Гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дууссанаар газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж өслөө

1 цагийн өмнө Ертөнц

Ойрхи Дорнодын бүс нутагт тогтоод байсан түр зуурын тогтвортой байдал эвдэгдэж, АНУ болон Ираны хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дуусгавар болсноор дэлхийн эрчим хүчний зах зээлд хүчтэй савлагаа үүслээ.

Хэлэлцээр зогссонтой зэрэгцэн геополитикийн мөргөлдөөн дахин эрчимжиж, улмаар дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн гол судас болох Ормузын хоолойн тээвэрлэлтэд ноцтой саатал гарч эхэлсэн байна. Дэлхийн нийт газрын тосны тээвэрлэлтийн бараг 20 орчим хувь нь дамжин өнгөрдөг тус хоолойн хөдөлгөөн тогтворгүй болсон нь зах зээлд нийлүүлэлтийн гүн хомсдол үүсэх айдас төрүүлж, хөрөнгө оруулагчдыг түгшээж байна.Үүний улмаас дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш огцом өсөж, 2022 оноос хойш анх удаа баррель нь 100 ам.долларын босгыг давж гарлаа. Энэхүү өсөлт нь зөвхөн түүхий эдийн биржээр хязгаарлагдахгүй бөгөөд дэлхийн эдийн засагт инфляцын дарамтыг дахин сэргээх эрсдэлийг дагуулж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Ойрхи Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн урт хугацаанд үргэлжилж, тээвэрлэлтийн аюулгүй байдал хангагдахгүй бол газрын тосны үнэ цаашид ч өсөх хандлагатай байна. Олон улсын эрчим хүчний агентлагууд болон томоохон импортлогч орнууд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд энэхүү үнийн шок нь уул уурхай, тээвэр логистик болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртөгт шууд нөлөөлж эхэллээ.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.