Нийслэлийн ногоон бүсийн ойн сан Найрамдал зуслан, Баянхошууны Баруун зүүн салаа, Бэлх, Цэлх, Шадивлан, Яргайт, Жигжид, Шарга морьт, Баянбулаг, Майхан толгой, Хандгайт, Санзай, Их бага баян, Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ой бүхий нутагт Өрөөсгөл хүр эрвээхэйн голомт үүсээд байна гэж БОАЖЯ-наас мэдээлэв.
Манай орны ойн зонхилох хөнөөлт шавжийн нэг болох Өрөөсгөл хүр эрвээхэйн /Lymintria dispar L/ нислэгийн мөчлөг энэ цаг хугацаанд тохиож байна. Энэхүү зүйлийн хөнөөлт шавжийн бие гүйцсэн эрвээхэй наймдугаар сарын эхний арав хоногоос 9 дүгээр сарын эхний арав хоног хүртэлх хугацаанд идэвхтэй нисч эвцэлцээнд ордог. Шөнийн идэвхтэй, гэрэлд дуртай учир гэрэл гарсан газар нэг дор олноороо цуглан тохиромжтой газар өндөглөдөг.
Өрөөсгөл хүр эрвээхэй нь байгаль дээр байдаг биологийн төрөл зүйл бөгөөд хүнд онцын аюул учруулахгүй, хэт их нэг дор бөөгнөрсөн тохиолдолд хэвлийн хэсгээсээ нарийн тоосонцор ялгаруулдаг учир харшил өгөх магадлалтай.
Уг зүйлийн хөнөөлт шавжийн биологийн онцлогоос шалтгаалан одоогийн байдлаар гэрлэн болон феромонт урхи тавин эрвээхэй цуглуулах, өндөг хусаж цуглуулах аргаар тэмцлийн ажил явуулах нь хамгийн тохиромжтой байна. Эрвээхэйн нислэг 9 сарын эхний 10 хоног хүртэл үргэлжилнэ.
Иймд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн газар, гэр, байшин, албан байгууллагын хашаа, гэрлэн дор ихээр цугласан өрөөсгөл хүр эрвээхэйг устгах ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан зохион байгуулж ажиллахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Энэхүү эрвээхэй нь авгалдайгаа шахахын тулд 150 км-ийн цаанаас ч нүүдэллэх тохиолдол байдаг аж. Авгалдайгаа шахсан эрвээхэй шууд үхдэг. Эрвээхийнүүд бүгд нэг өдөр бие гүйцээд гараад ирдэггүй учраас элбэгших үйл явц нь сар орчим үргэлжлэх магадлал өндөр. Өрөөсгөл хүр эрвээхийний хэвлий хэсэг нь үслэг байдаг. Өндөглөснийх нь дараа тэр үслэг хэсэг нь өндөгийг нь хучиж, нар, салхи, бороо уснаас хамгаалах хамгаалалт болж үлддэг. Тиймээс ч хүр эрвээхэйн авгалдай нь хүйтэнд маш тэсвэртэй байдаг байна.
Өрөөсгөл хүр эрвээхэй нь байгаль дээр байдаг амьтан учир далавч болон бусад зүйлд нь хүрэхгүй бол хүнд онцын аюул учруулах нь ховор. Хаздаггүй. Харин хүрсэн тохиолдолд харшил тусах магадлал өндөр бөгөөд тоосонцор нь нүдэнд орвол сохрох хүртэл аюултай. Энэхүү эрвээхэй нь гэр болон албан тасалгаанд авгалдайгаа шахсан тохиолдолд шууд устгах шаардлагатай. Авгайлдайг устгахдаа бээлийтэй гар эсвэл төмөр, модоор авгалдайг хусч аваад шатаах хэрэгтэй. Мөн угаалгын нунтагтай усаар угаавал авгалдай амьсгалах чадваргүй болж үхдэг байна.
Эрвээхэйнээс сэргийлэхийн тулд нүүдэллэх хугацаанд цонх, хаалгаа сайтар хаах нь чухал.
Бие гүйцсэн эрвээхий юм иддэггүй хэд хоног нисээд үр төлөө үлдээгээд л үхчихдэг учраас бие гүйцсэн хойно нь устгах боломжгүй. Энэ чиглэлээр мэргэшиж судалгаа хийсэн эрдэмтэд эрвээхийний олшрох хугацааг тооцоолсон байдаг. Тэр тооцооллын дагуу өндөг, авгалдай байхад нь химийн хороор устгаж болно.
Өрөөсгөл хүр эрвээхэйн эмэгчин нь эрэгчнээсээ харьцангуй том байдаг. Хамгийн том эрвээхэйн далавчны урт нь 4-5 см, биеийн урт нь 2-3.5 см байсан гэдгийг судлаачид онцолсон. Эрвээхэйн нислэгийн үе дөнгөж эхэлж буйтай холбогдуулан ард, иргэдийг шаардлагагүй бол гадаа гэрэл асаахгүй байж, гэр болон байшингийн хана туурганд өндөглөсөн өндгийг хусч цуглуулах, булж устгахыг зөвлөж байна. Өндгийг хусч цуглуулахдаа амны хаалт, бээлий, нүдний шил хэрэглэхийг анхаарууллаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.