Хөрш гурван орон “Нэг бүс Нэг зам”-нд нэгдлээ

2017-08-24 Бизнес

Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос Хавирга-Ар хашаат боомтоор Манжуур хот хүртэлх бидний 1050 км аялал МҮХАҮТ (Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим)-аас эхэллээ. Энэ удаагийн бүрэлдэхүүнд танхимын удирдлага, ажилтнууд болон орон нутгийн бизнес эрхлэгчид, хэвлэлийнхэн гээд 500 орчим хүнтэй баг Манжуур хотыг ийнхүү зорьсон юм. Бидний зорилго “Манжуур хотын ОУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын Экспо-2017” –д оролцох явдал байлаа.

Биднийг зорьсон газраа хүрэхэд тус суурин 20 гаруйхан жилийн өмнө элс шороо хийссэн, хүн ардынх нь аж амьдрал ядуухан жижиг боомт байсан гэхийн ул мөргүй болтлоо өргөжин дэвжжээ. Үнэндээ зутруухан хотхон байсан Манжуурыг түмэн газрын аялагч хөлхсөн аялал жуулчлал, худалдааны том хот болно гэж хэн нэгэн нь тухайн үед төсөөлж байсан болов уу. Өнөөдөр энэ хот орос, монгол хүмүүсийн байнга зорчиж үзэж хардаг, арилжаа наймаа хийдэг жинхэнэ утгаараа олон хүний хөлийн газар болж, өргөжин хөгжиж чаджээ.

Тус хотын хөгжлийн түүхийг сөхвөл 1992 оноос Манжуурыг нээлттэй худалдааны хот хэмээн зарлаж, 1992-1997 онд хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд 2,0 тэрбум ам.доллар зарцуулсан байдаг. Харин өнөөдөр Манжуур жилдээ дөрвөн сая гаруй жуулчин хүлээн авдаг хот болжээ.

Уг нь, энэ хот өөрөө 260 орчим мянган хүнтэй, Орос Хятадын төмөр замын боомт, гарц болсон авсаархан хот.

Статистик мэдээнээс хар­вал 15 жилийн тэртээ 2000 онд энэ хотод 610 мянган жуулчин ирж байсан бол долоон жилийн дараа 2006 онд гэхэд л 2,7 сая жуулчин, 2010 онд 4,27 сая жуулчин  ирж байж. Энэ хэрээрээ жуулчдаас ордог орлого ч өсөн нэмэгдэж, 2000 онд 75 сая юань байсан бол 2006 онд 480 сая юань болж өсчээ. Харин 2010 онд аялал жуулчлалаас 240 сая долларын орлого олсон байна.
Ирж байгаа жуулчдын 53,3 хувь нь Манжуур хотод дунджаар 500-1000 юань зардаг байхад 26,7 хувь нь 1-2 мянган юань зарцуулдаг, 10 хувь нь 2000-аас дээш юань зарцуулдаг гэхээр арга ч үгүй юм. Үүний дээр зөвхөн гадаадын жуулчид төдийгүй Хятадын бусад нутгаас ирдэг дотоодын олон мянган жуулчин Манжуур хотод хөрөнгө оруулдаг.

Манжуур бол яахын аргагүй аялал жуулчлалын хот болжээ. Ийм ч болохоор “Хятадын аялал жуулчлалын шилдэг хот”, “Бүх Хятадын соёлын хот” “Бүх Хятадын үлгэр жи­шээ хот” алдрыг хүртсэн хэрэг.

Орон орны үндэсний брэнд дэлгэгдэв

Тус хотын үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 18-20-ны өдөр ““Манжуур хотын ОУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын Экспо-2017” амжилттай болж өндөрлөв. Үзэсгэлэн 30 мянган м2 талбайд 600 стандарт үзэсгэлэнгийн танхимд Монгол-Орос-Хятад гурван орны ААН-үүдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдааллаа. Мөн 22 орны үндэсний брэндүүдийг дэлгэн худалдаалсан юм.

      

Хөрш гурван орон Ази-Европын эдийн засгийн гүүрийг тавих эхлэлээ нэгтгэв

Энэхүү экспогийн хугцаанд хөрш гурван орны “Нэг бүс Нэг зам” эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хөгжлийн форум , “Торгоны замын бүс нутгуудын Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих” хэлэлцээр уулзалт боллоо. Манай улсын тухайд төрийн байгууллагын төлөөлөл болон МҮХАҮТ, 21 аймгийн бизнес эрхлэгч нийт 600 гаруй төлөөлөгч үүний дотор бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулахаар 56 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон юм.

Манжуур хот бол Монгол-Орос-Хятадын худалдааны 60 нь дамжин өнгөрдөг хуурай замын хилийн хамгийн том боомт хот. Ийм ч болохоор “Дорнод Ази руу нэвтрэх цонх”, “ЕвроАзи руу гарах гарц” гэж нэрлэдэг.

Энэхүү арга хэмжээний нээлтэн дээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол, Хятад, Орос гурван орон нь өнө эртний түүхэн харилцаатай, уул усаар хил залган, зэрэгцэн оршсон найрсаг хөршүүд билээ. БНХАУ нь олон жилийн турш Монгол Улсын хамгийн том худалдаа, хөрөнгө оруулалтын түнш орон байсаар ирсэн. Ойрын жилүүдэд Хятадын “Нэг бүс-нэг зам”бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж Монголын “Хөгжлийн зам” төсөлтэй уялдуулан Оросын талын Евро Азийг дамнасан бүтээн байгуулалттай холбож Монгол,Хятад,Оросын эдийн засгийн коридор байгуулах нь бүс нутгийн харилцан хамаарал, хамтын ажиллагаанд их ирээдүй, ховор боломж олгож байна.

“Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт, “Зүүн хойд бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх” сэдэвт, өндөр түвшинд зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь Орос, Монгол хөрш 2 орны давуу талыг ашиглан, Торгоны зам дагуух бүс нутгуудын эдийн засгийн коридорын чухал цэгийг бий болгох, гадаад улс руу чиглэсэн худалдааны чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, Евро-Азийн улс орнуудын хамтын ажиллагааны тавцанг бий болгон хөгжүүлэхэд түлхэц өгнө гэдэгт итгэж байна.

Манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хурдацтай, урт удаан, тогтвортой хөгжил нь та бидний хамтын хүсэл эрмэлзлийн илэрхийлэл юм. Талууд хөгжлийн энэхүү ховор боломжийг ашиглан улс төр, эдийн засгийн харилцан ойлголцлоо ажил хэрэгч хамтын ажиллагааны тасралтгүй өсөн нэмэгдэх давуу тал болгож хөгжүүлэх нь зүйтэй юм” гэдгийг тодотгон хэлсэн юм.

Мөн форумын үеэр Манжуур хотын дарга Xu Ailian “Манжуур хот бол Зүүн Азийг холбосон худалдааны томоохон бүс нутаг юм. Бүх Хятадын боловсон 10 хотын нэг. Хотын маань өнөөдрийн өндөрлөгт хүрсэн амжилтын эхлэл бол төмөр зам тавьсан явдал юм. Ноднин жилээс эхлэн манай хот Хятад-Оросын модны үйлдвэр байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Энэ нь Манжуур хотын хувьд хөгжлийн томоохон түлхэц болж байна.

Онцлон хэлэхэд, манай гурван орны хамтын ажиллагааны эдийн засгийн гол харилцааг зохицуулах үүргийг энэ форумаар лавшруулах болно. Өөрөөр хэлбэл Ази Европын эдийн засгийн гүүрийг тавих болно” хэмээн онцолсон юм.

Тэгэхээр 1992 онд энэ хотыг БНХАУ-ын Төрийн зөвлөл “Хилийн нээлттэй хот” гэж зарласнаар олон улсын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжих боломж бүрдэж Орос, Монголын харилцаа, хил орчмын худалдааны үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх болсон байна. Улмаар 2010 оны зургадугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөл Манжуур хотыг “Нээлттэй эдийн засаг хөгжлийн туршилтын бүс” хэмээн тодорхойлсон нь энэ хотын хөгжилд шинэ боломж бүрдүүлсэн болохыг форумд оролцогсод нэгэн дуугаар хэлж байсан юм.

Өнөөдөр энэ хотод аялал жуулчлалын улирлын үеэр олон улсын болон орон нутгийн 11 нислэг үйлдэж зорчигчдын тоо нь хэдийнэ 180 мянгаас давж буйг энэ үеэр онцолж байв. Мөн энэ хотоор жилд төмөр замын 120 сая, авто замаар 3,5 сая тонн ачаа дамжин өнгөрч байна. Чингэлэгтэй ачаа гэхэд л төмөр замаар тээвэрлэгдэн Манжуур-Далянь гэсэн чиглэлд зөөж байгаа юм. Хилийн шалган нэвтрүүлэх, гаалийн байгууллага 24 цагаар ажилладаг нь ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх боломж олгодог байна.

Мөн БНХАУ-ын танхимын эрхлэгч Liu Tingshan “Энэ удаагийн форумын гол зорилго нь гурван улсын эдийн засгийн кордиорыг байгуулахад оршино. Түүнчлэн 64 орны 1500 хувийн хэвшлийг дэмжих зорилгоор үзэсгэлэн зохион байгуулж байна. Ингэснээр гурван орны хувийн хэвшлүүд гадагшаа чиглэсэн хамтын ажиллагаатай болох болно. Харин Нэг бүс-Нэг замын тухайд, манай гурван оронд чиглэсэн олон улсын худалдааг хөнгөвчлөх зорилготой” болохыг онцлон хэллээ.

БНХАУ-ын тухайд 1988 оноос эхлэн гадаад ертөнцөд нээлттэй бодлого явуулж эхэлснээр Манжуур хотын гадаад харилцаа эхэлсэн гэж болно. Энэ үеэс Манжуур хот Оросын болон Монголын зарим хоттой, мөн Ази, Европ, Америкийн бүс нутгуудтай харилцаа тогтоон хамтран ажиллах болсон байна.

Эцэст нь хэлэхэд, гурван улсын хилийн уулзвар болох Манжуурт эдийн засгийн асар том чөлөөт бүс байгуулах ажилд Хятад улс шамдаж эхэлжээ. 73 га талбайтай энэхүү том ложистикийн төвд аж үйлдвэрийн болон хөнгөн үйлдвэрийн бүхий л бараа материал, хүнс, техник хэрэгслийн худалдаа үйлчилгээг төвлөрүүлэхийн зэрэгцээ ачаа тээвэр, хил гаалийн хяналт шалгалтыг нэг цэгт байлгахаар төлөвлөжээ. Энэхүү том бүтээн байгуулалтын төсөлд улсын төсвөөс 1 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын зээл олгож эхэлсэн байна. Тэрчлэн гаалийн баталгаат агуулах болон ачаа тээврийн компанийг зөвхөн Хятад улсын нутагт төдийгүй Оросын хилийн хотуудад ч байгуулахыг зорьж байгаа гэнэ.

О.СЭЛЭНГЭ

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.