“ХҮНИЙ ҮР” РЕНЕ МАГРИТТ (1964)
“Хүний үр” (Англи: Son of man, Франц: Le fils de l’homme) гэдэг энэхүү зургийг Белгийн сюрреалист зураач Рене Магритт 1964 онд бүтээжээ. Тус зурганд бүрх малгай, улаан зангиа, урт хүрэмтэй хүн намхан хашлагын наана зогсож, цаана нь бүрхэг тэнгэр далай харагдаж байгаа бөгөөд нүүрийг нь ногоон алим хаасан байдлаар дүрслэгдсэн байна. Зураач Магритт энэхүү зургийг өөрийнхөө хөрөг зураг маягаар зурсан аж.
Зураач энэхүү зургаараа хүний олон нүүртэйг харуулах гэсэн мэт. Ялангуяа тус зургаар дүрслэгдсэн бүрх малгай, урт хүрэмтэй хүн нь тухайн үеийн капиталист буюу зах зээлийн эдийн засаг бүрэн утгаараа цогцолсон орнуудын бизнесмэнүүдийн ерөнхий дүр төрх байж. Монголчууд бид “Зах зээлд орсноос хойш” гэж их ярьдаг. Энэ нь түүнээс болж нийгэм, улс төр цаашлаад хүний ухамсар, зан төлөвт бий болсон муу муухайн тухай ярианы оршил байх нь бий. Ер нь зах зээлийн эдийн засаг нь хэн овсгоо самбаатай, зарим тохиолдолд олон нүүр гаргаж чаддаг нь хождог сул талтай болохыг манай зураач олж хараад энэ зургаараа дүрслэхийг оролдсон ч байж болох юм.
Магритт өөрөө энэ зургынхаа талаар “Нүүрийг нь яг ч бүтэн хаагаагүй байгаа л даа. Хүний нүүрийг алим хаасан ч хальт мульт харагдаж байгаа гэсэн үг. Энэ бол бидэнтэй хаана ч таардаг үзэгдэл. Бидэнд харагдаж буй юм бүрэн цаанаа ямар нэг юм нууж, хүмүүс бид дандаа цаадахыг нь харахыг хүсч, өнгөлзөж байдаг. Урдах юмаараа юугаа нуусныг харах хүсэл бүгдэд л бий. Энэ л сонирхол нь харагдаж буй болон харагдахгүй байгаа хэсгийн хооронд зөрчилдөөн ч гэх үү сонин мэдрэмж бий болгодог юм” гэжээ.
Энэхүү зургаас сэдэвлэсэн олон янзын бүтээл, сурталчилгааны материалууд байдаг. Энэ санаагаар олон янзын зураг гаргасан Юрс Фишер гэгч уран бүтээлч алдартай одуудын нүүрийг янз янзын жимс, эд хэрэгслээр хаасан цуврал бүтээл гаргасан бөгөөд нүүрийг нь хааж байгаа эдээр тухайн хүний амьдралыг нь харуулахыг оролдсон байдаг.
Зургийн тайлбар болон өнөөгийн нийгмийн байдлыг бодож үзээд нээрээ л бид үнэхээр хэн нэгний үнэн царайг харж чаддаггүй, өөрсдөө ч үнэн царайгаа ямар нэг юмаар нуун халхалж байдаг шүү дээ гэж эрхгүй бодогдмоор.
СЮРРЕАЛИЗМ
Сюрреализм нь 1920 –оод оноос хойш эрчтэй өрнөсөн урсгал юм. Реализм буюу бодит байдлын гоо сайхныг харуулдаг зургийн үндсэн ойлголтыг эвдэж бодит ертөнцөд байхын аргагүй ч, байдаг ч юм шиг тийм нэгэн орон зайг дүрсэлдэг. Энэ төрлийн уран бүтээлчид хүний дотоод ертөнц, философийн түвшний асуудлуудыг илэрхийлдэг гэж бүтээлүүдээ тайлбарладаг юм.
РЕНЕ МАГРИТТ
Рене Магритт нь 1898 онд төрсөн Белгийн сюрреалист чиглэлийн уран зураач юм. Түүний бүтээлүүд нь утгагүй мэт боловч асар их бодрол авчирдаг гэдгээрээ алдартай. Европын холбооны нийслэл гэгддэг Брюссель хотод түүний нэрэмжит музей бий.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.