Тухайлбал, багш нар өдөр тутамдаа ашигладаг бичгийн цаас, харандаа болон жижиг сажиг зүйлээ өнөө хүргэж яддаг цалингаасаа илүүчлэн худалдаж авсаар ирсэн. Ийм асуудлыг сургуулийн захиргаа шийдэж шаардагдах зардлыг нь олгодог байх ёстой.
Мөн сургууль бүхэн хичээлийн жил дуусмагц ямар нэг байдлаар урсгал засвар хийдэг. Сургууль төсөв байхгүй учраас багш нар халаасаа тэмтрэх эсвэл эцэг эхчүүдийн дэмжлэгтэйгээр засвараа хийдэг нь нууц биш. Үүнийг сургуулийн төсөвт суулгаж өгнө.
-Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт маш олон төсөл хөтөлбөр хэрэгжиж буй. Энэ бүхнийг боловсролын салбарт хийж буй шинэчлэл гэж тайлбарладаг. Үр дүн нь харагддаг л байх. Шулуухан хэлэхэд, эцсийн үр дүнг үзсэн хөтөлбөр бараг л байхгүй. Үүний цаана хүүхэд хохирдог гэм бий. 2017-2018 оны хичээлийн жилийн тухайд?
-Боловсролын салбарын шинэчлэлийн асуудлын цөм нь багшийг чадавхжуулах асуудал. Энэ тохиолдолд хүүхдийг хэрхэн яаж хөгжүүлэх талаар ярьж болно. Сургалтын агуулга, технологийг шинэчлэх асуудлыг багш л хэрэгжүүлнэ шүү дээ. Багш ур чадвартай, ажилдаа дуртай, амьдралынх нь баталгаа сайн, боломжийн төвшинд хүрсэн байж гэмээнэ сэтгэл оюунаа ажилдаа, шавьдаа зориулна биз дээ.
Мөн багшийн хөдөлмөрийг орон нутаг нь, төр, засаг нь үнэлдэг, хамгаалдаг, хөрөнгө оруулалт хийдэг байх ёстой. Ийм нөхцөлийг бий болгох зорилго тавин ажиллаж байна.
-Өнгөрсөн хичээлийн жилд хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаас болж зарим сургууль ачааллаа даахгүйд хүрч байлаа. Энэ жилийн тухайд?
-Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хоёр зайлшгүй уялддаг ёстой. Хоёр хандлагыг онцлоод хэлье. Жилээс жилд өсөж буй хүн амын өсөлтийн динамикийг хүн амын өсөлтийн суварган бүтэц дээр буулгаж харах ёстой байх юм байна. Бодит байдал дээр байгаа боломж маань гүйцэхгүй юм. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1422 цэцэрлэг хүн амынхаа өсөлтийн динамикийг гүйцэхгүй байна. Шулуухан хэлэхэд, энэ байдал 2019 оныг дуустал үргэлжлэх байх.
Тиймээс хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг нь өгч хүчин чадлынхаа дээд хэмжээнд хүртэл ажиллаач гэсэн хүсэлтийг яам тавьж буй. Одоогоор найман цэцэрлэг ийм зарчмаар ажиллаж байгаа. Мөн байгууллагын дэргэдэх есөн цэцэрлэгийг нэрлэх хэрэгтэй. Үүн дээр цэцэрлэгийн зориулалттай ч өөр зориулалтаар ашиглаж байсан барилгуудыг зориулалтаар нь ашиглаж эхэлсэн. Мөн хувийн хэвшлийн, цэцэрлэгийн зориулалттай барилгуудыг төр түрээслэн улсын цэцэрлэгийн маягаар ажиллах боломжийг хайж байна.
Ийм зорилгоор судалгаа хийгээд үзэхэд Улаанбаатарт 30 орчим ийм барилга байгууламж байна. Гэвч бүх хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгааг нуугаад яа вэ. Харин ЕБ-ын сургуулиудын хувьд гурван ээлжээр хичээллэх асуудал харьцангуй гайгүй. Цөөн хэдэн сургууль гурван ээлжээр хичээллэнэ. Нийслэлийн хувьд 14, 84 зэрэг сургуулиудын хичээлийн шинэ байр энэ ондоо багтаж ашиглалтад орно.
-Хувийнхаа хөрөнгөөр цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан иргэдийн асуудал давхар шийдэгдэж байгаа юм биш үү?
-Яамны зүгээс шууд цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх бололцоо байна уу, үгүй юу гэдгийг судалж үзэж буй. Явж газар дээр нь үнэлгээ дүгнэлт гаргах хэрэгтэй байна. Нөгөөтээгүүр, түрээсийн төлбөр гээд тоолоод өгөх мөнгө нь бидэнд алга. Тиймээс хөрөнгө оруулалтын боломжийг судалж байна. Иймэрхүү байдлаар явахад 3,000 гаруй хүүхдийн асуудал шийдэгдэх болов уу, энэ хичээлийн жилд. Дашрамд өгүүлэхэд, Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө 2020 он гэхэд Улаанбаатарт цэцэрлэгийн хамрах сургалтыг 100 хувьд хүргэх зорилго тавьсан шүү дээ.
Ирэх 2019 онд сургууль, цэцэрлэг, соёлын төвийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Гадаад зээл тусламжийн хөнгөлөлттэй эх үүсвэр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх барилгуудын жагсаалт гарч, Засгийн газар ч шийдвэрээ гаргасан. Ирэх жил хөрөнгийн эх үүсвэр нь бэлэн болсон хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгын шав тавих учраас цэцэрлэгийн тоо тэр хэрээр нэмэгдэх боломжтой. Өнөөдрийн байгаа хүчин чадлаас үл хамаарч сургуулийн насанд хүрч байгаа хүүхдүүдийн тоо бас л түрүүлээд явж байгаа. Цэцэрлэгт хамрагдах хугацаа дөрвөн жил бол сургуульд явах хугацаа 12 жил шүү дээ.Үүнээс харахад Монгол Улс мөн л 2025 он хүртэл хүн амын өсөлтийн динамикийн хурдыг гүйцэхгүй байж мэдэхээр.
Шилжилт хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж, суурьшлын бүсүүд өргөжин хүчрэгдэхгүй байгаа учраас сургуулиуд гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүй байдалд орсон. Энэ бол хот төлөвлөлт, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудал. Өнөөдөр хүн ам нягтаршсан суурьшлын бүсэд сугалаагаар азтан болсон хүүхдүүд цэцэрлэгт элсэж байгаа бол хөдөө, орон нутагт тэр байтугай Улаанбаатарын зарим бүсийн цэцэрлэгт хүүхдийн тоо гүйцэхгүй байх хандлага ажиглагдах боллоо. Яагаад гэвэл суурьшлын бүс нь өөр өөр. Суурьшлын бүс, хүн амын шилжилт хөдөлгөөнийхөө динамикийг урьдчилан судалдаг байх хэрэгтэй юм байна.
Гэтэл хөдөөгийн алслагдсан сум сууринд 320-600 хүүхэдтэй сургууль хэд хэд бий. Ингэхээр чинь халаалт, цахилгааны урсгал зардлуудыг нь яах юм бэ гэдэг асуудал үүсдэг. Энэ мэтчилэн салбараас, биднээс, хөрөнгө оруулалтаас үл шалтгаалах зардлууд гарах л юм. Салбарын хувьд өмнөө тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэх хөрөнгө, санхүүгийн бололцооны хувьд харьцангуй гайгүй. Гагцхүү идэвхтэй, шуурхай ажиллах явдал.
-Миний ажигласнаар АШУҮИС, ХААҮИС, МУИС, БХҮИС –ийн менежментийн бодлого бусдад үлгэр жишээ болохуйц юм билээ. Тэд сүүлийн жилүүдэд гарааны бизнес гэж ярих болсон?
-Улсын хэмжээнд 96 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж буй. Үүний 17 нь төрийн өмчийн их, дээд сургууль. Төрийн өмчийн их, дээд сургуулиуд дотроо тэргүүлж буй хэд хэдэн сургуулийг та онцоллоо. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дөрвөн их сургуулийг Азийн топ сургуулиудын жишигт хүргэнэ гэж туссан. АУШУҮИС, ХААҮИС нь топ сургуулиудын жишигт ойртож байгаа, амжилттай яваа их сургуулиуд. МУИС дээр хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 20 орчим сая ам.долларын томоохон төсөл удахгүй хэрэгжнэ.
Энэ төслийн хүрээнд хичээлийн VI байраа буулган шинээр барих, орчин үеийн жишигт нийцсэн номын сантай болж, үйлчилгээгээ сайжруулах зэргээр стратегийн зорилт бүхий хөрөнгийнх нь эх үүсвэр үндсэндээ шийдэгдсэн. МУБИС топ болохын төлөө олон улсын жишгээр хөтөлбөр болон зохион байгуулалтын шинэчлэлтүүдийг хийгээд эхэлсэн. Үүнээс гадна багшлах боловсон хүчнийг бэлтгэдэг сургуулиа тусгайлан дэмжих ёстой гэж үзсэн. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ч тусгагдсан. Төрийн бус хувийн хэвшлийн их сургуулиуд болох “Их засаг”,” Шихихутаг”, “Идэр”, “Отгонтэнгэр” зэрэг сургуульд их сургуулийн статус өгчихсөн. БСШУС-ын яам их, дээд сургуулиудын ангилал зэрэглэлийн ялгааг тогтоох ажлыг зохион байгуулна.
Оюутнууд сургалтын төлбөр нэмэгдэх болов уу гэж жил бүр асуудаг. Энэ жил хувийн ч бай, улсын ч бай, их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй. Оюутны зээлийн сан саяхан шинээр байгуулагдсан. Зээл олгоход долоон бичиг баримт бүрдүүлдэг байсныг өөрчилж хоёрхон бичиг баримтаар зээл олгодог болгосон. Ингэхдээ заавал эцэг эх, асран хамгаалагч гэхгүйгээр Монгол Улсын иргэн хэн ч байсан “Би энэ хүүхдийн зээлийн хүсэлтийг батлан даая” гэж хүсэлт гаргах эрхтэй болсон.
Нэг талдаа сургалтын зээлийг зохицуулах уян хатан механизм бий болчхож байгаа юм. Бидний урьдчилсан тооцооллоор 40 гаруй мянган оюутан энэ зээлд хамрагдах боломж бүрдсэн. Нөгөөтээгүүр, ирэх жилээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүний тулд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, институт, ажил олгогч эздийн холбоо, манай их, дээд сургуулиуд хамтраад оюутны хөдөлмөрийн зах зээлийг бий болгох ёстой.
Гадаадын олон оронд оюутнууд хичээлийнхээ хажуугаар цагийн ажил эрхэлдэг. Энэ жишгийг хэрэгжүүлнэ. Мөн оюутнууд нийтийн тээврээр үнэгүй зорчих ажлыг Оюутны холбоотойгоо хамтран зохион байгуулж байгаа. Их, дээд сургуулийн оюутнуудын хувьд дотуур байр гэдэг том асуудал байдаг. Ер нь бол оюутны дотуур байрыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага, зорилт бий юү гэвэл байгаа. Үүнийг шийдэх хөрөнгө оруулалтыг хайж байгаа.
-Нэг хэсэг МСҮТ рүү нэлээд “шуурлаа” шүү дээ. Гэвч сургуулийн удирдлагууд хувьсах зардал нь дадлага ажилдаа хүрэлцдэггүй гэцгээдэг юм билээ?
-Монгол хүн бүр дээд боловсролыг чухалчилдаг. Гэвч дээд боловсролын дипломтой болгонд ажлын байр олдоггүйн улмаас цөөнгүй нь лангууны ард сууцгаадаг. Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ дээд боловсролын байгууллагын сургалттайгаа уялддаг байх ёстой. Энэ бол шинэ зүйл биш. Өмнө нь байсан юм. Тухайлбал, МУИС-ийн философийн ангийг 1965 онд нээсэн байдаг. Тэгээд хоёр төгсөлт хийгээд завсарлаж 1975 онд дахиад нээж байлаа.
Энэ юу гэсэн үг вэ гэвэл МУИС манай улсад философич мэргэжилтний хэрэгцээ нийгэмд хэр байна вэ гэдгийг л судалж байсан хэрэг. Өөрөөр хэлбэл, хоёр жил дараалан элсэлт авч оюутнуудаа сургаж төгсгөчхөөд арван жилийн дараа дараагийн элсэлтээ авч болж л байгаа байхгүй юу. Тэр жишгээр явах цаг болсон.
Эдүгээ хөдөлмөрийн судалгааны байгууллага, хөдөлмөрийн эрэлт хэрэгцээг судалдаг ХНХЯ, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран Монголын хөдөлмөрийн зах зээлд ойрын 10-15 жилд тэргүүлэх ямар салбар байна, түүнийг дагаж гарч ирэх ямар, ямар ажлын байрууд бий болох юм бэ гэдгийг судалчхаад тэр дагуу мэргэжилтэн бэлтгэх ёстой байхгүй юу. Жишээ нь стратегийн 15 ордыг хэдийд ашиглах вэ гэдгийг дээрх байгууллагууд судалж мэдээд их, дээд сургуулиудад захиалгаа өгч тухайн захиалгаар оюутнаа элсүүлэх учиртай.
Ингэдэггүй учраас хүн болгон дээд мэргэжил эзэмших гэж зүтгээд тэр хэрээр эцэг, эхээ санхүүгийн дарамтад оруулж, гэрийнхээ эдийн засагт нэрмээс болдог хэрэг. Энэ нь эргээд боловсролын чанарт сөргөөр нөлөөлөх нь бий. Тиймээс дээд боловсролд ханддаг нийгмийн сэтгэлзүйг ч өөрчлөх хэрэгтэй. Ийм байж болохгүй шүү дээ. Үүнийг зохицуулах механизмыг нэгдүгээрт төлөвлөлт гэж харж байгаа юм. Гэхдээ үүнийг би эсвэл яам дангаараа хийх ажил биш. Хамтарч хийх ажил.
Ухаандаа 14 яам тус бүрдээ судалгаа хийгээд хөдөлмөрийн судалгааны байгууллагаар дамжуулан манай яаманд өгөхөд л бид элсэлтээрээ асуудлыг зохицуулах боломжтой. Монголд МСҮТ-ийн үүрэг их бий. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хувийн хэвшлийг дэмжихэд мэргэжилтэй боловсон хүчний үүрэг чухал. Их, дээд сургуулийн дипломтой нөхдүүдээс илүү нарийн мэргэжил эзэмшсэн залуучууд хөдөлмөрийн зах зээл дээр илүү эрэлттэй байгаа юм. Энэ талаар барьж буй төрийн бодлогод их тодорхой тусгасан байгаа шүү дээ. Мэргэжилтэй ажилтныг төрөөс дэмжиж, оюутан байх үед нь тэтгэлэг өгдөг, байраар үнэ төлбөргүй хангахаас гадна ЕБС-ийн 12 жилийн гэрчилгээ олгодог. Мөн тэнд суралцсан кредит цагийг нь дээд боловсролын бакалавр руу шилжүүлж тооцох нь ч бий.
-Олон жил ажилласан багш нар тэтгэвэртээ гарахдаа тэтгэмж авдаг. Тэр цаашид үргэлжлэх болов уу?
-Ер нь багш нарт бодитой олгодог тэтгэмж энэ. Хөдөө, орон нутагт таваас дээш жил ажилласан хүмүүст зургаан сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгодог. Өөрөөр хэлбэл, зургаа дахь жилээ зургаан сарын цалингаа нэг мөр шууд авдаг гэсэн үг. Хөдөө, орон нутагт 20-иос дээш жил ажиллаад тэтгэвэрт гарсан багш нарт 36 сар хүртэлх сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгч байгаа. Олон жил ажилласан багш нарын тухайд боломжийн мөнгө авна шүү. Энэ цаашид үргэлжилнэ.
Хэн ч энэ тэтгэмжийг байхгүй болгоно гэж яриагүй. Багш нарт жаахан ч гэсэн итгэл найдвар хүлээлгэж байгаа хоёр гол хөшүүргийн нэг нь энэ байхгүй юу. Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт цалингаас гадна орлого олох боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг бид судална. Заавал цалин нэмнэ гэхээс илүү хуулийн хүрээнд нэмэлт орлого олох боломжийг яаж бий болгох вэ гэдгийг судлах ёстой. Багш нар зуныхаа амралтаар Солонгост очоод ажиллаж байна. Үүнийг нь орлох сувгийг бид хайж байгаа.
-Таны авч явдаг бас нэг том салбар бол спорт. Нэг үеэ бодвол спортыг ойлгож дэмждэг байгууллагууд олон болжээ. Тэр хэрээр Монгол Улсын нэр дэлхийд гарч байна. Харин дэлхийд нэрээ дуурсгах боломж бүхий спорт бол өвлийн төрлүүд. Дэлхийн цаначид, тэшүүрчид хэдийнээ бэлтгэлдээ гарсан. Харин манайх эдийн засгийн боломж тааруугаас болоод тэр бүр чанартай бэлтгэлийг хийж чадахгүй байгаа бололтой. Та үүнийг мэдэж байгаа юу?
-Хичээлийн шинэ жил учраас би боловсролоо түлхүү ярьчихлаа. Шинжлэх ухаан, спорт гээд гурван салбарын алийг нь ч би орхихгүй. Бодлого хийгээд удирдлагаар хангаж ажиллах нь миний үүрэг. Энэ сарын дундуур соёл урлагийн ажилтны өдөр болно.Тэр өдөр салбарынхаа хамт олонтой уулзаж, ямар бодлого, зарчим баримталж ажиллахаа тэднийг хэрхэн яаж дэмжихээ ярина. Дөнгөж сая энэ салбарын төлөөллийг өрөөндөө хүлээн авч уулзан чиглэл өгөөд гаргалаа. Шинжлэх ухааны ажилтны өдөр мөн ирэх аравдугаар сард болно. Мөн тэр үеэр салбарынхантайгаа уулзаж ярилцана.
Насаараа л миний хоолыг нь хороосон тогоо л доо. Биеийн тамир, спортынхон маань эх орныхоо нэрийг дэлхийд дурсгасаар байна. Тэр хэрээр монгол хүн спортын аль ч төрөлд амжилт гаргах боломжтой гэдгийг удаа дараа нотлон харууллаа. Саяхан чөлөөт бөхөөс хөдөлмөрийн баатар төрлөө. Яамны зүгээс хаяанд ирсэн өвлийн олимп болоод дэлхийн чанартай цуврал тэмцээнүүдэд онцгой анхаарал хандуулж байгаа.
Хаврын чуулган засварлахын өмнө Биеийн тамир, спортын хуулийг шинэчлэн найруулсан. Үүнд хэд хэдэн концевци тусгагдсан. Засгийн газрын дэмжлэгтэйгээр үе шаттай зохион байгуулдаг спортын уралдаан, тэмцээнүүдэд шаардагдах төсөв хөрөнгийг нь төсөвлөх, олимпийн төрөл болоод олон улс, дэлхийн чанартай тэмцээнд оролцдог баг тамирчдыг санхүүгийн эх үүсвэрээр дэмжих гэхчилэн. Тун удахгүй Пьёнчаны ХХIII их наадам болно.
Үүнд манай баг тамирчид оролцох ёстой. Манай цаначид эрхээ авсан байгаа. Тэшүүрчид маань ирэх арванхоёрдугаар сард Канадын Калгари АНУ-д болох Дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд оролцож олимпод оролцох эрхээ авна. Тэшүүрчдийн амжилт жилээс жилд ахиж байгаа. Өнгөрсөн жил Залуучуудын өвлийн олимпын ойрын зайн холимог багийн уралдаанаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан.
Үүнээс гадна нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тал дээр нэлээд анхаарч байгаа. Тухайлбал, 330 гаруй суманд биеийн тамирын аргазүйч гэдэг орон тооны хүн ажиллахаар болсон. Ингэснээр нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлж, шинэ залуу тамирчдыг гаргаж ирэх нөхцөл бүрдэх юм. Энэ нь их том алхам. Хоёрдугаарт, биеийн тамир, спортыг дэмжих тусгай санг байгуулсан. Одоохондоо хөрөнгө мөнгө нь бага ч гэлээ гэсэн боломжоороо л биеийн тамир, спортыг дэмжих бодлого явж байгаа юм.
-Ер нь манайх Өвлийн спортын ордонтой болох болов уу?
-Төлөвлөж байгаа зүйлүүд бий. Одоогоор зураг төсвийг нь гаргаад, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нь судлаад явж байна. Манайхан өвлийн спортын үндсэн төрөл болох цана, тэшүүрээр хичээллэдэг ч байнга хичээллэх орчин байдаггүй. Нөхцөл боломжоор нь хангаад өгвөл дэлхийд өрсөлдөх боломжтой л спортын нэг. Зарим улстай хамтран бэлтгэл сургуулилт хийх боломж нөхцөлийг судалж байгаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.