Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулга уулзалт энэ сарын 15-16-нд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн чуулга уулзалтаар Монгол, Хятадын компаниуд хамтран ажиллах 20 гаруй гэрээ, санамж бичгийг байгуулсан нь нийт дүнгээрээ 100 сая ам.доллартай тэнцэж буй аж. Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн хувьд хоёр компани хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь эрчим хүч, хүнсний салбартай холбогдож байна. Мөн 14 компани санамж бичиг, орон нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын түвшинд 3 гэрээ зурагджээ.
МХАҮТ-аас санаачлан хөрш гурван орны энэхүү дээд хэмжээний уулзалтыг 2004 онд анх зохион байгуулж байсан түүхтэй. Эдүгээ энэ уулзалт гурван улсын бизнесийн төлөөллүүдийн бүс нутгийн бизнес хөрөнгө оруулалт, тулгамдаж буй асуудлаар санал солилцон шийдлээ олдог бизнесийн хамтын ажиллагааны талбар болсон юм.
Энэ удаагийн чуулга уулзалтад ОХУ-ын 14 бүс, тус орны танхимын 60 төлөөлөгч оролцсон байна. Харин БНХАУ-ын 10 бүс, танхимын 50 төлөөлөгч хүрэлцэн иржээ. Ийнхүү гурван улсын 300 гаруй төлөөлөгч оролцсон өргөн хэмжээний уулзалт боллоо. Төлөөлөгчид бүс нутгийн онцлог, нөөц боломжуудаас танилцуулан, гурван улсын хил худалдаа, хамтын ажиллагааны хэрэгцээ, боломжуудын талаар хэлэлцжээ. Мөн гурван улсын танхимуудын сайн туршлага, оролцооны талаар санал солилцож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нэгдсэн ойлголтод хүрчээ.
Уулзалтын хүрээнд “Гурван улсын хил орчмын худалдаа болон бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийн механизм”, “Танхимууд орон нутгийн Засгийн газартай хамтын ажиллагааны дэвшилтэт шинэлэг саналаар туршлага солилцох нь” зэрэг бизнес хэлэлцүүлэг болсон байна.
Хэвлэлийн хурлын үеэр тус МХАҮТ-ын дарга Б.Лхагважав “Уул уурхай, хүнд үйлдвэрлэл, эрчим хүч, газрын тосны импорт, барилга, тээвэр, мэдээллийн технологи, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон бизнес зэрэг асуудлаар салбар хуралдаанууд хийж, тодорхой саналууд яригдсан” хэмээн тодруулав. Тухайлбал, ОХУ-ын Томск хот хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, цахилгаан станц бусад дэд бүтэц, үйлдвэрийн төсөлд хамтран ажиллахаар болжээ. Мөн Краснояск хязгаар хөрөнгө оруулалтын таатай нөхцөлд газар тариалан, үйлдвэрийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломжтойг илэрхийлсэн байна. Түүнчлэн гурван улсын хамтын ажиллагааг 2020 онд өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг дурьдлаа.
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэнь Жоу “Энэ удаагийн уулзалтыг МХАҮТ амжилттай зохион байгуулсанд талархаж байна. Дараагийн хуралдаан манай улсад болно. Энэхүү уулзалтаар манай улс таван бүс нутаг, зургаан салбар хороодтой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагаа нь эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хятад, Монголын гадаад худалдаа 2017 оны эхний улиралд 1.3 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар өссөн үзүүлэлтийг илэрхийлж байгаа. Чуулга уулзалтын үеэр бизнес эрхлэгчид хамтран ажиллахаар болж гэрээ байгуулсан нь бие биендээ итгэж байгаагийн илрэл, цаашид хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. ” хэмээн тодотгов.
Түүнчлэн ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүнсүнт хошуу нь аж үйлдвэрийн парк, ХАА-н чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлжээ. Харин Эрээн хот нь бүс нутгийн бүтээн байгуулалт, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тууштай ажиллаж, байгааг онцолсон байна. Тиймээс манай улсаас жигнэсэн мах, мод, модон бүтээгдэхүүн импортлохоо илэрхийлсэн аж.
ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Н.Катырин “Ямар ч зам эхний алхмаас эхэлдэг. Энэ удаагийн уулзалтын үр дүнд таатай байна. Манай улсаас 65 төлөөлөгч хуралдаанд оролцлоо. ОХУ-ын бизнес эрхлэгчдийн хувьд Монгол Улстай хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтран ажиллах ирээдүй байна гэж харж байгаа. Мөн Орос, Монголын барааг нэвтрүүлэх ложистик, бусад зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргах бололцоотой гэж үзлээ. Олон улсын валютын сангийн тооцоолсноор Оросын эдийн засаг энэ онд 1.4, 2018 онд 1.8 хувийн өсөлттэй гарна гэсэн дүн шинжилгээ хийсэн. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 2017 онд 6, 2018 онд 8 хувь хүрнэ гэж тооцоолсон. Тийм учраас бизнесийнхэн эдийн засгийн энэ өсөлтийг ашиглах сонирхол бий” гэдгийг тодрууллаа.
Энэ удаагийн хуралдаанаар гурван улсын худалдааны эргэлтийг сайжруулахад чухал байр суурь эзэлдэг банкны үйл ажиллагаа болон интернэт худалдааны талаар илтгэл сонссон байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат илгээлт явуулж “Хөгжлийн зам”, “Евразийн эдийн засгийн холбооны үйл явц”, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачлагыг уялдуулсан эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг ажил хэрэг болгоход идэвх санаачлагатай ажиллахаа илэрхийлжээ.
О.СЭЛЭНГЭ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.