20 жилийн түүхтэй “Хасын Хүлэгүүд” дээд лигт найм дахиа түрүүллээ

2024-03-18 Амрах агшин

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лиг албан ёсоор өндөрлөлөө.

Финалын цувралд “Хасын Хүлэгүүд” өнгөрсөн жилийн дэд аварга “Бишрэлт металл”-ыг 4:1-ээр илүүрхэв. Тэд цувралын тав дахь тоглолтод 81:67-гоор өрсөлдөгчөө буулган авснаар лигт найм дахь удаагаа түрүүллээ. Харин “Металл”-ууд хоёр жил дараалан мөнгөн медалиар энгэрээ мялааж байна. Улирлыг тааруу эхлүүлсэн “Хүлэгүүд” плей-оффт онцгой байж эхний өрсөлдөгч болох “Гарьдууд”-ыг 4:3, дараа нь “Уурхайчид”-ыг 4:1, финалд “Металл”-ыг 4:1-ээр буулган авлаа.

Энэ онд 20 жилийнхээ ойг тэмдэглэж буй багийнхан гурван давхар амжилт үзүүлснийг онцлох нь зүйн хэрэг. Тодруулбал, Хөгжлийн лиг, эмэгтэйчүүдийн лиг, Үндэсний дээд лигт “Хасын Хүлэгүүд” түрүүлж багийнхаа ойд томоохон бэлэг барив. Тоглолтын дараа багийн тоглогч Д.Мөнхтүвшин “Өнөөдрийг хүртэл маш их хичээсэн. “Хүлэгүүд” багийнхан намайг урьж авчраад багтаа тоглуулсанд баярлалаа. Мэдэхгүй ээ, би үгээр хэлж чадахгүй их баяртай байна” гэлээ.

Харин Б.Билгүүн “Аварга болсондоо баяртай байна. Аварга авахын тулд маш олон зүйлийг золиослосон. Маш олон хүний хүч хөдөлмөр энд байсан. Энд хуран цугларсан бүх сагсан бөмбөг сонирхогчид, үнэнч фанатууддаа баярлалаа. Гэр бүл, “Хүлэгүүд” багийн ард байдаг бүх хүнд баярлалаа” гэв.

Лигийн аварга баг хагас тэрбум төгрөгийн шагнал хүртсэн бол мөнгөн медалийн эзэн 250 сая төгрөг гардлаа.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.