Хамгийн зөв зам
“Таны хамгийн том өмч бол цаг хугацаа. Хүн яаж ч баяжаад таниас илүү цаг хугацаатай болж чадахгүй” хэмээн УИХ-ын гишүүн асан Ц. Оюунгэрэл нэгэн бүтээлдээ тодотгон хэлсэн байдаг.
Тийм ээ, туйлын зөв зүйл гэж байхгүй ч түүнтэй энэ зэрэгцэж болох хамгийн зөв зам бол гэртээ харих жим юм. Гэхдээ та тийшээ аз жаргал тээн очих ёстой. Энэ бол үүрэг. Харин үүргээ нэр төртэй биелүүлэхийн тулд аз жаргал гэгч нь яг юу болохыг тодорхойлсон өөрийн гэх шалгуур бий эсэхийг бодоорой. Өөрийнхөөрөө бай гэдэг уриаг хүн бүр хэлдэг бас хэвшүүлдэг ч болж. Гэхдээ юм бүхэн өөрчлөгдөж буй энэ цаг үед та өрөөл нэгэнтэй хамтарч ажиллахгүйгээр амжилтанд хүрэхгүй. Хэрхэн өөрийгөө алдахгүй мөртлөө өөрчлөлтөнд бэлэн байх вэ? Хурдаа авсан хөгжлийн явцад таны маш сайн мэддэг хэн нэг нь маргааш хэнд ч танигдамгүй хувирч байна уу? Өчигдөр хэвийн байсан зүйл өнөөдөр тэс ондоо болчихож уу? Тоглож өссөн багын анд чинь томоогүй бяцхан жаал байснаа болиод тусгаар улсынхаа тооно тулсан том эр болж уу? Үргэлж нунж дорой харагддаг байсан үеийн танил охин чинь үзэсгэлэн гоо нь жигдэрсэн үнэхээр сайхан бүсгүйд хувирчихаж уу? Арчаагүй юм яана даа гэж хэн нэг нь өрөвддөг байсан айлын танил залуу арга мэх нь гүйцэгдэхгүй лут бизнесмений энд хүрч, арай хийн өдөр хоногоо аргалж явсан ямар ч зорилгогүй бүсгүй айлын сайхан эхнэр, хүний үнэнч хань болчихож уу? Тийм ээ, яагаад болохгүй гэж?
Олон олон маргааш ирэх бүрт хүн түүнд зохицон өөрчлөгддөг. Багаас суусан зөв төлөвшил, ноён нуруугаа гээхийн утгыг танд хэлсэнгүй. Цаг цагаараа байдаг тэр л үйл явцад зохицож, зан байдал мэдрэмж хоёроо хослуулаарай гэсэн илэрхийлэл юм. Магадгүй та хэн нэгний сэтгэлд сэв суулгачих вий хэмээн эмээж чин үнэнг шударгаар шүүмжлэн хэлэхээсээ эмээн шал дэмий бялдууч зан гаргадаг бол яг одоо боль. Яагаад ч чадахгүй хэрнээ тусалчих юмсан хэмээн өөрийгөө мартсан хэт өгөөмөр зангаар аливаад хандаж бие сэтгэлээ зовоон туйлдуулж байхаар зоригтойхон шиг уучлаарай, чадахгүй нь ээ гэж хэлж сур. Энэ л шинж чанар таныг өөрийнхөөрөө байхад тусалж чадна.
Нэгэн цагт та хэн нэгнийг хайрлаж байснаа нэг хэсэг хугацаа өнгөрөхөд нэрийг нь ч санахгүй болтол мартдаг тийм л хорвоод амьдарч байна. Амьдрал гашуун ч амттай өдрүүд түүнээс олон. Саар явсан алдаагаа бусдаас бүү эр. Сайн сайхан яваад нь атаархаж бүү тачаад. Саад бэрхшээл бүхнийг өөдрөг үзлээр давж, сэтгэл зүрхэндээ эрч хүчийг агс. Мунхагийн ёроолд унасныг тань илтгэх тул эд баялгаар бүү бард. Муу санаа явцгүй тул элдэв ховоор бүү хөөцөлд. Оюун санаагаа хөгжүүл, олонтой бай. Идэвхтэй амьдар, инээмсэглэл бэлэглэ. Өөрийгөө тольд. Өнгөрсөн онтой хамт муу зуршлаа орхиж, шинэ оны өөрчлөлтөнд зохицож өөрийгөө олоорой. Гэрийнхээ үүдээр аз жаргал хөтлөн ороорой.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.