Энэ удаагийнхаа зочноор УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг урилаа.
-Сонгуулиас хойш та нэлээд нам гүм байлаа. “Эрэн сурвалжлаад” энэ хүн хаачив гэсэн олон хүн байх шиг байсан. Улс төрд иргэний дуу хоолой болж гарч ирж байна гэж ойлгож болох уу?
-Найман сар энэ 65-ын бүлгийг харлаа. Улс орны маань амьдралыг цэгцэлчих болов уу, дорвитой бодлого хэрэгжүүлчих болов уу гэж, байдаггүй шүү. 12 жил завсаргүй төрд зүтгэчихсэн хүн чинь амармаар санагддаг юм байна. Тэгээд харлаа. Ер нь хэрэг алга. Конопчдын цуглуулга шиг л юм харагдаж байна. Иргэдийн амьдрал энэ найман сарын хугацаанд дээрдэж өөөрчлөгдсөн юм алга. Хамгийн аюултай юм нь төр барьцаалагдчихсан байна. Би УИХ-ын гишүүнээр дөрвөн жил ажиллахдаа яг л үүнийг хэлдэг байсан. Болиоч, иргэдийн төлөө шийдвэр гаргаач гэж. Иргэдийн төлөө гаргах ёстой шийдвэрээ бусдад битгий худалдаач ээ гэдэг байсан. Зарим талаараа бас ад болсон байх. Ингээд үндсэндээ дуугарахаас өөр аргагүй байдалд орж байна. Монголчууд нэг бодлын уужуу тайван ч гэлээ нөгөө бодлын их аминчхан улс юм уу даа. Төрөхдөө талбай дээр төрчихсөн юм шиг хэдэн нөхөдүүд эсвэл дуугарах ёстой юм уу. Олон сайхан эх орончид зүтгээд байгаа ч цөөндөж байна. Нэг ийм үг байдаг даа. Өөрийн мал руу дайраагүй чоныг өлзийтэй гэж магтах гэж. Яг л өөрийнх нь гэрээс хулгай хийгээгүй л бол тэр их сайн чоно болж таарч байна л даа. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийг хулгайлж байгаа чоныг бид өөр рүү нь дайраагүй чоно болохоор л өлзийтэй гэж магтах тэнэгийн үлгэр шиг болчих гээд байна даа.
-Та манай төр барьцаалагдчихжээ гэж хэллээ. Хэнд юунд барьцаалагдсан гэж хэлэв?
-Барьцаалагдсан төр гэдгийг би зохиож хэлж байгаа юм биш. Дэлхийн банкны хэллэг шүү. Дэлхийн банк, Валютын сан, Олон улсын том байгууллагууд буурай орнууд яагаад хөгжихгүй байгаа вэ гэдэг дээр “pledged state” буюу барьцаалагдсан төр гэж би орчуулаад байгаа юм. Өнөөдөр чи бодоод үз. Манай төрөөс гарч байгаа шийдвэрүүд нь зөвхөн хэдэн бүлэглэлд зориулагдаад байна. Оюутолгой дээр ч Тавантолгой дээр ч тэр. Тавантолгой дээр зөвхөн МСS гэдэг компанийн өрийг цайруулахын тулд Тавантолгойн уурхайгаа миний сониноос уншсанаар бол 1.5 тэрбум ам.долларын өрөнд явуулж байна. Энэ бол барьцаалагдсан төр. Эрдэнэтийн 49 хувийг оруулж ирээд төр авах уу, үгүй юу гэдэг дээр ичмээр үгнүүд ярьж байна. Энэ бол төр барьцаалагдсан байна гэсэн үг. Тэгэхээр барьцаалагдсан төрийг барьцаанаас нь салгах аяныг жирийн иргэн бид хийхгүй бол болохгүй. Ер нь төр гэж юу юм бэ. 76 гишүүнийг хэлээгүй шүү дээ. Төрийн түшээ л гэдэг. Төрийн зарц гэсэн үг. Харин гурван сая хүмүүсийн эрх ашгийг төр гэнэ. Ирээдүйд төрөх олон сая монголчуудын эрх ашгийг төр гэж нэрлээд байгаа юм. Газар нутаг, хүмүүсийн эрх ашиг хоёр нийлж байж төрийг бий болгодог. Тэгэхээр үүнийгээ барьцаалчихаад байна.
***Бид Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийг тавиад туучихлаа. Одоо яах вэ гэж бодуулахаар Баабар тэргүүтэй хөлсний нийтлэлчид ажиллаж эхэлнэ. Ажиллаж байгаа. Өнөөдөр Эрдэнэтийн асуудал дээр бүгд биеэ үнэлэгч болсон юм шиг санагддаг. Энэ эдийн засгийн сургуулийн багш нар, энэ олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ШУТИС-ын багш нар юу хийдэг юм бэ. Манай эрдэмтэд хаана байна. Шог зураачид хаана байна. Бүгд худалдагдсан юм уу…
-Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт гэх мэт манай улсын эдийн засгийг тэтгэдэг “саалийн үнээ” бидэнд бий. Гэсэн ч бидэнд эдгээрээс орж ирж байгаа орлого дутмаг байна. Бондын өрөө төлөхийн тулд иргэдээсээ хандив аваад эхэлчихлээ. Үүнээс өөрөөр мөнгө босгох ямар гарц гаргалгаа байна вэ?
-Бид Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийг тавиад туучихлаа. Одоо яах вэ гэж бодуулахаар Баабар тэргүүтэй хөлсний нийтлэлчид ажиллаж эхэлнэ. Ажиллаж байгаа. Өнөөдөр Эрдэнэтийн асуудал дээр бүгд биеэ үнэлэгч болсон юм шиг санагддаг. Энэ эдийн засгийн сургуулийн багш нар, энэ олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ШУТИС-ын багш нар юу хийдэг юм бэ. Манай эрдэмтэд хаана байна. Шог зураачид хаана байна. Бүгд худалдагдсан юм уу. Тэдний мэргэжлийн үнэнч байдал хаачив. Гэхдээ би монголын амиа бодсон зарим эрдэмтдэд баярладаг. Ганбаатарт дуугарах боломж өгч байна. Уг нь Ганбаатараас өмнө тэд дуугарах байсан. Эдийн засагч, сэтгүүлч гэх мэт улс 1+1=2 гэдгийг тайлбарлаг болохоос Засгийн газарт гурав гэж гарах нь ашигтай юу тав гэж гарах нь ашигтай юу гэдгийг бодох ёсгүй. Гэтэл эд өнөөдөр гурав гэж гарга гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, олигархиуд, Засгийн газар хариуг нь захиалаад байна. Жишээ нь, Эрдэнэтийн 49 хувь дээр л гэхэд төр хувийн өмч рүү дайрах нь, нийгэмчлэх нь гэсэн сөрөг пиар явж байгаа. Би хариултыг нь хэлээд өгье. Төр уул уурхай, бизнестэй хутгалдвал муухай гэж эд их ярьж байна. Төр уурхай ажиллуулж чадахгүй байж болно. Төр уурхайн менежмент хийхдээ муу байж болно. Төр уурхайтай байх нь муу юм биш. Төр уурхайн өмчлөлтэй байх нь муу асуудал биш. Эд албаар төрийг муухай харагдуулах гэж хольж тайлбарлаад байгаа юм. Одоо хар. Монгол төр муухай, Тавантолгойг хувьд өгье гээд яриад байна. Хувь нь хэн юм гэхээр Шиньхуяа гэдэг компани юм. Шиньхуа нь юу юм гэхээр хятадын төрийн компани шүү дээ. Тэгэхээр Монгол төр баба хятадын төр сайхан гэж хэлэх гээд байна уу даа. Энэ нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, төрийн өмч хувьд очоод гялаагаад гялтайсан нь хаана байгаа юм. Нэг жишээ хэлээд өг дөө. Төрийн өмч байж байгаад хувьчлагдсан энэ олон гутлын үйлдвэр, нэгдлүүд, одоо хаана байна. Одоо зүгээр л түрээсийн лангуунууд болсон.
-Энэ асуултад эдийн засагчид ихэнх нь юу гэдэг вэ гэхээр Тавантолгой, “Энержи ресурс” хоёрыг харьцуулаад үз гэж хэлдэг шүү дээ?
-“Энержи ресурс” чинь реклам л сайтай болохоос өрөнд орчихсон. Өрөндөө Тавантолгойг өгөх гээд ядраад явж байгаа газар. Сарынхаа хүүнд гэхэд л хэдэн арван сая ам.доллар төлдөг. Түүнийгээ нөгөө үйлдвэрлээд байгаа ундаа, утасны орлогоороо ч төлж чадахгүй ядарсан улс боллоо. Тэд төрийн зарим нэг улс төрчдыг барьцаалсан байж болно. Рекламтай байж болно. Энэ нь тэд сайн гэсэн үг биш. Эрдэнэтийн 49 хувь тэгвэл төрд байх нь яагаад сайн юм бэ гэж чи надаас асуу. Чи бодоод үз. Путин яаж Орос орныг аварсан бэ гэхээр Абрамович, Брьязовский гээд олон том том компаниудын хувийг төрд авсан учраас Орос орон боссон. Өнөөдөр Чилийн том ордуудыг яриад байна. 100 хувь төрийнх нь өмч. Дайчинтамсаг гээд л яриад байна. Манай нефтийг хэн аваад байна гэж бодож байна. Петрочайна чинь хятадын төрийн өмчит компани шүү дээ. Өнөөдөр Норвеги дэлхийд гайхуулж байна гэдэг. Норвегийн уул уурхайн бүх том компани 100 хувь төрийн өмч. Төрийн өмчийн компаниудад шахаа явж байгаа үнэн. Энэ бол муу зүйл. Шахаа явуулаад үүнийг нь гааруулаад дампуурахаар нь худалдаад авчихана гэж байгаа улс төрчдийн бүлэглэл нь муу зүйл болохоос биш төр хувьдаа үйлдвэртэй байх нь муухай зүйл биш шүү. Харин муухай харагдуулаад байгаа шахааг хянах маш олон аргууд бий. Үүнийгээ улс төрчид хийхгүй байна.
-Гишүүн байхдаа та төрийн компанид нүүрлэсэн шахааны бизнесийн талаар юу хийсэн бэ?
-Би ёстой амаа цангатал хэлж босоо, хэвтээгээрээ дуудуулж зүтгэж байсан шүү. Үүн дээр би харин хэлэх үгтэй. Гишүүн байхдаа амаа үдүүлсэн мэт дуугүй байснаа одоо дуугараад байгаа юм биш ээ. Би харин энэ тал дээр нүүртэй. Харин одоо МУИС-ийн эдийн засагчид дуугараасай. Юу гэвэл, 49 хувь нь яг хэдэн төгрөгийн үнэлгээтэй вэ гэдгийг өнөөдрийг болтол хэн ч гаргаж ирж ярихгүй байна. Тэр доор байгаа баялаг хэдэн жилийн настай вэ. Энэ янзаараа ухвал 20 жил ухна гэсэн тооцоог сонин дээрээс уншсан. Оюутолгойн тухайд би баримттай ярьдаг бол Эрдэнэтийн тухайд сонины мэдээллээр ярьж байна. Жилдээ хоёр сая ам.долларыг ногдол ашиг нэрээр Оросуудад өгдөг. Тэгэхээр 20 жил жил бүр хоёр сая ам.доллар өгнө гэдэг урт хугацаандаа 40 сая ам.долларыг л оросуудад өгөх нь байна. Түүнийгээ бид 400 сая ам.доллараар худалдаж аваад байгаа юм биш үү. 40 сая ам.доллларыг 400 сая доллараар худалдаж авах хэрэг байдаг юм уу. Хоёрдугаарт, 49 хувь оросод байгаа тохиолдолд Монгол өөрөө “Рио Тинто” шиг луйвар хийж ажиллаж байгаа. Яагаад гэвэл ГОК гэдэг үйлдвэрээсээ шахаа энэ тэр гээд баахан танаж байгаа юм. Буруу л даа гэхдээ л монголд үлдэнэ. 5000 ажилчинтай. Болсон болоогүй баахан илүүдэл хүмүүст цалин өгч байгаа юм. Цаана нь дахиад 3000-4000 хувьцаа эзэмшигч бий. Ингэхээр 8000-9000 хүнийг орлогожуулдаг. Үүн дээр тамирчдаа ивээн тэтгэнэ гээд баахан зардал хасч хасч байгаад үлдсэн мөнгөө 59:51 гэж хуваадаг. Монголд энэ нь хэрэгтэй байх нь. Гуравдугаарт, ГОК-ийн ажилчид бол зүгээр нэг эрэг, шураг, машин биш. Тэдний зүрх сэтгэл 30 гаруй жилийн хугацаанд хөдөлмөрлөж Эрдэнэтийг үйлдвэр болгож хөл дээр нь босгосон. Хүмүүс зэсийн баяжмалыг үйлдвэрлэсэн учраас тэр хүмүүст энэ 49 хувийн асуудал хамаатай.
-Та нэг хэсэг чимээгүй болсон. Дахин гарч ирж байгаа нь улс төрийн зорилготой юу?
-Улс төрийн зорилготой. Хүмүүсийг сэрээж хүмүүст санаа бодол өгч, барьцаалагдсан төрийг барьцаанаас нь салгана гэдэг бол улс төрийн асуудал. Улс төрийн зорилго. Довоо шарлуулаад байвал цаана чинь хулгай гаарна. Мэдлэггүйн доор боол, хуульгүйн доор хулгай гэдэг үг манай өнөөгийн нийгэмд утгаа олчихлоо. Гэртээ байгаад хувийн бизнес хийгээд залуу улстөрчдийг хүмүүжүүлье гээд “Залуу улс төрчдийн академи” гэдгийг байгуулъя гээд нэг хэсэг явлаа. Надад ч энэ нь амар байлаа. Гэхдээ би тэмцэнэ. Улс төрд зүтгэнэ. Монголчууд бол ухаантай дуугүй хүмүүсийн цуглуулга болж байна.
-Таны хувьд ямар нэгэн шинэ нам дахиад байгуулаад өрхийг нь татаад явах уу, эсвэл тэмцэгчийн замаасаа бүх зүйлийг эхлэх үү?
-Ямар шаардлага байна түүгээр нь явна. Талбай дээр гараад жагсах шаардлагатай бол жагсана. Ойрын үед бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрт шаардлага хүргүүлж энэ барьцаалагдсан, эдийн засгийг авч явах чадамжгүй болсон өрнөөс өрний хооронд явж байгаа, бадар барьж гуйхаас өөр хийх юмгүй болсон энэ төрд гарц гаргалгааны тал дээр бичсэн нэлээд их зүйлс байгаа. Үүнийгээ санал болгоно. Хийхгүй, хүлээж авах боломжгүй гэвэл үүнээс илүү ямар саналууд байгаа юм бэ гэдгийг нь асууна. Биднийхээс илүү санал байвал дэмжинэ. Байхгүй бол өөрийнхөө саналуудыг бариад хэлэлцээрт суухаас өөр аргагүй. Тэд үгүй, үүнийг хийх боломжгүй гэж тооцвол бид дараагийн тэмцлийн хэлбэрт орно. Мэдээж энэ хэцүү ажил.
-Таныг ийм байдлаар ажиллавал шантаажилж байна гэж харах юм биш үү?
-Намайг юу гэж нэрлэж яаж харах нь хамаагүй. Олон нийт тэгж үзэхгүй. Харин олон нийтэд тэгж ойлгуулах хүмүүс мундахгүй байх. Өнгөрсөн 10 гаруй жил хүмүүсийн цалинг би зургаан удаа нэмж байсан. Үүнийг тэд тухайн цаг үе болгонд шантааж гэж нэрлэж байсан. Би сүүлийн 5-6 жил шантааж хийсэнгүй. Та нарын цалин нэмэгдсэн юм уу. Намайг шантаажаараа дуудуулаад тэмцэж явахад дөрвөн удаа тэтгэвэр нэмэгдэж байсан. Өнөөдөр уул уурхайн баялгийн үндэсний үзэл гээчийг ярилаа. Үүнийг огт ярихгүй байвал хөгжих гээд байсан юм уу. Ямар ч байсан монголчууд бүгд амиа бодогчид биш. Үнэнийг ярьдаг их олон хүн байдаг гэдгийг ойлгуулж ярилаа. Бусдынхаа төлөө өөрийгөө золиослох чадваргүй үндэстэн дандаа боол байдаг гэж айхтар үг бий. Одоо бол хамгийн аймшигтай нь үндэстэн даяараа зугаа цэнгэл рүү хошуурч байна. Бөх, морь, мисс гурваа үзээд л давхилдаад байна. Тэгэхээр мөхөж байгаа үндэстэн л зугаа цэнгэлдээ хошуурдаг гэсэн айхтар үг бий.
-Та бол тэмцэгчийн замналаас улс төрийн карьераа эхлүүлсэн. Төрийн түшээ болж үзсэн. Намын даргын суудал ч танд байсан. Энэ бүх шат, индэрийн алин дээрээс нь ажил хийхэд илүү амар хялбар байж дээ гэж боддог вэ?
-УИХ-ын гишүүн болох нь гудамжинд орлихоос хамаагүй дээр. Бас ч гэж Дубайн гэрээний үндсэн мөн чанарыг би гудамжинд байсан бол олох ч үгүй байсан. Нууц гэрээнүүд байлаа шүү дээ. Түүнийг ард түмэндээ дэлгэж байсан. Хоёрдугаарт, өнгөрсөн дөрвөн жилд гудамжинд бараг зургаан жил орлисон санаа бодлоо УИХ-ын индэр дээрээс дөрвөн жил ярихад маш сайн ойлгуулж чадсан. Дайралт нь хэцүү ч гэсэн гайхалтай том боломж байсан. Тэгэхээр нь ер нь одоо би яамаар байна гэхээр Ерөнхий сайд л болмоор байна. Тэгвэл би энэ гэрээнүүдийг өөрчилж хэлэлцээрт сууна.
-ХҮН намын тухайд та дарга нь болж явсан. Энэ намыг таныг үгүй хийчихлээ гэж ярих олон хүн тухайн үед байсан. Алдаа нь хаанаа байсан юм бэ?
-Би гишүүн шиг гишүүн явсан учраас намын дарга гэж ийм л байдаг болоосой гэж овоо урам өгч байсан үед залуус надад санал тавьж байсан. Тэр үед би ч гэсэн шинэ залуу, зөв хүмүүсийг улс төрд оруулах гишгүүр нь би болоё, нэмэр болоё гэж бодсон. Би орсон. Намын даргаар би сонгогдсон. Тэгээд л бид чинь хүч аваад бяр ороод ард түмэн ч хүрээлээд ирэхийн алдад хүчний байгууллагуудтайгаа нийлж байгаад АН-ын удирдлагууд МАН-ын удирдлагууд ч орсон байх. Хамтдаа нийлээд л дайрчихсан. Хэвлэл мэдээллээр сөрөг пиарууд ч цацагдсан. Хөөрхий дөө надаас хайж хайж ганц өө олсон нь Лондонд миний төгсөж чадаагүй сургуулийг л олж ирсэн. Би төгсөөгүй үнэн. Би хэзээ ч төгссөн гэдэггүй. Гэхдээ УИХ-ын гишүүний анкет дээрээ бичсэн нь миний алдаа байсан.
-С.Ганбаатар гэж хүн л намын суудлыг үнэлж иргэдийн дунд нэр хүндтэй гарч ирсэн намыг улс төрийн тавцан дээрээс арчлаа гэсэн яриа их гарсан. Та үүн дээр нэг их тайлбар өгөөгүй санагддаг?
-Надад тайлбар өгөх боломж гараагүй. Надруу дайрсан намайг буруутгасан энэ мессэжүүдийг чинь маш их мөнгөөр хүчтэй ярьсан. Зурагт радиогийн маш үнэтэй цагуудаар ярьсан. Сонгууль дөхчихсөн үе байсан. Тэгвэл би танайхаар одоо тайлбар өгч байгаадаа баяртай байна. Үүнийг асууж байгаад ч баярлалаа. Яг эсрэгээрээ зүйл болсон шүү. Гишүүд маань листээ үнэлээд эхэлчихсэн юм. Үүнийг нь цаанаас нь зохион байгуулалттайгаар дөгөөгөөд хутган үймүүлэх гэсэн санаанууд их байсан. Одоо би ийм зүйлийг ярьж цагаа үрмээргүй байна. Залууст би боломж өгөх гэж оролдсон. Дахиад ч үргэлжлүүлнэ.
-Дахиад нам байгуулах уу?
-Улс төрд гарч ирэх залууст хүч өгнө. Нам байгуулах хэлбэрээр л энэ нь илэрнэ.
-Та “Би Ерөнхий сайд л болмоор байна” гэлээ. Тийм боломж хэзээ гарч ирнэ гэж бодож байна?
-Энэ бүлэглэлүүд гэнэт ухаараад зөв шударга хүмүүс нь төрд гараад яваг дээ гэж бодож, сэрэх болов уу гэж би хүлээхгүй. Зөв шинэ залуус хүчээ нэгтгэж байж ажиллана. Тэд надад ийм боломж олгоно.
–Танд залуусын дэмжлэг ирнэ гэсэн итгэл мэдрэгдэж байна уу?
-Залуус жил ирэх тусам улам их сэрж байна. Сая гэхэд л би найман их дээд сургуулиас лекци унших урилга авлаа. Ер нь л тэдний идэвхи их сэргэсэн байна. Залуус бид зүгээр л хараад яваад байх нь гол биш. Энэ янзаараа бидний ирээдүй маш эрэсдэлтэй болчихлоо гэдгийг залуу хүн болгон мэдэрч ойлгож байна.
***МАН-ын Засгийн газар 60 тэрбумын бялуугаа энэ найман сарын турш амжилттай сайн хуваалаа. Тийм л ажил хийлээ. Яг одоо гялтайлгаад хэлчих юм гэвэл малчдын тэтгэврийн насыг багасгасан гэж байна. Үгүй мөн сайхан юм хийжээ. Тэтгэврийн сан өнөөдөр хоосон. Данс нь улайссан байгаа. Тэтгэврийн даацаа яаж хаанаас нөхөх гээд байгаа юм бэ. Хаанаас мөнгө олох гээд байгаа юм. Энэ нь нөгөө популист амлалт. Тооцоо үндэслэлгүй ажиллаж байна. Өнөөдөр шөнийн тогийг тэглэх ёстой гэдгийг би олон жил ярьж байсан. Үүний орнийг нөхөж байгаа мөнгө нь хаана байна вэ гэдгийг асуумаар байна.
-Жирийн иргэн болчихоор гишүүн байсан үеийнхээс хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдөж байна?
-Нэг их өөрчлөгдөөд байгаа юм алга. Гэхдээ нэг зүйлийг хэлье. Би бас УИХ-ын танхимд ганцаараа цөөдөж боорлуулж байсан хүн. МАНАН-гийн засгийн газар эдийн засгийг ийм хар нүх рүү оруулсан шүү дээ. Ийм нөхцөлд Ц.Даваасүрэн О.Баасанхүү, Т.Аюурсайхан, С.Жавхалан, Х.Болорчулуун нарын гишүүд бол үнэхээр дайчин зүтгэж байгаа. Хүний олон хүнээ барьдаггүй юм гэдгийг харуулж улам бүр хичээгээсэй. Миний хувьд XIII хорооллын байрандаа амьдарч байгаа. Алхдаг хэвээрээ. Хань, ижил үр хүүхэд минь хэвээрээ. Шалан дээр байгаа хүнийг түлэхчихээр шалан дээрээ л унана шүү дээ.
-Танд АН, МАН-аас манайд орооч гэсэн санал ирж байна уу?
-Манай зарим найзууд тэгдэг юм. Үгүй ээ чи мөн тэнэг хүн ээ. АН-аас чамд маш том санал тавьж байхад чи орчихгүй. МАН-аас их боломжийн том санал тавьж байхад чи орчихгүй яав гэсэн найз нөхөдийн чин сэтгэлийн үг байна л даа. Би тэгж бүлэглэлд ороогүй өөрийн байр суурин дээрээ хатуу байгаа учраас надад түмэнтэйгээ уулзах нүүр байна. Тэмцээд ялагдаж болно. Тэмцэхгүй байвал аль хэзээний ялагдсан байдаг. Өнөөдөр хүмүүс номхон ихэдвэл нохой шиг дээрэлхүүлнэ гэдгийг мэддэг байх л чухал байна.
-Та эдийн засагч хүн. Манай өнөөгийн эдийн засгийн орчныг юу гэж харж байна. Төрөөс эдийн засгаа сэргээх тал дээр ямар ажил хийгээч гэж зөвлөх вэ?
-МАН-ын Засгийн газар 60 тэрбумын бялуугаа энэ найман сарын турш амжилттай сайн хуваалаа. Тийм л ажил хийлээ. Яг одоо гялтайлгаад хэлчих юм гэвэл малчдын тэтгэврийн насыг багасгасан гэж байна. Үгүй мөн сайхан юм хийжээ. Тэтгэврийн сан өнөөдөр хоосон. Данс нь улайссан байгаа. Тэтгэврийн даацаа яаж хаанаас нөхөх гээд байгаа юм бэ. Хаанаас мөнгө олох гээд байгаа юм. Энэ нь нөгөө популист амлалт. Тооцоо үндэслэлгүй ажиллаж байна. Өнөөдөр шөнийн тогийг тэглэх ёстой гэдгийг би олон жил ярьж байсан. Үүний орнийг нөхөж байгаа мөнгө нь хаана байна вэ гэдгийг асуумаар байна. Монгол Улс түүхэндээ анх удаа 3 их наяд төгрөгөөр төсөв тасарлаа. Энэ юу гэсэн үг вэ. Ирээдүйгээсээ хулгай хийж амьдрахаас өөр аргагүй байдалд орлоо гэсэн үг. Тэгэхээр монголд төгрөг, валют, орлого юу юунаас илүү хэрэгтэй байна. Монголын улс төр эдийн засгийн нэг номерын зорилт,б эрхшээл юу вэ гэвэл, валют оруулж ирэх явдал. Монголд валют оруулж ирэх хамгийн том боломж юу вэ гээд бүх хувилбаруудыг жагсаа. Хамгийн нэг номерт Оюутолгойгоос монголд жил болгон 2 тэрбум ам.долларын валют ордог. Үүнийг нь монголд үнэртүүлэх ч үгүй хэдэн хүмүүс түүнийг авдаг. Өнөөдөр ч энэ орлого хэвээрээ байгаа. 2 тэрбум долларыг үнэртэх ч үгүй алдаж байхаар ядаж амтлаад алдаж баймаар байна. Оюутолгойн гэрээн дээр өөрчлөлт оруулах хэлэлцээрт суугаач ээ. Энэ бол нэг номерын эдийн засаг улс төрийн асуудал. Хоёрдугаарт, Тавантолгой, гуравдугаарт, Эрдэнэтийг ярина.
-“Толгойнуудаа” ашиглъя л гээд байгаа болохоос хэрхэн яаж энэ баялгуудаас мөнгө оруулж ирэхийг ярихгүй байна?
-Би шууд хэлье. Би МҮЭ-ийн дарга байхдаа бичиж байсан гэхээр 2010 оны үед Тавантолгойг шууд заръя гэж бичиж байсан. Тавантолгой 7.4 тэрбум тоннын нөөцтэй. Түүний 20-иос илүү хувь нь кокосжих үнэтэй нүүрс. 100-150 ам.доллараар зарагдана. Энэ болгоныг 7.4 тэрбум тонны нөөцийг ухахаас нь өмнө газар доор нь байхад нь худалдчих. Жирийн нэг хөдөөгийн залуу энэ доор 200 кг алтны нөөц байна. Чи 50 кг алтны мөнгө өгөөд үүнийг аваа гэж наймаа хийдэг. Үүнтэй утга нэгээр 7.4 тэрбум тоннын нөөцийг нэг тонныг нь 25 мянган төгрөгөөр буюу 10 ам.доллараар зарчихъя. 74 тэрбум ам.доллар болно. Монгол орныг үйлдвэртэй болгоё. Нефтийн, зэс хайлуулах, цемент, бордооны гээд үйлдвэртэй болгоё гэвэл үндсэндээ 4-5 тэрбум ам.доллар л хэрэгтэй. Монголын бүх сургууль, цэцэрлэг, эмнэлгийг шинэчлээд, шаардлагатай гэвэл шинээр баръя гэвэл хоёр тэрбум ам.доллар л хэрэгтэй. 74 тэрбум доллараас өнөөдрийн бидний боловсрол, эрүүл мэнд, ажлын байраа бий болгочихоод үлдсэн 64 тэрбум доллараар нь дэлхийн хөрөнгө оруулалтын санд баталгаатай найдвартай хадгалчихъя. Үндсэндээ бид Норвеги шиг Монголын сан гээчийг байгуулъя. Дэлхийгээс мөнгө ломбардлаж амьдардаж ард түмэн болоё. Тэгэх юм бол боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, үйлдвэр босно. Энэ миний санаа. Ямар ч хүн ойлгох энэ яриаг би долоон жил ярьчихсан байна. Энэ санаа чинь ийм “тэнэг” байна гэж хэлэхгүй мөртлөө хувь хүн рүү нь дайраад байх юм. Тэгэхээр би энэ санаа дээрээ бол ялчихсан байна гэсэн үг.
-Зарлаа гэж бодвол авах нь урд хөрш л байх болов уу. Газар нутаг, баялгаа хятадад зарлаа гээд л бөөн асуудал яригдана. Иргэдийн эсэргүүцэлтэй тулна шүү дээ?
-Зарахгүйгээр зүгээр өгөх нь дээр юм уу. Ядаж энэ хувилбарыг ярь л даа. Оюутолгойн тухайд бол бид баялгаа өгөөд байхад л өртэй үлдээд байна шүү дээ, бид. Үүнээс арай л дээр шиг санаад байгаа юм.
-Зээлийн шугамаар төр ажиллах нь хэр оновчтой арга юм бол?
-Одоо манай ОУВС-аас хүсээд байгаа зээл нь хөрөнгө оруулалтын зээл биш. Түр мэдээ алдуулах л мөнгө яригдаад байгаа юм. Энэ бол эмчилгээ биш. Өвчнийг нь түр намдааж байгаа л хэрэг. Манай энэ зээлүүд бол морофин шиг л түр өвчнийг намжаах л зээл яригдаад байгаа юм. Уг нь бид уул уурхайгаа ашигтай байхаар л ухмаар байгаа юм. Улс орон, газар нутгаа дэнчинд тавиад зээл хүсэхийн оронд ард түмэндээ зовлонгоо хэлээд монголын ухаж чадахгүй байгаа Ноён уулаас бусдыг нь ух. Бид яаж ч яадарсан бай өвгөдийнхөө шарилыг ухаад алтан аягыг нь авъя гэхгүй. Энэ газар бол алттай биш, өвгөдийн минь бунхантай газар. Тэгэхээр алтаа ух. Тавантолгойг шууд зар. Нүүрсээ тэр чигт нь гарга. Рояалтигаа нэм. Ингэж байж бид зээл авснаас дээр амьдарна.
М.МӨНХТУНГАЛАГ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.