Ирэх сарын 1-нээс эхлэн айл, өрхүүд хагас коксон нүүрс түлж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан НЗД-ын орлогч А.Амартүвшин өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хагас коксон шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлэхээсээ өмнө бид ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон Хятад, Орос, Солонгос зэрэг улсын лабораторид туршилт хийлгэсэн. Лабораториудаас ирсэн хариуг товч танилцуулъя. Хагас коксон түлшний хүхэрлэг хийн хэмжээ сайжруулсан түлшнийхээс 89.2 хувиар бага байна. Мөн азотын исэл 72.6 хувиар, угаарын хий 24.5 хувиар, нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 80 хүртэл хувиар бага байгаа юм. Хагас коксон түлш түлснээр агаарын бохирдол 45-50 хувь хүртэл буурна. Хагас коксон түлш нь сайжруулсан түлшнээс илүү удаан хугацаанд илчээ барьдаг. 2024-2025 оны өвөл 87 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн. Энэ нь 300 мянган тонн хагас коксон түлш хэрэглэсэнтэй тэнцэхүйц агаарын бохирдол үүсгэж байсан. Иргэдийн хувьд, галлагаандаа сайн анхаарах хэрэгтэй” гэдгийг анхааруулав.
Өчигдөр буюу энэ сарын 23-нд 31 өрхийн 80 гаруй иргэн угаарын хордлогод өртсөн мэдээтэй байв. Харин эдгээр иргэдээс нэг иргэн нас барсан. Энэ талаар тэрбээр дараах тайлбарыг өгсөн юм.
Тодруулбал “Тухайн нас барсан иргэн галаа бүрэн унтарч дуусаагүй байхад яндангаа аваад өрхөө бүтээсэн байсан. Бусад угаартсан иргэдийн хувьд угаар мэдрэгч нь дуугарсан ч тоогоогүй зарим иргэд дуугараад байна гээд аваад эвдэлчихсэн нөхцөл байдалтай байсан” хэмээв.
Мөн тэрбээр “Энэ жилийн хувьд 110 мянга гаруй өрхийг ухаалаг мэдрэгчтэй холбосон. Үргэлжлүүлээд 30 мянган өрхийг ухаалаг мэдрэгчтэй холбож байна. Ингэснээр нүүрс түлж байгаа бүх өрхийг угаарын хий мэдрэгчтэй холбож нэг системээр хянана. Ирэх жил 50 мянган өрхийг хийн түлшид холбоно. Нийслэл нүүрсээс бүрэн татгалзаж байж агаарын бохирдлоос сална. Хагас коксон түлшний үйлдвэр барина. Аравдугаар сарын эхээр тендер зарлана. Шинээр хэрэглэх хагас коксон түлш илчлэгийн хувьд шахмал түлштэй ижилхэн.
Айл өрхүүд сайжруулсан шахмал түлш түлэхдээ ашиглаж байсан зуухаа түлж болно. Гэхдээ битүүмж, бүрэн байдлыг шалгаж, засч янзлах шаардлагатай.
Энержи Ресурс ХХК-иас авч байгаа мидлин үнэтэй орж ирж байгаа. Тиймээс хагас коксон нүүрс шахмал түлшнээс хямд байх боломжгүй. 5000 төгрөгөөр борлуулагдана” гэв.
2025-09-30
2025-09-30
2025-09-30
2025-09-30
2025-09-25
2025-09-24
89008
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.