НИТХ-ын ээлжит бус XX хуралдаан өнөөдрийн хуралдаанаар үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэв.
Төлөөлөгчдийн хувьд үер, усны гамшгийн гамшгаас сэргийлэх төсвийг нэмэх шаардлагатайг санууллаа. Тухайлбал энэ чиглэлд 2024 оны төсөвт 18.5 тэрбум төгрөгийг баталж байсан ч тодотголын төслийг боловсруулахдаа үер, усны гамшгаас сэргийлэх чиглэлд зарцуулах санхүүжилтийг 6 тэрбумаар бууруулсан байгааг хэллээ. Мөн өнгөрсөн зуны үерийн улмаас хохирсон айл өрх, ААН-үүдийн асуудлыг ч хөндөв.
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээгээр 1996 оны үертэй дүйцэх хэмжээний үер тохиолдоход Туул гол орчмын 3,200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж усанд автах магадлалтай аж. Мөн 34,900 га талбай нэг метрээс дээш гүнтэй усанд автах эрсдэлтэй байна.
Нийслэлийн хэмжээнд 163.6 км үерийн хамгаалалтын далан байдаг. Гэхдээ үерээс хамгаалах далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг, замын боло хөрсний ус зайлуулах шугамуудын 67 хувь нь насжилт хэтэрчээ. Иймээс үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө 2040”-ийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлж, 408 км үерийн хамгаалалтын барилга байгууламж, 88.4 км урт ул хөрсний түвшин бууруулах байгууламж, 290 км зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ барихаар төлөвлөжээ.
Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын 12 км барилга байгууламжийг шинээр барих юм.
Өнөөдрийн байдлаар зургаан байршилд борооны усны шугам, үерийн далангийн засварыг хийсэн. Нийслэл хотыг үер, усны гамшгаас эрсдэлгүй байлгах барилга байгууламжийг бүрэн бий болгоход нийт 4.9 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.