2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар МАХН-ын дарга Н.Энхбаярын байр суурийг сонслоо.
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарлаа. Энэ санал хураалт шударга болсон эсэх дээр олон нийт санал бодлоо илэрхийлсээр байна. МАХН-ын даргын хувьд энэ тал дээр хариулт өгөхгүй юу?
-Сонгууль болдгоороо болоод өнгөрлөө. Гэхдээ шударга ёсыг сэргээхэд нэг алхам ойртсон үр дүнтэй сонгууль боллоо. Яг шударгаар тоолох юм бол манай намаас нэр дэвшигч С.Ганбаатарт 500 орчим мянган хүн саналаа өгчээ. Өөр хэлбэл хагас сая сонгогч маань шударга ёсыг тогтоохын төлөө саналаа өглөө. Байгалийн баялагийг хүн бүхэнд тэгш хүртэх боломжтой болохын төлөө, хээл хахууль, авилгыг устгахын төлөө оффшорт нуусан хөрөнгийг буцааж Монголдоо авчрахын төлөө, өр ширнээсээ салахын төлөө, хүүхдийнхээ ирээдүйн төлөө, ахмадуудынхаа эрүүл мэндийн төлөө, хөдөө орон нутгаа жигд хөгжүүлэхийн төлөө, Улаанбаатар хотоо олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхийн төлөө тэд саналаа өгчээ. Бидний хийж хэрэгжүүлэх ажлыг эерэгээр хүлээн авч, шударгаар саналаа өглөө. Тиймээс нийт сонгогчиддоо түүний дотор шударга ёсны төлөө манай намаас нэр дэвшигч С.Ганбаатарыг сонгосон та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Нийгэм даяараа энэ сонгуулийг шударга бус боллоо хэмээн ярьж байна. Таны байр суурь?
-Харсаар үзсээр байтал бид саналаа луйвардуулчихлаа. Манай нэр дэвшигчийн саналаас янз бүрийн аргаар хулгайлсан. Манай нэр дэвшигч эхний 2-т гарцаагүй багтахаар байлаа. Энэ байдал маань унтаад босох хооронд өөрчлөгдлөө. Манай нэр дэвшигчийг хүчээр гуравт орууллаа. Энэ бол СЕХ-ны нэр бүхий хүмүүсийн хийж байгаа булхай луйвар юм. Х.Баттулга, М.Энхболд хоёр энэ хоёр хүнд үүрэг даалгавар өгч хийлгэсэн эсэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ бол Содномцэрэн, Болдсайхан нарын гэмт үйлдэл юм. Эдгээр хүмүүс нэг нь АН,нөгөө нь МАН-ыг төлөөлдөг байгаа. Эд нэг бус удаа ард түмнийхээ саналыг луйвардаж авлаа. Хэний ч даалгаврыг биелүүлдэг юм. Тэднийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах ёстой. Ер нь луйварчид байгаа цагт шударга сонгууль болохгүй гэдэг нь олон зүйл дээр батлагдаж байна.
-Сонгуулийн сурталчилгааны үед ч С.Ганбаатарыг янз бүрээр дарамтлах зүйл гарч байлаа?
-Тийм ээ. Манай нэр дэвшигчийг байнга мөшгин мөрдөж байсан. СЕХ С.Ганбаатарын эсрэг хар пиарыг байнга дэмжиж байлаа. Тэд нэр дэвшигчийн маань нэр төрийг унагахын тулд янз бүрийн баталгаагүй, эх сурвалжгүй мэдээлэл хийж байлаа. Энэ мэтээр энэ сонгууль туйлын булхайтай, хар пиараар дүүрэн сонгууль боллоо гэж үзэж байна. Мөн сонгогчдод мөнгө тараалаа. Энэ мэдээллийг иргэд маань өөрсдөө ирж бидэнд мэдээллэж байна. Амьдрал хэцүү учраас аргагүй мөнгийг аваад сонгуулиа өгчихлөө гэж байна. Хүүхдүүдийн маань ажил төрлөөр барьцаалаад байгаа учраас саналаа ингэж өглөө гээд ирсэн хүн олон байсан. Зарим хүн “Мөнгө өгсөн би аваагүй. Энэ мөнгөөр би амьдралаа шийдэж чадахгүй. Харин авилгачдын эсрэг саналаа өглөө” гэж хэлж байсан. Тийм учраас 500 мянган орчим эр зоригтой шударга сонгогч байгаа юм байна. Одоо энэ алдааг засах боломж бол байна. С.Ганбаатар одоо ийм зүйл хийе гэж үзэл бодлоо илэрхийлсэн. Түүний үзэл санаанд бид хүндэтгэлтэй хандаж байна.
-Энэ 500 мянган хүний саналыг үнэгүйдүүлэхгүй байх тал дээр МАХН-наас ямар зүйл хийх вэ. Мөн таныг МАН-ынхантай уулзсан талаар ярьж байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Сонгуулийн дараа энэ 500 мянган хүний санал бодол хаашаа чиглэх бол гэсэн зүйл гарч ирсэн. Би М.Энхболд, Х.Баттулга нартай хоёулантай нь уулзсан. Тэд 500 мянган хүний саналыг өөрсөддөө өгөөч гэж уриалж өгөхийг хүссэн. Би тэдэнд хандаж “Эхлээд энэ луйврын сонгуулийн дүнг нь сайн судалж луйвар булхайг нь арилгаад үзье. Эхний хоёрт хэн үлдэх вэ гэдгийг тогтооё” гэж хэлсэн. Хэн хэн нь энэ хэцүү байх аа. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн гэсэн байр суурь илэрхийлж байна лээ. Мөн 500 мянган хүний саналыг би хэлээд л тэд саналаа өөрчлөнө гэж байхгүй шүү дээ. Би ч тийм байр суурь илэрхийлж чадахгүй. Харин нэр дэвшигч маань өөрөө ямар байр суурь илэрхийлэх вэ. Түүнийг бид хүндэтгэлтэйгээр хүлээн авч, хандах болно. Улс орны өмнө тулгамдсан асуудлын талаар намын удирдлагууд уулзаж санал бодлоо солилцох нь нэг их гайхаад байх асуудал биш гэж бодож байна. Ийм л уулзалт болсон. Түүнээс энд Н.Энхбаярт албан тушаал амласан талаар яриа огт болоогүй. Би албан тушаал өгсөн ч авахгүй. Яагаад гэхээр энэ эх орны маань тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийн талаар яриа юм. Шударга сонгууль хийе, үр дүнг нь баталгаажууъя. Бидний зүгээс нэр дэвшигчийнхээ байр суурийг дэмжинэ.
Эх сурвалж:www.polit.mn
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.