Хүнсний аюулгүй байдал нь хэрэглэгчдийг хоол хүнсээр дамжих өвчний эрсдэлээс хамгаалахад тусалдаг тул туйлын чухал юм. Энэ нь хэрэглэгчдийг харшил, тэр байтугай үхэл гэх мэт эрүүл мэндтэй холбоотой эрсдлээс хамгаалдаг. Гэвч монголчууд бид хүнсний хэрэглээнийхээ 80 хувийг гаднаас авдаг. Тиймээс л хүнсний аюулгүй байдал үндэсний хэмжээний асуудал болоод байгаа юм.
Тийм ч учраас Ерөнхийлөгчийн зүгээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэн харилцан эргэх холбоотой ажиллаж байна.
Тэгвэл хүнсний аюулгүй байдал яагаад чухал вэ?
Мэдээж хүнсний аюулгүй байдлын гол “амин сүнс” нь фермээс хэрэглэгчийн ширээ хүртэл хүнсний сүлжээний бүх үе шатанд (ургах, хураах, савлах, боловсруулах, хадгалах, түгээх, борлуулах, бэлтгэх, хэрэглэх) гэх мэт бүхий л аюулгүй байдлыг хангахад чиглэгддэг. Нэг үгээр хэлбэл, хүнсний аюулгүй байдалгүйгээр хоол тэжээл, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах боломжгүй юм.
Өнөөдөр дэлхий дээр хүнсний аюулгүй байдал ямар хэмжээнд байгааг НҮБ-ын судалгаанаас харахад, 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байгааг судалгаагаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, өлсгөлөнд нэрвэгдэж буй хүн амын тоо цар тахлын дараа 150 саяар нэмэгдэж, 820 сая болж өссөн. Цаашид өлсгөлөнд нэрвэгдсэн хүн амын тоо буурах төлөвгүй байгааг онцолжээ. Үүний зэрэгцээ үр тарианы үйлдвэрлэл буурсан нь сүүлийн 10 жилд байгаагүй үзэгдэл болж, улс орнууд экспортоо хязгаарлахад хүрсэн байна.
Түүнчлэн хүнсний дутагдлаас хамаарч өлсгөлөнд нэрвэгдэх, ажлын бүтээмж буурах, амьдралын чанарт нөлөөлөх, ядуурал улам бүр нэмэгдэх хандлагатай байгааг олон улсын судалгаа харуулж буй юм. Тиймээс манай улс үйлдвэрлэгч орон болохын чухлыг мэдрүүлж байгааг мэргэжилтнүүд дуу нэгтэй хэлж байна.
Нөгөөтэйгүүр, хүнсний аюулгүй байдал нь санхүүгийн болон ёс зүйн хувьд маш чухал. Хүнсний аюулгүй байдлын стандартыг мөрдөөгүйгээс гарах үр дагавар нь маш олон янз байдаг. Бүтээгдэхүүнээ эргүүлэн татах, үйл явцаа шинэчлэх, олон нийттэй харилцах хямралыг зохицуулах шаардлагатай байгаа компаниудад асар их зардал гарахаас гадна хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал хангалтгүй байгаа нь хүний ихээхэн зардлыг авчирдаг. Тиймээс л хүнсний аюулгүй байдал тухайн улс орны нэн тэргүүний буюу үндэсний аюулгүй байдлын асуудал юм.
11 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.