Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
Төслийн барилга угсралтын явцыг энэ онд 85 хувьд, тоног төхөөрөмжийн татан авалтыг 60 хувьд хүргэх зорилттой байгаа. Мөн барилгын бүтээцийн ажил дууссан байгууламжуудад битүүмжлийн гидравлик туршилтыг хийж эхэлснийг БХБЯ мэдээлэв.
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250 мянган м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд цэвэршүүлэх хүчин чадалтай байх юм. Тус байгууламжийг СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд 17.6 га талбайд барьж байгаа.
Тус байгууламжийг БНХАУ-ын 262.7 сая ам.долларын хөнгөлөлтэй зээлээр, ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажлыг олон улсын “ЕРС” гэрээний зарчимд үндэслэн байгуулж байгаа билээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-ийн консорциум, ажлын нарийвчилсан зураг төслийг БНХАУ-ын Шанхай хотын “Инженерийн зураг төслийн институт” ХХК /Shanghai municipal engineering design institute Co,LTD/ гүйцэтгэж, Монгол Улсын болон олон улсын стандартад нийцүүлэн зургийг хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” ХХК, “Криетив монголиа” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байна.
Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хүрээнд 35 барилга байгууламжийг барьж, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц, барилга угсралтын ажилд ерөнхий гүйцэтгэгч талаас 520, Монгол талаас туслан гүйцэтгэгч компанийн 310 инженер техникийн ажилчин ажиллаж байгаа аж.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.