Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Засаг даргын зөвлөлийн гишүүд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн цахим бүртгэлийн ажлын явц, сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц, нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, урсгал засварын талаар холбогдох хүмүүсээс мэдээлэл авч зарим үүрэг даалгаваруудыг өглөө.
Энэ үеэр нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилга, засварын ажлын явцын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 108 тэрбум төгрөгийн өртөг бүхий 89 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа юм. Үүнээс 34.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 3770 ортой 26 цэцэрлэгэ, 67.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 8120 хүүхдийн суудалтай 12 сургуулийн барилга баригдаж байна. Энэ онд хэрэгжиж дуусахаар 51 сургууль цэцэрлэгийн засварын ажил хийгдэж байгаа юм. Нийслэийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр хэлэхдээ “Энэ онд багтааж дуусгах ажлыг дурдвал 1465 ор бүхий 12 цэцэрлэг, 7800 хүүхдийн суудал бүхий 10 сургуулийн барилга ашиглалтад орно. Мөн 21 сургууль, 30 цэцэрлэгийн засварын ажил мөн энэ онд багтаж бүрэн хэрэгжиж дуусна. Ирэх онд 2305 ортой 13 цэцэрлэг, 320 суудал, нэг спорт заал бүхий хоёр сургуулийн барилга, нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллан байна” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Боловсролын салбарт хийгдэж байгаа их засварын ажлуудыг энэ сарын 15-ны дотор дуусгах хэрэгтэй. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар их засварын ажил болон шинээр баригдаж байгаа ажлуудад тавих хяналтаа сайжруул. Очиж талбайн инженертэй уулзаад буцдаг биш. Компаниудын удирдлагуудтай уулзаж, графикыг нь шахуулаад, чанар байдалд нь хяналт тавих хэрэгтэй. Энэ онд багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг шахаж ирэх сарын 1-ний дотор ашиглалтад оруулахыг үүрэг болгосон юм. Мөн гурван жилийн турш үргэлжилж байгаа ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн барилгын ажлыг энэ хичээлийн жилд дуусгаж, сурагчдын хүлээн авах орчныг бүрдүүлэхийг үүрэгдлээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Сургуулийн сурагчид шинэ барилгаа хүлээгээд бүтэн 3 жил өөр сургууль дээр 3 ээлжээр хичээллэж байхад концессын гэрээгээр ажлын хийж байгаа компани хариуцлагагүй ажиллаж байна. Хэдийгээр концессийн гэрээгээр үүрэг хүлээж байгаа ч ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа компани байвал арга хэмжээг нь авна. Концессын гэрээний үүргийн дагуу 50 хувиа гүйцэтгэсэн компаниудад дараагийн санхүүжилтийн асуудлыг маш хурдан шийдвэрлэж өгөөд, гүйцэтгэлийг нь хурдан гаргаад явах хэрэгтэй” хэмээн анхааруулав. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтын газар инженерүүдэд “шинээр баригдаж байгаа болон засвар хийгдэж байгаа цэцэрлэг, сургуулийн ажилд хяналтаа тавиад, шургуу хугацаанд ажиллах хэрэгтэй” гэдгийг онцлон , үүрэг болгосон ажлуудыг тогтсон хугацаанд шийдвэрлэж, үр дүнд хүрэхийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаярт үүрэг болголоо.